Д.Нарангэрэл: Шведэд амьдардаг нэг монгол иргэн халдвар авчээ

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.

Энэ үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Дэлхийн 216 орон, нутаг дэвсгэрт нийт 4.5 сая халдварын тохиолдол илэрч, 302 мянган хүн нас барж, 1.7 сая хүн эдгэрсэн байна.

Дэлхийд нийт 2,4 сая хүн эмчлүүлж байгаа юм. Сүүлийн 24 цагт дэлхийд энэ өвчнөөр 94 мянган хүн халдвар авч, 5000 гаруй хүн нас барлаа.  

Өчигдөр мөн 14 чиглэлийн галт тэргэнд 3520 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Одоогоор Монгол Улсын хэмжээнд 1619 хүн ажиглалтад байгаа ба шинээр 400 хүн нэмэгдсэн.

Зөвлөгөө, мэдээллийн 119 утсанд нийт 296 дуудлага ирсэн байна. Өчигдөр гадаадын хоёр орноос найман монгол иргэн холбогдож, зөвлөгөө авсан ба Шведэд амьдардаг нэг монгол иргэн халдвар авснаа мэдээлсэн юм.

Иймд гадаадад амьдарч байгаа Монгол Улсын 32 иргэн халдвар авч, тэдний 13 нь эдгэсэн" гэж хэлэв.