Д.Нарангэрэл: Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа дөрвөн хүний биеийн байдал хүнд байна

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.

Энэ үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Коронавируст халдвараар 10,777,000 хүн өвчилж, 517,000 хүн энэ өвчний улмаас эндлээ. Сүүлийн 24 цагт 180,000 хүн шинээр халдвар авсан бөгөөд өмнөх өдрөөс 21,000 мянгаар нэмэгдсэн тоо юм.

АНУ, Энэтхэг, Бразилд өвчлөл хамгийн олноор нэмэгдсэн. Ялангуяа АНУ-д сүүлийн нэг сарын турш тасралтгүй өвчлөл нэмэгдэж, цэргүүдийн дунд халдвар нэмэгдсээр байна. Тиймээс амны хаалт зүүхийг шаардаж эхэлжээ. Мөн Apple компани 46 салбар дэлгүүрээ түр хаахаар болжээ.

Англи улсын Лестер хотод сургуулийн хүүхдүүдийн дунд халдвар нэмэгдэх болсон учраас хатуу хөл хорионы дэглэм тогтоосон байна. Ингэснээр хатуу хөл хорионы дэглэм тогтоосон тус улсын анхны хот боллоо.

ОХУ-д сүүлийн 24 цагт 6,556 хүн шинээо өвчилж, 216 хүн нас барсан. Буриад, Тува, Читад халдвар нэмэгдсээр байна.

Манай улсын хувьд өчигдөр 34 хүн шинээр ажиглалтад орсон бол 166 хүн ажиглалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжлээ. Одоогоор 2,231 хүн ажиглалтад байгаа. Үүргийн онгоцоор ирсэн 78 хүн Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 4 хүний биеийн байдал хүнд байна.

Сүүлийн 24 цагт 19 дугаарт 163 дуудлага ирсэн бол шуурхай аппликэйшнээр Турк, Швед, Солонгос улсаас манай улсын 3 иргэн холбогдож, зөвлөгөө мэдээлэл авсан" гэв