Д.Нарангэрэл: Манай олон аймагтай хил залгаа бүс нутгуудад өвчлөл нэмэгдсэн

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.

Энэ үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Дэлхийн дахинаа 10,400,000 хүн өвчилж, 507,000 хүн нас бараад байна.

Сүүлийн 24 цагт 200,000 гаруй хүн шинээр өвчиллөө. АНУ, Бразид, Энэтхэгт халдварын тохиодол хамгийн олон бүртгэгдсэн.

Халдварт өвчний математик тооцооллын төвийн судлаачид дэлхийн нийт хүн амын 5 хувь нь коронавируст халдвараар өвчлөх магадлалтай гэсэн тооцоолол хийсэн байна.

Коронавирусийн цар тахал бол гамшиг юм. Амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, гараа сайтар угаах нь гамшгаас сэргийлэх жор юм гэж ДЭМБ-аас анхаарууллаа

ОХУ-д өчигдөр 6,719 хүн шинээр өвчилж, 59 хүн нас барсан байна. Манай олон аймагтай хил залгаа бүс нутгуудад өвчлөл нэмэгдсэн. Тувад нийт өвчлөлийн тоо 4,361 болсон байна.

Манай улсын хувьд 24 цагийн хугацаанд 119 дугаарт 159 дуудлага ирсэн бол гадаад улсуудаас 5 иргэн холбогдож, зөвлөгөө мэдээлэл авсан" гэдгийг хэллээ.