Д.Мэндсайхан: Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт хөөмийг оруулна

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар “Соёлын биет бус өвийг өвлүүлэн уламжлуулах шавь сургалт” төсөл хэрэгжүүлж буй. Энэ талаар тус газрын мэргэжилтэн, соёл судлаач, доктор Д.Мэндсайханаас тодрууллаа.

-Шавь сургалтын гол онцлог юу вэ?

-СУИС-ийн Соёлын сургуультай хамтран Соёл, урлагийг дэмжих сангийн санхүүжилтээр “Соёлын биет бус өвийг өвлүүлэн уламжлуулах шавь сургалт” төсөл хэрэгжүүлж байна. 

Үүний хүрээнд ерөөл, магтаал, тууль, бий биелгээ, хөөмий, морин хуур, боржигон уртын дуу, хулсан хуур зэргийг соёлын биет бус өвийг өндөр түвшинд өвлөн уламжилсан билиг авьяастнууд заах юм. Хөөмийн анхан шатны шавь сургалт өнгөрсөн долоо хоногт өндөрлөлөө. 

Ихэвчлэн дунд болон ахлах ангийн сурагчид хамрагдсан. Хөөмийг өндөр түвшинд өвлөн уламжлагч, туршлагатай багш Э.Сандагжав хүүхдүүдэд хархираа хөөмий, шахаа хөөмий, исгэрээ буюу шингэн хөөмийлдэх талаар заасан.

-Төслийн зорилгыг танилцуулахгүй юу?

-Хойч үедээ язгуур урлагаа өвлүүлэн үлдээхээр уг төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Соёлын биет бус өвийг ихэвчлэн шавь, гэрийн сургалтаар өвлүүлдэг. Цаашид язгуур соёлыг уламжлуулах заах арга зүй, сургалтын хөтөлбөртэй болтол нь хөгжүүлэхийг зорьж байна. 

Ингэснээр бид хүүхдүүддээ соёлын биет бус өвийг системтэйгээр эзэмшүүлж чадах юм. Мөн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт хөөмийг оруулах төлөвлөгөөтэй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)