Д.ЗАГДРАДНАА: Улаанбаатар, Дархан-Уул чиглэлийн замын ажил 25 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар, Дархан-Уул чиглэлийн 216 км авто замын хоёр эгнээг шинэчлэх ажлыг Азийн хөгжлийн банкны 89 сая ам.долларын санхүүжилтээр өнгөрсөн оны зургадугаар сард эхлүүлсэн. Уг ажлыг ирэх зургадугаар сарын 20-нд дуусгах төлөвлөгөөтэй. Замыг таван багц болгон хувааж, БНХАУ-ын дөрвөн компани төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан ч хилийн зорчих хөдөлгөөнийг хааснаас шалтгаалж урд хөршөөс ажиллах хүч орж ирэх боломжгүй болсон. Өдгөө замын ажлыг эхлүүлсэн, үгүйг, хэдий хугацаанд дуусгах, эсэх талаар Зам, тээврийн хөгжлийн яамны (ЗТХЯ) Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Д.Загдраднаатай ярилцлаа.

-Улаанбаатар, Дархан-Уул чиглэлийн авто замын төслийн гүйцэтгэгч компанийнхан, ажиллах хүчийг БНХАУ-аас оруулж ирэх хүсэлтийг Засгийн газарт өнгөрсөн сард гаргасан ч зөвшөөрөөгүй. Ажиллах хүч оруулж ирэхгүйгээр авто замын ажлыг үргэлжлүүлэх боломжтой юу?

-ЗТХЯ-наас ажиллах хүч оруулж ирэх асуудлыг Засгийн газарт он гарснаас хойш удаа дараа танилцуулсан. Учир нь авто замын ажлыг гуравдугаар сарын 1-нд эхлүүлэхээр төлөвлөж байсан. Ингэхийн тулд ажиллах хүч, тоног төхөөрөмж, гүйцэтгэгч байгууллагын удирдлага, нарийн мэргэжлийн ажилтан, санхүүгийн албаныхан ирэх шаардлагатай. Манайх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ХНХЯ), Улсын онцгой комисст (УОК)ажиллах хүч оруулж ирэх асуудлаар хоёр удаа санал тавихад дэмжсэн. Ингээд ХНХЯ-наас Улаанбаатар, Дархан-Уулын замд ажиллах 1298 хүний квот гаргасан ч “Ковид-19” тархсан учир эхний ээлжид удирдах болон нарийн мэргэжлийн 105 ажилтан оруулж ирэх саналыг Засгийн газарт танилцуулсан юм. Гэвч цар тахлын голомтот бүсээс хүмүүс оруулж ирэхийг иргэд шүүмжилж, үүнийг хойшлуулахаар шийдвэрлэсэн. Ганц Дархан-Уулын зам гэлтгүй, яамнаас хэрэгжүүлж буй найман төсөл хүлээгдэж байна. Тухайлбал, Налайх-Гацуурт чиглэлийн 20.9, Улиастай-Тосонцэнгэл чиглэлийн 67 км, Замын цагдаагийн гүүрний ажил гэх мэт. Эдгээр төслийн хүрээнд 2700 орчим ажиллах хүч гадаадаас оруулж ирэх шаардлагатай. Тиймээс энэ талаар УОК-т дахин танилцуулж, дэмжүүлсэн. Одоо Засгийн газрын шийдвэрийг хүлээж байна. Талбайд үндсэн гүйцэтгэгч ирээгүй бол замын ажил далайцтай урагшлах боломжгүй.

-Туслан гүйцэтгэгч компаниуд ажлаа эхлүүлсэн гэж дуулсан. Тэд ямар ажил хийж байна вэ?

-Бид төслийн гүйцэтгэгч дөрвөн компанийнхантай холбогдож, нарийвчилсан төлөвлөгөө гаргаж байна. Тэдэнд дотоодын, туслан гүйцэтгэгч компаниудтайгаа зөвшилцөөд ажлаа эхлүүлэх санал тавьсан. Уг нь ирэх зургадугаар сарын 20-нд замын ажлыг дуусгахаар төлөвлөсөн ч ажиллах хүчний асуудлаас болж, хойшлох боллоо. Замын ажлыг эхлүүлэхийн өмнө түр зам тавих ёстой. Өдгөө таван багцын гуравт нь зарим туслан гүйцэтгэгч компани түр зам тавьж байна. Тухайлбал, тавдугаар багцыг хариуцагч компани Монголд үйл ажиллагаа явуулж байсан учраас менежерүүд нь зохион байгуулж, ажлаа эхлүүлсэн. Мөн нэгдүгээр багц буюу Улаанбаатараас гарах хэсэг, 22-ын товчооноос 61-ийн уулзвар хүртэлх түр замын ажлыг эхлүүлсэн. Хоёр, гурав, дөрөвдүгээр багцын гүйцэтгэгч компани туслан гүйцэтгэгч нараараа ажлаа эхлүүлээгүй байна. Зарим нь туслан гүйцэтгэгч нартайгаа гэрээ, хэлцэл хийж чадахгүй учир өөрсдөө ирж ажиллана гэсэн. Ажиллах хүчний асуудал шийдэгдтэл тус замд төслийн нэгж, зөвлөх компани боломжтой бүх арга хэмжээ авч ажиллаж байна.

-Улаанбаатар, Дархан-Уулын чиглэлд өнгөрсөн долоо хоногт замын ажил эхлээгүй, ажилчдын байр, үйлдвэрлэлийн баазыг хоёр газарт байрлуулсан харагдсан.

-Талбайд түр зам засах, үйлдвэрлэлийн баазуудаа бэлдэх ажил үргэлжилж байна. Тавдугаар багц (Дархан-Уул аймгийн талаас) зам дээр хиймэл байгууламж барьж байгаа. Нэгдүгээр багцын замын ажлыг эхлүүлэхэд бэлэн болсон. Зөвлөх компанийнхан тус замд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Үндсэн гүйцэтгэгч нар орж ирэхгүйгээр замын ажил явуулах боломжгүй. Учир нь гэрээний дагуу үндсэн гүйцэтгэгч дийлэнх ажлыг хийх ёстой. Тухайлбал, ажиллах хүний тоо, төлөвлөсөн хугацаа, материал, бааз зэргийг нарийвчлан тооцож, гэрээ байгуулсан учир үүргээ хүлээнэ. Өнгөрсөн жил туслан гүйцэтгэгчээр Монголын 21 компанийн 995 хүнийг ажиллуулсан. Тэд голчлон шороо, хиймэл байгууламжийн ажил хийлээ. Тиймээс бид энэ жил хиймэл байгууламж барихад дотоодын туслан гүйцэтгэгч компани авч ажиллуулах санал тавьсан. Үлдсэн ажилд шаардлагатай материал, тоног төхөөрөмжийг тооцож, гүйцэтгэгч нарт хүргүүлсэн. Хэрвээ тэд зөвшөөрвөл хиймэл байгууламж барих ажлыг туслан гүйцэтгэгч нараар гүйцэтгүүлж эхэлнэ.

-Ажиллах хүч оруулж ирэхээр шийдвэрлэвэл замыг хэзээ тавьж дуусгах бол?

-Ажиллах хүч ирчихвэл төлөвлөгөөний хоцрогдлыг арилгаж, аль болох түргэвчилнэ. Гэхдээ зун бороо орох зэргээр ажилд саад болдог. Зам тавихад технологийн горим сайн баримтлах ёстой. Тухайлбал, хучилт, цемент бетоны ажлыг технологийн дагуу сэрүүн нөхцөлд хийдэггүй. Өнгөрсөн жил хоёр, дөрөвдүгээр багцаас бусдынх нь даланг босгосон. Энэ зам нь хоёр үе цемент бетон суурьтай. Тэгэхээр цементийн холимгийн болон чулуу бутлах үйлдвэр барих ёстой. Мөн асфальт, хучилтын ажилд завод шаардлагатай. Одоогоор үйлдвэрлэлийн баазууд тухайлбал, завод, холих төхөөрөмжөө угсарч байна. Энэ жил нарийн технологийн ажлууд зэрэг эхлэх учир нэлээд хугацаа зарцуулна. Технологийн горимоо баримталж, ажлыг зохион байгуулалттай урагшлуулахгүй бол хугацаа их шаардана. Тус замын сүүлийн нарийвчилсан төлөвлөгөөнд тусгаснаар, өнгөрсөн жил найман гүүр барихаас дөрөв, ус зайлуулах 180 хоолой байрлуулахаас 72, дөрвөлжин хоолой 78-ыг босгохоос 51-ийг нь хийгээгүй. Ингээд тооцохоор өнгөрсөн жилийн тухайд Улаанбаатар, Дархан-Уулын замын ажил 25 хувийн гүйцэтгэлтэй байна. Тиймээс энэ жил хийх ажил их. Уг нь тээвэрлэлтийг энэ сарын 6-ны дотор, талбайн цэвэрлэгээг 7-ноос эхлүүлж, асфальтаа хучих байсан ч амжсангүй. Өнгөрсөн жил байгаль, цаг уурын нөхцөлөөс шалтгаалж 28 хоног алдсан.

...Тус замын сүүлийн нарийвчилсан төлөвлөгөөнд тусгаснаар, өнгөрсөн жил найман гүүр барихаас дөрөв, ус зайлуулах 180 хоолой байрлуулахаас 72, дөрвөлжин хоолой 78-ыг босгохоос 51-ийг нь хийгээгүй. Ингээд тооцохоор өнгөрсөн жилийн тухайд Улаанбаатар, Дархан-Уулын замын ажил 25 хувийн гүйцэтгэлтэй байна...

-Замын ажил удаашрах нь тодорхой боллоо. Тэгэхээр ядаж түр замаа сайжруулж, иргэдийг хохиролгүй зорчих боломж бүрдүүлэх үү?

-Улаанбаатар, Дархан-Уулын зам Монгол Улсын хамгийн өндөр эрчимтэй хэсэг. Нэг хоногт 8000 орчим тээврийн хэрэгсэл энэ замаар зорчдог. Замын ажилтай холбоотойгоор энэ тоо буурсан. Иргэд өөр маршрутаар, эсвэл хот хоорондын автобус, галт тэргээр зорчих болсон. Тухайлбал, Булган, Орхон, Хөвсгөлийнхөн Улаанбаатар, Дашинчилэн чиглэлийн замаар дамжин явж буй. Тиймээс бид засвар, хучилтын компаниудтай гэрээ байгуулж, тэр чиглэлийн шороон замуудыг засаж байгаа. Өнгөрсөн жил гүйцэтгэгч нар ирж ажиллаагүй учир Дархан-Уулын түр замыг авто замын засвар, арчлалтын компаниуд хариуцсан. Үүнийг Засгийн газарт танилцуулж, улсын нөөцөөс төсөв гарган гүйцэтгэсэн юм. Хөдөлгөөний эрчимтэй зам учир тоосжилт үүсэж, зорчиход хүндрэлтэй болдог. Тиймээс байнга арчлах шаардлагатай. Уг нь төслийн үндсэн гүйцэтгэгч түр замаа тавьж, хариуцах ёстой. Энэ жил үндсэн гүйцэтгэгчдэд түр замыг хариуцаж, ажиллах хүч хуваарилан, байнга арчлах шаардлага хүргүүлсэн.

-Улаанбаатар, Дархан-Уулын түр замаар зорчиж байхдаа эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон иргэд нөхөн төлбөр гаргуулахаар шүүхэд хандсан гэсэн. Энэ үнэн үү?

-Дархан-Уулын замтай холбоотой өргөдөл, санал хүсэлтийг манайд ирүүлдэг. Такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, Дарханы иргэд, хувиараа бизнес эрхэлдэг хүмүүс хуулийн байгууллагад хандсан юм билээ. Энэ талаарх хууль, эрх зүйн зохицуулалтыг манай яамны хуулийн хэлтсийнхэн судалж буй. Тээврийн цагдаагийн албаныхнаас уг асуудлын хүрээнд 2019 оны зургадугаар сарын 17-ноос арванхоёрдугаар сарын 31-ний хооронд болсон ослын судалгааг хийсэн. Үүнээс үзэхэд тус замд осол, гэмт хэрэг, түүнээс үүдсэн нас баралтын тоо 2018 оны мөн үетэй харьцуулахад 50, гэмтсэн хүний тоо 44.9 хувиар буурсан. Хэрэв холбогдох байгууллагууд судалж, хохиролтой, эсэхийг тогтоовол нөхөн төлбөр гаргуулах тухай төслийн нэгж, зөвлөх компаниудад танилцуулсан.

-Дархан-Уулын түр болон үндсэн замын нөхцөл байдлаас болж иргэд дэргэдүүр нь шороон зам гаргаж явсаар өдгөө зарим хэсгээр өргөөшөө бараг нэг км хэртэй газрын хөрсийг гэмтээсэн байна лээ.

-Манайхан үндсэн, эсвэл түр замаар зорчихгүй, нэмж шороон зам гаргаснаас тийм байдал үүссэн. Суудлын машинууд зорчиход хүндрэлтэй буйг мэдэж байна. Гэхдээ техникийн байдал, замын нөхцөлд тохируулж явах хэрэгтэй. Ойрын хугацаанд ажиллах хүчний асуудал шийдэгдвэл салбарын сайдын тушаал гарч, төв замаа хааж, түр замын маршрутыг тодорхой болгоно. Тээврийн цагдаагийн алба, ЗТХЯ-ны холбогдох ажилтнууд, мэргэжлийн хяналтын байцаагчид өнгөрсөн долоо хоногт тус замын нөхцөл байдалтай танилцсан. Нэг, тавдугаар багцын түр замыг зассан мэдээ ирүүллээ.

-Тус замд шороон, түр, үндсэн гээд эмх замбараагүй олон “сүлжээ” үүссэн. Зарим шороон зам эрэг, нүхэнд ойр байгаа тул иргэд осолдох эрсдэлтэй. Үүнийг хэн хариуцаж, хянах ёстой вэ?

-Олон улсын зөвлөх компани болох Энэтхэгийн “Ай си ти сайн консалтинг”-ийн ажилтнууд талбайд байнга ажиллаж буй. Үндсэн гүйцэтгэгч компани гэрээний дагуу хариуцлага хүлээнэ. Улаанбаатар, Дархан-Уулын замд осол их гардаг 10 “хар цэг” бий. Жишээ нь, 52-ын, Тахилтын даваа гэх мэт. Тус замыг гурваас нэгдүгээр зэрэглэл рүү шилжүүлж буй учир “хар цэг”-үүдтэй холбоотой үзэгдэх орчин хязгаарлагдах, огцом эргэх, чулуу өнхрөх зэрэг үүсэж болох эрсдэлийг тооцоолсны үндсэн дээр замын хэвтээ, босоо төлөвлөлтийг сайжруулна. Тухайлбал, огцом эргэлт таарвал радиусыг нь нэмэх зэргээр төлөвлөлтийн судалгаанд тодорхойлсноор бүгдийг тооцсон.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)