Д.Жигжиднямааг онц их хэмжээний татвараас зайлсхийсэн хэрэгт яллагдагчаар тооцов

Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаад АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн, ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан тус тусдаа хэрэг нээн шалгаж буй талаар бид мэдээлсэн. Түүнийг яллагдагчаар тооцон цагдаагийн байгууллагад шалгасан хэргийн мөрдөн байцаалт дууссаныг прокурорын байгууллагын эх сурвалжууд хэллээ. Д.Жигжиднямааг хувийнхаа компанийн онц их хэмжээний татвараас зайлсхийсэн хэрэгт яллагдагчаар тооцжээ. Тэрбээр олон улсын тээвэр зуучийн “Фрейт коммодити консалтанс” компанийн захирлаар ажилладаг байсан бөгөөд өдгөө 33 хувийг нь эзэмшдэг аж. 

Уг ажлыг хийж байхдаа 2013-2017 онд татварт 350 гаруй сая, НӨАТ-т хоёр тэрбум гаруй, аж ахуйн нэгжийн орлогын албан татварт нэг тэрбум төгрөг улсад төлөөгүй хэмээн татварын байцаагч акт тогтоосон байна. Баянгол дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч 2018 оны зургадугаар сард гаргасан дүгнэлтдээ хууль зөрчиж, 2013-2017 онд онц их хэмжээний татвар төлөөгүй гээд хүү, торгууль, алдангийг нь тооцсон гэнэ. ШШҮХ-гийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн шинжээчид хоёр ч удаа дүгнэлт гаргасан аж. Улмаар хууль сахиулах байгууллагынхан Д.Жигжиднямааг дөрвөн тэрбумын татвараас зайлсхийх зорилгоор 406 сая гаруй төгрөгийн татвар төлөх орлого, эд хөрөнгө, бараа, үйлчилгээг зориуд худал тодорхойлсон хэмээн буруутган шүүхэд шилжүүлэхээр болоод буй гэнэ.

Харин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж буй Д.Жигжиднямаад холбогдох, оффшор бүсэд бүртгэлтэй компаниар дамжуулан УБТЗ-д ОХУ-д үйлдвэрлэсэн зам засварын машин өндөр үнээр худалдан авсан, хууль зөрчин 1000 ширхэг актлагдсан ачааны вагон оруулж ирсэн гэх хэргийн шалгалт хараахан дуусаагүй байна.

Бэлтгэсэн: Г.Равжаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)