Д.Дорлигжав нарт холбогдох хэргийг хаах санал дахиад хүргүүлжээ

Улсын ерөнхий прокуророор ажиллаж байхдаа дүү Д.Баатарынхаа компаниар дамжуулж, “Алтан дорнод Монгол” компанийн дэд захирал Ч.Бямбаагаар зуучлуулан дөрвөн сая ам.долларын хахууль авсан дуулианд холбогдсон Д.Дорлигжав нарын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс НПГ-т хүргүүлснийг эх сурвалжууд мэдээлэв. Уг нь өнгөрсөн өвөл гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох санал гаргаж прокурорын байгууллагад хүргүүлж байсан билээ. Гэвч прокурорууд нэмж тодруулах зүйлийг шалгуулахаар АТГ-т буцаасан юм. Энэ удаа мөн л гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзсэн сурагтай.

Дархан-Уул аймагт бие даан нэр дэвшсэн, “Алтан дорнод Монгол” ХХК-ийн ерөнхий захирал Т.Ганболд 2018 оны арванхоёрдугаар сард “25 дугаар суваг” телевизэд ярилцлага өгөхдөө “Д.Дорлигжав нарт дөрөв байтугай сая ам.долларыг хахуульд өгсөн” хэмээн мэдэгдэж, нотлох баримтаа АТГ-ынханд өгсөнд нь үндэслэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн юм. Төрийн өндөр хэд хэдэн албан тушаал хашиж байсан Д.Дорлигжавыг АТГ-ынхан удаан хугацааны турш шалгаад хэргийг хаахаар хүргүүлснийг НПГ-ын хяналтын прокурор хянаад шийдвэрээ гаргахад нь бид эргэн мэдээлэх болно.

Бэлтгэсэн: Г.Равжаа