Д.ДАШМАА: Цагдаагийнхан иргэн Ц.Пүрэвдоржид эрүү шүүлт тулгасан, эсэхийг шалгана

Хуулийнхан, тэр дундаа цагдаагийнхан гэрчийг хүссэн үедээ дууддаг, олон цагаар хүлээлгэж залхаадаг талаар олон нийт шүүмжилдэг. Уржигдар гэхэд иргэн Ц.Пүрэвдорж цагдаагийнхан өөрт нь хилс хэрэг тохсон асуудлаар хэвлэлийнхэнд хандсан. Цагдаагийн алба хаагч иргэнээс мэдүүлэг авах асуудлыг хэрхэн хуульчилсныг УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор  Д.Дашмаагаас тодруулсан юм.

-Иргэн Ц.Пүрэвдорж хэвлэлийн хурал хийж Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэр бүхий мөрдөгчид өөрийг нь хууль бусаар дуудаж, эрүү шүүлт тулгасан талаар ярьсан. Энэ асуудалд прокурорын байгууллагаас хяналт тавьж байгаа юу? 

-Иргэн Ц.Пүрэвдоржид эрүү, шүүлт тулгасан гэх асуудлыг шалгахаар болсон.  Тодруулбал, харьяа мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагаар шалгуулахаар шилжүүлсэн. Энэ асуудалд холбогдох, хууль журамд заасны дагуу хяналт тавьж байна.

-Цагдаагийн байгууллага аливаа хэргийн гэрч хохирогч, яллагдагч зэрэг хүмүүсээс мэдүүлэг авахдаа ямар журам баримталдаг вэ. Прокуророос зөвшөөрөл авдаг уу? 

- Гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, шинжээч, яллагдагчийг мэдүүлэг авах, шийдвэр танилцуулах, мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулахаар хэрхэн дуудахыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч эсхүл прокурорын, шүүхийн шатанд шүүхийн мэдэгдэх хуудсаар гэрчийг дуудаж болно.

-Мөрдөгч дуудан ирүүлэх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлэх ажиллагаа хоорондоо ялгаатай юу?

-Прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бол албадлага хэрэглэх, хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог. Өөрөөр хэлбэл тухайн хүнийг албадан ирүүлэх, яллагдагчид бол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэл болно. Харин мөрдөгчийн дуудсанаар хүрэлцэн ирээгүй нь албадлага хэрэглэх, хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй. Тэгэхээр тухайн оролцогчийг зайлшгүй ирүүлэх шаардлагатай бол мөрдөгч прокурорын мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлэх саналаа прокурорт гаргаж шийдвэрлүүлнэ. 2017 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд дээрх зохицуулалт шинээр орсон бөгөөд хүний халдашгүй байх эрхийг хангах баталгаа болсон, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чухал зохицуулалт юм.

-Прокурор мөрдөгчийн саналыг үндэслэлгүй гэж үзвэл хэрхэн шийдвэрлэх вэ?

-Прокурор мөрдөгчийн санал, холбогдох хэргийн материалыг хянаад үндэслэлгүй гэж үзвэл саналыг хүчингүй болгоно. Энэ оны аравдугаар сарын байдлаар прокуророос нийт 14 263 дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас бичсэн байна. Үүнээс 41 хувь буюу 5861 гэрчийг мөрдөгчийн гаргасан саналын дагуу дуудсан. Бусад гэрчийг прокурор дуудсан байна. Дээрх хугацаанд прокуророос мөрдөгчийн саналыг хүлээн аваагүй, хүчингүй болгосон тохиолдол гараагүй. Прокурор зөвхөн мөрдөгч санал гаргахыг хүлээгээд суухгүй, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг шуурхай, бүрэн гүйцэт явуулах үүднээс шаардлагатай оролцогчдыг бас дууддаг.

-Прокуророос мөрдөгчийн саналыг шуурхай шийдвэрлэхгүй, чирэгдүүлсэн тохиолдол байна уу?

-Прокурор мөрдөгчийн саналыг аль болох хурдан шуурхай шийдвэрлэхэд анхаарч ажилладаг. Улсын Ерөнхий прокурорын тушаалаар батлагдсан заавар, журам, чиглэлийн дагуу нийслэлийн хэмжээнд ажлын бус өдрүүдэд ч жижүүрийн прокурор тогтмол ажиллуулж, орон нутагт мөрдөгч санал гаргасан даруй шийдвэрлэж ажиллаж байна. Судалгаанаас үзвэл 5474 саналыг даруй буюу 24 цагт, 387 санал  буюу долоон хувийг 24 цагаас дээш хугацаанд хянаж шийдвэрлэсэн байна.

Бэлтгэсэн: Д.Тэлмэн


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)