Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлсөн 49 дүгээр тогтоолыг хүчингүй болгохоор ҮХЦ-д ханджээ

Иргэн Г.Нацагдорж, Д.Отгонбат нар нь УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлсөн нь хууль зөрчсөн хэмээн үзэж Үндсэн хуулийн цэцэд ханджээ. Тус мэдээлэлдээ "Д.Гантулга гишүүний “чөлөөлөгдөх хүсэлт”-ийг 2018 оны зургадугаар сарын 14-ний өдөр хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай 49 дүгээр тогтоолыг баталсан ба хууль зүйн үндэслэл болгож Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.3 /гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан .../-ыг эш татсан байх бөгөөд уг тогтоолыг дараах үндэслэлээр Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзжээ. 

Нэгдүгээрт, гэмт хэрэгт холбогдсоны улмаас эрх бүхий байгууллагад шалгагдах нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй бөгөөд энэ талаар мөн зүйлийн 6.6.6-д “гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан” хэмээн хуульчилсан байна. Иймд хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй байхад түүнийг чөлөөлсөн нь хууль хэрэглээний алдаа юм. 

Хоёрдугаарт, Монгол Улсын Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх нь төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, Улсын Их Хурлын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно” гэсэн. Уг заалтаас үзвэл гишүүний бүрэн эрх нь хуульд заасан үндэслэл журмын дагуу бус харин Монгол Улсын Үндсэн Хуульд заасны дагуу “дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болох”-оор байна. Түүнээс бусад тохиолдолд бүрэн эрхийг дуусгавар болгох нь Үндсэн хуулийн эрх зүйн зөрчил юм. Түүнчлэн хуульд заасан хоёр нөхцөл бүрдээгүй байхад түүний гаргасан өргөдлийг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэх нь хууль хэрэглээний алдаа юм.

Хуульд нийцээгүй болон Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн зөрчлийг дээр дурьдсан тул Улсын Их Хурлын 49 дүгээр тогтоол нь Үндсэн хуультай нийцэхгүй байна. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Улсын Их Хурал нь хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэгч, төрийн эрх барих дээд байгууллагын хувьд хууль дээдлэх ёс буюу хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах зарчмыг чанд баримтлан, зөвхөн хуулиар тодорхойлсон, хуульд заасан хүрээ хязгаарын дотор, гагцхүү хуульд үндэслэсэн шийдвэр гаргах ёстой.

Гэтэл Улсын Их Хурлаас Үндсэн Хуулийн хууль дээдлэх зарчмыг баримтлахгүйгээр 49 дүгээр тогтоолыг гаргасан нь Үндсэн хуулийг зөрчсөн зөрчил юм. Өөрөөр хэлбэл ард түмний элч, нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримталж ажиллах Улсын Их Хурлын гишүүнийг хуульд заасан үндэслэлээр бус, харин бусдын дарамт шахалтын улмаас ямар ч шалтгаан нөхцөл заахгүйгээр гаргасан хүсэлтийг нь үндэслэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, чөлөөлөхдөө Улсын Их Хурал нь хуулийг дагаагүй байна" хэмээн мэдэгджээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)