Д.ГАНБААТАР: Одоогийн амжилт “гахай” үүрч, вагоноор гэр хийж явсан түүхээс эхтэй

Хөдөлмөрийн баатар, “Макс групп”-ийн ерөнхийлөгч Д.Ганбаатарыг ”Өнөөдөр”-ийн зочноор урьж, ярилцлаа. Хөгжиж буй Монголыг хөл дээр нь босголцсон хүчирхэг бизнес эрхлэгчдийн нэг түүнд тавих асуулт олон байв.

-Танд төрийн эрхэм дээд цол хүртсэнд баяр хүргэе. Утсаар ярьж, эсвэл хүлээж авч баяр хүргэх хүмүүсийн хөлд дарагдаад ядарч байна уу?

-Гайгүй ээ. Нас залуу болохоор дажгүй (инээв).

-Гэнэт дуудагдав уу, эсвэл нэлээд дуншуулж байж олгов уу?

-2015 онд “Монголиан сатадэй” (Mongolian saturday) хурдан хүлэг маань дэлхийн аварга шалгаруулах уралдаанд түрүүлэх тэр үед МҮХАҮТ-аас таван бизнес эрхлэгчийн нэрийг Хөдөлмөрийн баатар цолд нэр дэвшүүлсэн юм билээ. Тухайн үед танхим байгуулагдсаны тэгш ой тохиож байв.

...Би жирийн, бусадтай л адил хүн. Хамт олон дундаа юу ч хийгээд явж байж магадгүй. Морь уяж малын тоосонд дарагдаж явна. Гагцхүү миний, бидний ажлаас үр дүн гарч, тэр нь нийт олонд тустай байгаасай гэж их хүсдэг.
...Намд элсэж байгаагүй, улс төрийн хүчнүүдээс нэг бус удаа ийм санал тавьж байсан. Тэгэхэд нь “Би чадах юмаа хийгээд явъя аа” л гэж хариулдаг байлаа...

Тэгэхэд төрөөс энэ шагналыг хэн нэгэнд нь олгоогүй л дээ. Саявтархан дахин хэд хэдэн хүнийг тодорхойлсон байна. Баялаг бүтээгчдийг дэмжиж урамшуулахын зэрэгцээ ташуур өгье гэсэн байх, “Монос”-ын гэдгээр ард түмэн андахгүй Хүрэлбаатар гуай, “Гранд” гэдэг овогтой болох шахсан Баттөр захирал бид гурвыг Хөдөлмөрийн баатар болголоо. Баяртай байна. Сүүлийн үед баялаг бүтээгчид гэж ярих болсон бизнес эрхлэгчид улсдаа хийсэн, хийх ч юмтай, хэлэх үгтэй хүмүүс байдаг гэдгийг тодруулан харуулж чадлаа хэмээн ойлгож хүлээж авсан. Манай улсын хувийн хэвшлийнхэн нийлээд сая гаруй хүнийг ажлын байраар хангаж байна. Нэг хүнийг ажлын байраар хангадаг ажил олгогч ч гэсэн улсын эдийн засагт хувь хүнийхээ үүргийг биелүүлж байгаа гэж боддог.

-Та хэр хүнд ачаа үүрч явдаг баялаг бүтээгч вэ?

-Манай групп цар хүрээгээ тэлсээр байгаа. Салбар бүрт хүрч ажилладаг. Улс орон маань зах зээлийн нийгэмд шилжих үед ах Д.Цэрэнжигмэдтэйгээ хамт “Дөргөн” нэртэй хувиараа эрхлэх аж ахуй байгуулан бизнест хөл тавьсан. Автомашин, тавилга, хүнсний бүтээгдэхүүн импортлох чиглэлээр ажиллаж, Европ, Монголын хооронд өөрсдийн гэсэн худалдааны замтай болж байлаа. 1996 онд анхлан европ тогооч Монголдоо ажиллуулснаар нийтийн хоолны салбарт европ соёл түгээх эхлэлийг тавьсан гэж болно. “Берлин бургер”-ийн үйлчлүүлэгчид сайн мэднэ дээ. Бизнес хийдэг хүмүүст “Одоо болчихлоо” гэдэг ойлголт байдаггүй. Хаана, юу хэрэгтэй байна, ямар хэрэгцээ, шаардлага гарч байна, тэнд ажил, үйлчилгээ эхлүүлчихсэн л байдаг. Манайх үйл ажиллагаагаа барилга, зам, газрын тосны үйлдвэрлэлд тэлсэн. 100 мянга гаруй ам метр орон сууц болон барилга байгууламж барилаа. Бас 600 гаруй км тосон буюу алтан шар зам тавьсан. Хамт олныхоо ажил үйлсийн амжилтаас цухас дурдахад ийм байна. Монгол уяач дэлхийн хэмжээний томоохон уралдаануудад морь хурдлуулж 100-гаад түрүү, аман хүзүү “авч”, улсынхаа нэрийг цуурайтуулж, морь сонирхдог монгол түмнээ омогшуулж, баярлуулж, бахархуулж яваагаа хийморьтой сайхан ажил хийж байна гэж боддог. Хөрөнгө ч зарцуулдаг. Цаашид улам хичээх болно. Дэлхийн тавцанд Монголоо сурталчлах нэг арга зам юм даа. Надад дахиад хорь, гучин жил улсынхаа нэрийг дэлхийд гаргах, баялаг бүтээх, олон том мөрөөдлөө биелүүлэх боломж бий гэж боддог.

-Анхны бизнес, орлого, ашгаа бодохоор одоо ямар санагддаг вэ. Чамладаг уу?

-Яалаа гэж. Анхны алхам хийж байж дараагийнхад хөл тавина шүү дээ. Тийм болохоор анх бүтээх гэж оролдож, зүтгэж байсан он жилүүдээ дурсах болгонд сайхан байдаг. Би долоон хүүхэдтэй эгэл жирийн ажилчин айлын хүү. Дээрээсээ гурав дахь нь. Эцэг, эх минь биднийг ажил хөдөлмөрт дуртай болгож хүмүүжүүлсэн. Надад хийж үзээгүй ажил бараг байхгүй. Сайн дураар самар, жимсэнд явахаас эхлүүлээд, төрөл бүрийн хувцас оёж байлаа. Ачигч, ганзагачин, дамын наймаачин ч байв. Тарваган малгай, дээл, савхин хүрэм оёж зардаг байлаа.

-Даавуугаар жишээ нь юу оёдог байв?

-Сурагчийн дүрэмт хувцас, дан өмд, банзал гээд ер нь хүүхэд, хүн юу өмсдөг вэ, бүгдийг оёдог байсан.

-Банзал хүртэл үү?

-Тэр чинь амархан шүү дээ. Хэмжээ, хийцийг бодлоо, эсгэлээ, оёлоо, гүйцээ. Тэр миний оёдлын машин байна. Манай ээжийнх л дээ. Гар машин байсныг ажлаа түргэвчлэх үүднээс янзалж ийм болгосон юм. Ээжийнхээ машиныг эвдээд л (хөхрөв).

-Өөрийг тань үйл мэтгэдэг гэж бодож байсангүй. Та залуугаасаа л ажилсаг байж.

-Бидний үеийн бизнес эрхлэгчид бүгд адилхан. Бүхнийг өөрийн гараар хийж, туулах ёстой болгоныг давж өнөөдөртэй золгосон юм. 1990-ээд оноос өмнө Монголд бизнес хийдэг хүн байгаагүй болохоор зах зээлийн нийгэмд шилжиж эхлэхтэй зэрэг хэн, яаж бодож байснаараа хөдөлсөн. Өнөөдрийн томоохон компани, группүүд гэнэтхэн бий болчихоогүй. Маш хөдөлмөрч залуус, гэр бүлүүд тэгээс эхлэн зүтгэж олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулах хүртэл хөгжүүлээд байгаа нь энэ. Үүгээрээ гавьяатай. Бизнес эрхлэгч бүр өөр, өөрийн амжилтуудаа хоёр том хөрш гүрнийхээ дундаас босгож ирлээ. Бүгд л “гахай” үүрээд л, вагоноор гэр хийгээд л, бүтэн сар түүн дотроо амьдраад явдаг байлаа даа.

-Тийм амьдрал дундаас бий болгосон “Макс” групп өдгөө олон компаниас бүрддэг юм байна. Лав эзэгтэй нар “Сүү” компанийг илүүтэй мэдэх байх. Амьдрал л юм чинь илэн далангүй ярья. Нэг хэсэг “Миний Монголын сүү”-г хэн асгалгүй онгойлгож чадах вэ гэдэг уралдаан зарлах нь холгүй байсан. Танайхан бөглөөг нь янз янзаар хийж үзээд, эцэст нь одоогийн эргэдгээр байлгахаар шийдсэн бололтой. Олон түмний дундах энэ мэт яриа, хөөрөө таны чихэнд хэр хүрч байна вэ?

-Сонсогдох нь сонсогдоно оо. “Сүү” ХК сайн ажиллаж байгаа. “Миний Монголын сүү”-гээр нийслэлийнхний сүүний хэрэглээний 60 гаруй хувийг дангаар хангадаг. Мөн тараг, зайрмаг, уламжлалт цагаан идээг хэрэглэгчдийн эрэлтэд нийцүүлэн, олон улсын стандартын дагуу үйлдвэрлэж, нийт 40 гаруй нэр, төрлийн бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлдэг. Сүүлийн арваад жилд 2500 гаруй малчнаас 200-гаад сая литр сүү худалдаж авсан. “Сүү” ХК дампуурах шахаж байсан үед нь бизнесийн нөхдөөсөө манайх тодорхой хувьцааг нь худалдаж авч хөл дээр нь тогтоож байлаа.

-Энэ компанийг сайн ажиллуулснаар нийслэлийн оршин суугчдыг сүүгээр хангахын зэрэгцээ малчдыг дэмждэг байх нь.

-Тийм ээ.

-Түрүүнд анхны бизнесүүдийнхээ нэгээр нийтийн хоол, үйлчилгээг нэрлэсэн. “Берлин бургер”-ээ байгуулахдаа энэ салбарт дараагийн бүтээн байгуулалт юу байна гэж төсөөлж байсан бол?

-Ер нь юм хийгээд эргээд харах бүрт үүнийг яаж сайжруулж болох вэ гэж бодогддог. Тэр нь тухайн үйлчилгээг хэрхэн боловсронгуй, цогц болгох вэ гэсэн мөрөөдөл болж хувирдаг. Тухайн үеийн мөрөөдлөө биелүүлж, олон улсын томоохон сүлжээ зочид буудлуудын хоёрыг нь манай хамт олон эх орондоо барьж байгуулан дотоод, гадаадын хэрэглэгчдэд үйлчилж байна. “Макс хотелс” ХХК 2015 онд дэлхийд алдартай “Холидэй инн” зочид буудлын сүлжээг нийслэлд нээсэн бол “Макс ложинг” ХХК олон улсын сүлжээ “Рамада” зочид буудлын үйл ажиллагаагаар танигдаад байна.

-Барилгын чиглэлийн компанийнхан тань ямар амжилттай байна вэ?

-2006 онд “Макс өргөө” компанийг үүсгэн байгуулснаар анх “Макс тауэр” оффисын барилга, түүний ард буй орон сууцын “Хийморь” хорооллыг барьж, байгуулсан. Үүнээс хойш манай компанийн их бүтээн байгуулалтын ажил эхэлсэн гэж үзэж болно. “Макс мол” цогцолбор, “Хийморь 11”, “Хийморь 13”, “Хийморь 19”, “Элеганс” зэрэг орон сууцын хороолол, “Холидэй инн” зочид буудал, “М плаза”, “220k residence” гэх зэрэг объект бий.

-Саяхан нэгэн залуу сошиалд дүрс бичлэг оруулсан байна лээ. Танайхан Баянхонгороос Говь-Алтай хүртэл зам тавьж буй юм байна. ““Макс”-ынхны тавьж байгаа замд хурдалж явна. Лонхтой цэвэр ус долгилохгүй байгааг харав уу” гэж магтсан байна лээ. Үлгэр жишээ зам тавьж байгаа бололтой.

-Баруун аймгуудыг холбох хатуу хучилттай 126.7 км автозам тавьж байгаа юм. Байгалийн тогтоц чадамж их шаардаж байгаа. Энэ замын ажил удааширсан байсан. Олон компани тууз хайчилсан ч урагшлаагүйг хүмүүс мэдэх байх. Улс оронд хэрэгтэй, нэгэнт эхлүүлсэн ажлыг дуусгаж өгье гээд хөрөнгийг нь 100 хувь өөрсдөө гарган, концессын гэрээтэйгээр, монгол ажилчдынхаа хүчээр барьж байна. Зөвхөн энэ төсөлд 600 гаруй хүн ажиллаж байна. Түүний 30-40 нь шижигнэсэн залуу инженер. Ихэвчлэн 30 орчим насныхан. Би энэ залуусаар үнэхээр бахархдаг. Тэнд 16 үйлдвэр, 200 гаруй техник нэг ч хором зогсолгүй ажилласаар байна. Замыг одоо аравдугаар сард буюу 14 хоногийн дараа ашиглалтад хүлээлгэж өгнө.

-Баруун бүсийн замыг ашиглалтад өгсний дараа ямар томоохон бүтээн байгуулалт эхлүүлэх вэ?

-Энэ бүс нутагт баруун таван аймгийг цементээр хангах үйлдвэр, зэс, өнгөт металл боловсруулах гурван үйлдвэр барихаар ажиллаж байна. Мөн баруун бүсийн эрчим хүчний дутагдлыг нөхөх зорилгоор эх үүсвэрүүдийг эрчимтэй судалж байгаа. Дэд бүтцийн төслүүд хэрэгжүүлснээр энэ бүс нутагт үйлдвэрлэл эрчимжиж, хүн амын шилжилт хөдөлгөөн саарна гэж үзэж байгаа юм.

-Яриаг тань сонсоод байхад бизнесийн нэгэн томоохон байгууллагын гэхээс илүүтэй Засгийн газрын ажлын тухай мэдээлэл сонсоод байх шиг санагдах юм. Энэ бүхнийг яаж амжуулдаг байна аа?

-Би ганцаараа биш, олон хүн ажилладаг.

-Бизнес эрхлэгчдийг зөвөөр ойлгох нь байхад хардаж, сэрдэх, гүтгэх нь бий. Таны амьдралд тийм тохиолдол олон байв уу?

-Түрүүнд хэлсэн дээ, хувийн хэвшлийнхэн туулах ёстой даваа бүрийг давсан гэж. Гэхдээ хүн зөв зам мөртэй, сэтгэл сайхантай байхад саад бэрхшээл тийм ч их биш.

-Энэ олон ажлын байр бий болгож, цаг, “нар”-тай уралдаж ажилладгийн гол зорилго юу бол?

-Бизнесийнхэн бүгд л адилхан хариу өгөх байх. Хүний хувийн хэрэгцээ гэдэг бол тун бага юм. Ажлаас ажлын хооронд, төслөөс төслийн завсарт амьсгаа дээр явж байдаг минь чадахаа цаг алдалгүй хийж, илүү сайхан Монголыг бүтээхийн төлөө тэмцээд байгаа хэрэг. Өдөр тутам хэрэглэдэг цахилгаанаа хөршөөсөө авдгаа болих юм сан, мал олон байгаа тул махны экспортыг үр ашигтай болгох сон, арьс, ширийг ингээд хаясаар байх юм уу, эсвэл боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх үү гэх зэргээр байнга л бодож явдаг.

-Он жил улиравч энэ бүхэн бахь байдгаараа байдгийн учрыг та мэдэх үү?

-Уг нь Өрнөдийн ганцхан том корпорацын ажиллагсадтай тэнцэхүйц тооны хүн амтай улс. Учраа олох байх аа.

-Улстөрч болоод, болохгүй байгаа бүхнийг эрх зүйн аргаар ч юм уу шийдэхэд оролцооч гэсэн санал тавьдаг уу?

-Би намд элсэж байгаагүй, улс төрийн хүчнүүдээс нэг бус удаа ийм санал тавьж байсан. Тэгэхэд нь “Би чадах юмаа хийгээд явъя аа” л гэж хариулдаг байлаа.

-Нэг болсон явдал ярья. Одоогоос долоо, найман жилийн өмнө юм. Наадмаар Хүй долоон худагт бид танай гэр бүлийнхэнтэй зөрлөө. Та нар уяа руугаа явж байх шиг байсан. Тэгэхэд ах “Макс-ын Ганбаатар явж байна” гэхэд бидний нэг ихэд гайхсан янзтай “Аль, тэр хүн чинь ингээд явган явж байдаг юм уу” гэж асууж билээ. Хүмүүсийн ярианы сэдэв болж байдаг хүмүүсийн нэг та яах аргагүй мөн. Энэ тухайд танд юу мэдрэгддэг вэ. Олны танил байх хэцүү юү?

-Би жирийн, бусадтай л адил хүн. Хамт олон дундаа юу ч хийгээд явж байж магадгүй. Морь уяж малын тоосонд дарагдаж явна. Гагцхүү миний, бидний ажлаас үр дүн гарч, тэр нь нийт олонд тустай байгаасай гэж их хүсдэг. Манай байгууллага олон нийт рүү чиглэсэн, залууст хаягласан хүмүүнлэгийн ажил их хийдэг.

-Юунд хамгийн их баярладаг вэ?

-Бусдад тусалж чадаж байгаадаа баярладаг. Ажилтнууддаа орон сууцын урьдчилгаа болгоорой гэж мөнгө өгөхдөө ч юм уу.

-Таны гэргий Уянгалянхуа олны танил. Дуурийн театрт байнга таардаг юм. Та хоёрын сонирхол хэр нийлдэг вэ?

-Бид бие биеийнхээ хүсэл, сонирхлыг маш их хүндэлдэг. Ухаантай, сайхан ханьдаа олон зүйлд талархаж амьдардаг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)