Д.БЯМБАДАГВА: Муу офицер болсноос сайн цэрэг байсан нь дээр гээд курст яваагүй

Нийтийн аж ахуй, үйлчилгээний салбарт амжилт гаргаж, хариуцлагатай ажилласан хүмүүст 1978 оноос Үйлчилгээний гавьяат ажилтан цол олгож эхэлсэн түүхтэй. Дотоодын цэргийн 805 дугаар ангийн алба хаагч, харуул, ахлах ахлагч Д.Бямбадагва хэдхэн хоногийн өмнө Ерөнхийлөгчийн зарлигаар Үйлчилгээний гавьяат ажилтан болсон нь онцгой тохиолдол байлаа. Учир нь харуулчдаас гавьяат цолтон анх удаа төрсөн юм. Үйлчилгээний гавьяат ажилтан, харуул Д.Бямбадагватай ярилцлаа.

-Дотоодын цэргийн байгууллагаас анхны Үйлчилгээний гавьяат ажилтан болсонд баяр хүргэе. Ажил, амьдралаа цэргийн байгууллагатай хэрхэн холбож байв?

-Би Сэлэнгэ аймгийн Баянгол сумд (Баруунхараагийн сангийн аж ахуй) төрсөн. 1989 онд X ангиа төгсөөд Зүүнбаянгийн 201 дүгээр ангид 1991 он хүртэл алба хаасан. Цэргээс халагдаад нутагтаа очиж, хошууч Ж.Довдонням даргатай Гал унтраах 40 дүгээр ангид жолооч, гал сөнөөгчөөр ажиллалаа. Найман жилийн дараа буюу 1999 онд манай ангийг татан буулгахад нь Улаанбаатар хотыг зорьсон. Дотоодын цэргийн 805 дугаар ангид 2000 онд харуулчнаар орж, зэвсгийн нярав, хамгаалалтын цагдаа, эргүүлчин ахлагч болтлоо тушаал дэвшжээ. Улсын онц чухал объектыг 20 жил хамгаалсан байна.

-Онц чухал объектыг хамгаална гэдэг амаргүй, хариуцлагатай ажил гэдэг нь ойлгомжтой. Зарим хүн “Харуул хүн яагаад Гавьяат болов. Яг юу хамгаалдаг болоод тэр вэ” гэж олон нийтийн сүлжээнд сэтгэгдлээ хуваалцсан байна лээ. Нууц биш бол та өөрийн ажлын талаар ярихгүй юу?

-Бидний ажил, гүйцэтгэж буй үүргийг бригадын генерал С.Баатаржав “Эх орон тайван, иргэд амар амгалан, онцгой объектод ямар нэг зөрчил гаралгүй өглөөг угтвал тэнд эгэл баатрууд далд тулааныг тэвчээр, тэмцлийн дүнд ялсан нь тэр” гэж тодорхойлсон байдаг. Монгол Улсын Засгийн газраас тогтоосон онцгой ач холбогдол бүхий үйлдвэр, барилга, байгууламжийг онц чухал объект гэдэг юм. Бид тэдгээрийн хэвийн ажиллагааг хянаж, халдлагаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, түүнд нэвтрэх хүн, эд зүйл, тээврийн хэрэгслийг шалгах, дэг журам сахиулах үүрэгтэй. 20 жил ажиллахдаа Улсын онц чухал объектод тооцогдох олон газрыг хамгаалжээ. Үүний нэг нь Улаанбаатар хотын усан хангамжийн эх үүсвэрийн барилга. Ундны усны эх үүсвэрийг нэг ээлжид 3-4 харуул хамгаалдаг. Хэрэв усанд ямар нэг хор, хүнд металл, гаднын биет орвол нийслэлийн нэг сая гаруй иргэд төдийгүй манай улсын нийт хүн ам аюулд өртөх эрсдэлтэй. Усанд ямар нэг гаднын биет орсон тохиолдолд хор хөнөөл нь тэр дороо илрэхгүй ч удмын санд нөлөөлөх магадлалтай. Хүн бүрийн мэддэггүй, нууцын зэрэглэлд багтдаг энэ мэтчилэн олон газрыг бид хамгаалдаг. Үүнээс Стандарт хэмжил зүйн газар, Нийгмийн эрүүл мэндийн болон Халдварт өвчин судлалын үндэсний төвийн лаборатори зэргийг дурдаж болно. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд харуулууд нүд цавчих эрхгүй шахам ажилладаг. Үүнийг төр, засаг үнэлж, манай байгууллагаас анх удаа Үйлчилгээний гавьяат ажилтан “төрүүллээ”. 805 дугаар ангийг анх Фронтоос олзлогсдыг хамгаалах хороо нэртэй байгуулж, 75 жилийн хугацаанд чамлахааргүй амжилттай ажиллажээ. 1945 оны наймдугаар сард байгуулсан манай анги өдгөө улсын онц чухал объектыг хамгаалах, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг таслан зогсоох, гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, зорчигч, ачаа тээшийг харгалзан, зорьсон газарт аюулгүй хүргэх үүрэгтэй. Гүйцэтгэсэн үүргийг маань төр, засгаас үнэлж өнгөрсөн онд манай ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагнасан.

-Чухал объектуудыг хамгаалах нөхцөл өөр өөр болов уу. Та чамлахааргүй олон объект хамгаалсан юм билээ. Тулгарч байсан саад бэрхшээл, онцлогоос нь хуваалцаач.

-Улсын онц чухал объектуудыг хамгаалах нөхцөл өөр гэдэг нь үнэн. Анх 805 дугаар ангид ороод “ДЦС-4”-ийн харуулаар томилогдож байлаа. Дулаан дамжуулах хоолойн ихэнхийг хөнгөн цагаанаар бүрсэн, хийц, чанар нь муу байсан үе. Хэрэв дамжуулах хоолойд ямар нэг эвдрэл, гэмтэл гарвал нийслэлийн иргэд халаалтгүй, хүйтэн гэрт өвлийг өнгөрөөнө гэсэн үг. Арайхийн дулаанаа дамжуулж буй өнөөх хоолойн гадуур бүрсэн хөнгөн цагааныг хулгайлах тохиолдол цөөнгүй гардаг байв. Хулгайч нартай тэмцэхгүй бол дулаан дамжуулж чадахгүйд хүрнэ. Олон газрыг, энэ мэтчилэн янз бүрийн эрсдэлээс хамгаалахын тулд манай харуулчид тал бүрийн чадвар эзэмшиж байж үүрэг гүйцэтгэдэг. Одоогоор эргүүлчин ахлагч албыг хашиж байна. Зорчигч, ачаа тээшийг харгалзан хүргэх үүрэг гүйцэтгэдэг гэсэн үг. Монгол Улсын 21 аймаг 330 сумд тэсэрч, дэлбэрэх хэрэгслийг зөөвөрлөхөд аюулгүй байдлыг хангаж, харгалзан хүргэх үүрэгтэй ажиллаж байна.

-Ажил дээрээ хонох, хол газар явах энүүхэнд биз. Дээрэмчин, тонуулчидтай таарах гээд таны ажил эрсдэлтэй их тулгардаг бололтой. Гэр бүлийнхэнд тань бас амаргүй байдаг болов уу?

-Эхнэрийг минь Н.Энхжаргал гэдэг. ЭХЭМҮТ-д эх баригч эмчээр ажилладаг юм. Мөн л чухал, хариуцлагатай, хүнд ажил. Эх баригч эмч гэдэг минийхээс дутахааргүй үүрэг хүлээсэн, хариуцлагатай мэргэжил. 24 цаг ажилладаг учир ажлыг минь ойлгож, тусалж дэмждэг. Хүү, охин хоёр минь ч аавдаа их урам өгдөг. Охин минь ээжийнхээ халааг залгаж эмч болсон учир тангараг өргөж, төрийн алба хаших ямар хэцүү, хариуцлагатай ажил вэ гэдгийг сайн мэднэ.

-Хүн эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь байвал үр шимийг нь хүртдэг гэдгийн бодит жишээ та болжээ. Шантарч, ажлаа сольё гэх бодол төрж байв уу?

-Миний аав Лувсандамбын Дашбямба Монгол Улсын аварга механикжуулагч байв. Ээж З.Баатар минь ч улсын аварга ногоочин. Ажилч хичээнгүй, цаг, борви бохисхийлгүй хөдөлмөрлөдөг гэр бүлд төрж, өссөн болохоор хийж буй зүйлийнхээ үр шимийг үзэж байж л санаа амардаг. Дуртай ажлаа хийх хугацаандаа нэг ч удаа өөр зүйлд хүч сорьё гэж бодоогүй. Миний хамгийн сайн хийж чадах зүйл бол ажил минь.

Сэлэнгэ аймгийн Гал унтраах 40 дүгээр ангид ажиллаж байхад дарга нэг өдөр дуудаад “Офицерийн курст яваад ир” гэв. “Муу офицер болсноос сайн цэрэг байсан нь дээр, би энэ ажилдаа дуртай. Өөр зүйл хийж чадахгүй” гээд үлдэж билээ. Өдий хүртэл дурлаж, хайрлаж ирсэн ажлаараа би бахархдаг.

-Та харуул, хамгаалалтын албанд 20 жил ажиллажээ. Энэ хугацаанд танай албанд ямар өөрчлөлт гарав?

-2000 оны үед ногоон эрээн өнгөтэй бол ямар ч хамаагүй хувцас өмсөөд хамгаалалтад гардаг байв. Тухайн үед хувцас, тоног төхөөрөмжийн хангамж муу байсан. Сүүлийн жилүүдэд ЦЕГ болон Дотоодын цэргийн штабынхан харуулын үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад ихээхэн анхаарах болсон. Улсын онц чухал объектын хамгаалалт стандарттай болж, техник хэрэгсэл, тохижилтыг сайжруулж, харуулын байрны халуун, хүйтнийг нь ч зохицуулж байгаа. Өнөөдөр алба хаагчид минь стандартад нийцсэн, тохилог ажлын байранд үүргээ гүйцэтгэж байна. Мөн бидний ур чадварыг сайжруулахад анхаарах болсон нь том өөрчлөлт.

-Харуулчаар бэлтгэгдэж буй залуу үеийнхэнд юу гэж зөвлөх вэ?

-Анх усны хангамжийн эх үүсвэрийн байгууламжийг хамгаалах үүрэг хүлээгээд айж, сандарч байсан минь өчигдөрхөн л юм шиг тод санагдаж байна. Нэг л минут сэрэмж алдахад хэн нэг нь цэвэр усны нөөц рүү хүнд металл хийхийг үгүйсгэх аргагүй учир ийнхүү эмээхээс өөр яах билээ. Цаг, минут тутамд биднээс хариуцлага нэхэж байдаг харуулчийн албыг гүйцэтгэхийн тулд тэсвэр, хатуужилтай байх хэрэгтэй. Мөн хувийн бэлтгэлээ базааж, өөрөөс минь шалтгаалж ямар нэг алдаа гарах ёсгүй гэдгийг санаж ажилладаг. Хийж буй зүйлдээ сэтгэлээсээ хандах нь залуучуудын заавал эзэмшвэл зохих чадвар юм шүү. Тиймээс шантрах үе гарсан ч эцсийг нь үздэг байгаарай.

-Ажлын гараагаа эхэлж буй хүн бүрт их, бага хэмжээний бэрхшээл тулгардаг шүү дээ. Тэр болгонд туршлагатай хэн нэг нь зааж, зөвлөж, сургадаг. Анх харуулын үүрэг гүйцэтгэж эхлэхэд тань тусалж, дэмжиж байсан хүндэлж явдаг хүн бий юү?

-“ДЦС-4”-ийн харуулаар ажиллахад хошууч М.Батнасан манай хэсгийн ахлагч байв. Насаар надаас дүү ч ажилласан туршлага арвин учир шинэ цэргүүдэд зааж, зөвлөнө. Тэр хүнээс хариуцлагатай, дэг журамтай ажиллахыг сурсан. Дотоодын цэргийн 05 дугаар ангийн харуулын дарга Л.Баярсайхан ахыг хүндэлж, хайрлаж явдаг. Харуулчин хүний хичээл зүтгэл, тэсвэр хатуужлыг энэ хүнээс сурч, өдий хүрлээ.

-Ерөнхийлөгчийн Тамгын газраас утасдахад хүн бүр нэг хэсэгтээ л балмагддаг гэж ярих юм билээ. Та ч мөн адил тийм байдалд оров уу?

-Нэлээд орой болсон байхад утас дуугарлаа. “Ерөнхийлөгчийн Тамгын газраас ярьж байна” гэхээр нь манай хэдэн дүрсгүй монди байна гэж бодсон. Тэгсэн “Та Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор шагнууллаа. Маргааш 10.00 цагт Төрийн ордонд ирээрэй” гэв. Энэ үед л надаар тоглоогүй гэж мэдээд, сэтгэл хөөрөөд явчихсан. Маргааш нь шагналаа авчихаад хамт олон дээрээ очих гэтэл Төрийн ордонд манайхнаас нэг ч хүн байдаггүй. Тэгсэн Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа С.Ганбат зогсож байхаар нь гүйж очоод тэврээд авлаа. Тэр үед үгээр хэлэхийн аргагүй их баярласан учир өөрийн эрхгүй нулимс унагасан. Алба хаагчид минь “Таныг одоо Бямбаа ах биш гавьяатаа гэж дуудна. Эцэг, эхийн өгсөн нэр тань ингээд л мартагдлаа даа” гэж цаашлуулсан. Энэ шагнал залуучуудад маань ч урам, зориг өглөө.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)