Д.БУЯН-АРИВЖИХ: Нөөц нэмж тогтоохгүй л бол боловсруулах үйлдвэр ирээдүйгүй

Лондоны хөрөнгийн биржид бүртгэлтэй, газрын тосны IV, V, XX талбайд үйл ажиллагаа явуулдаг “Петро Матад” компанийн геологич, доктор Д.Буян-Аривжихтай ярилцлаа. ШУТИС-ийг 1994 онд гидрогеологич мэргэжлээр төгссөн тэрбээр 2010 онд ХБНГУ-ын Фрайбург хотын Алберт Людвикийн их сургуульд “Зүүн Монголын Тамсагийн сав газрын нүүрсустөрөгчийн потенциал, геодинамик хөгжил” сэдвээр докторын зэрэг хамгаалсан аж. 2011 онд эх орондоо ирснээсээ хойш үндэсний хөрөнгө оруулалттай “Петро Матад” компанид газрын тосны хайгуулын геологичоор ажиллаж буй юм.

-Уншигчдад газрын тосны талаар танин мэдэхүйн мэдээлэл өгнө үү?

-Одоогоос 140 орчим сая жилийн өмнө Монгол орны төв, зүүн, өмнөд хэсэгт цэнгэг устай томоохон нуурууд байжээ. Ийм нууруудад элдэв төрлийн амьтад амьдарч, олон төрлийн ургамал ургадаг байсан. Амьдрал бол мөчлөгтэй. Төрсөн бол үхнэ. Үхсэн амьтны сэг, ургамлын үлдэгдэл нь нуурын ёроолд тунадаг. Зарим тохиолдолд нуурын ёроолд хүчилтөрөгчгүй орчин бүрэлдсэн байдаг юм. Ийм орчинд амьтны сэгээр хооллодог хорхой шавж амьдрах боломжгүй учир амьтан, ургамлын үлдэгдэл задарч алга болдоггүй. Үүнтэй зэрэгцээд хуурай газраас гол мөрөн их хэмжээний шороо, булингарыг нуурт урсгаж авчирдаг. Олон сая жилийн дараа нуурын ёроолд тунасан амьтан, ургамлын үлдэгдэл нь дээрээсээ 2-3, магадгүй дөрвөн километр зузаан хурдас чулуулгаар булагдсан байдаг. Ийм гүнд булагдсан амьтан, ургамлын үлдэгдэл өндөр температур, даралтын орчинд чанагдаж тос нь ялгардаг. Ялгарсан тос нь элсэн чулуу зэрэг том ширхэгтэй хурдас чулуулгуудын мөхлөг хоорондын нүх сүвийн орон зай руу нүүж орно. Уснаас хөнгөн тос нь нүх сүвийг дүүргэсэн газрын доорх усан дотор хөвж явсаар дээрээсээ шавраар хаагдсан атираат тогтоц зэрэг ямар нэгэн байгалийн хаалт, саадан дээр очиж баригдсаар газрын тосны хуримтлал үүсгэдэг юм.

-Газрын тосыг хэрхэн хайдаг вэ. Байгаль орчинд сөрөг нөлөөтэй юү?

-Хайгуулчид бид газрын тосыг барьж хуримтлуулсан дээр дурдсан хаалт, саадуудыг олж өрөмдөх зорилготой ажилладаг. Үүний тулд шинжлэх ухааны олон арга ашиглаж газрын гүний өгөгдлүүдийг авдаг юм. Газрын тос нь тунамал хурдсын сав газрын дотор үүсдэг учир юуны өмнө гүн хотгоруудыг хайж олох шаардлагатай. Ингэхдээ хүндийн хүч, соронзон орны хэмжилтүүд хийдэг. Энэ судалгааг онгоцноос, эсвэл явганаар явж хэмждэг учир байгаль орчинд ямар нэг нөлөө байхгүй. Гүн хотгоруудыг тогтоосны дараа сейсмийн хэмжилтүүд хийнэ. Тусгай чичиргээ үүсгэдэг машинаар чичирхийллийн долгион үүсгэн газрын гүн рүү илгээдэг. Энэ долгион нь шавар элсний зааг, мөн хагарлын гадаргуу дээрээс эргэж ойно. 

Ойсон долгионууд нь газрын гадаргууд тараан байрлуулсан өндөр мэдрэмтгий хүлээн авагчууд дээр ирж бүртгэгдэнэ. Энэ нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй. Бидний амьдралд ч хотын дуу чимээ, галт тэрэг явж өнгөрөх гээд хүний үйлдлээр үүссэн чичиргээнүүд байнга тохиолддог. Сейсмийн судалгаанд хэрэглэгддэг чичирхийллийн хэмжээ нь энэ бүхэнтэй харьцуулбал маш өчүүхэн. Чичирхийллийн хэмжилтээр олж авсан өгөгдлүүдээр бид газрын гүний анхны дүрслэлүүдийг зохиодог. Олон тооны ийм дүрслэлийг геологич, геофизикчид ашиглан төрөл бүрийн тайлал хийж, хотгор газрын геометр хэмжээ, хурдас хуримтлалын хэв шинж, тэдгээрийн хөгжлийн түүх зэргийг судалсны үндсэн дээр тос хаана үүссэн байж болох, хаашаа нүүсэн байх магадлалтай, байгалийн аль саадан дээр хашигдаж баригдсан байх боломжтойг оношилно. Энэ бүхний эцэст хайгуулын хамгийн үнэтэй ажил болох цооног өрөмддөг. Хөрс хуулдаггүй, зөвхөн цооног өрөмддөг тул нөлөө бараг байхгүй.

-Тэгвэл олборлолт байгальд ямар нөлөөтэй вэ?

-Далай тэнгист өрөмдсөн цооногоос тос алдагдвал, эсвэл тос тээвэрлэж явсан усан онгоц осолдвол байгаль орчинд нэлээд хөнөөлтэй. Яагаад гэвэл тосыг тараах хөшүүрэг нь ус юм. Энэ үед тос нь давлагаанд цохигдож явсаар эрэг орчмын биологийн амьдралыг сүйтгэдэг. Харин хуурай газар тос алдагдахад түүнийг тархаах хөшүүрэг байхгүй учир цооногийнхоо ойр хавьцаа л байна гэсэн үг. Тос амьтан, ургамлын үлдэгдлээс үүссэн органик гаралтай учир түүнийг идэж задалдаг бактериуд бий. Хуурай газар хор нөлөө харьцангуй бага. Бусад улс оронд газрын тосны шахуурга малын бэлчээрт, газар тариалангийн талбайд, тэр бүү хэл, хүн амын суурьшлын бүс, хотын төвд ч ажиллаж байдаг. Хэрэв үнэхээр аюултай, хортой бол тэр хүмүүс ийм байгууламжийн хажууд амьдарна гэж үү?

-Манай улс газрын тосны хайгуулд хэр их анхаарч байна гэж Та үздэг вэ?

-Дээр дурдсан ажил маш үнэтэй, хугацаа шаарддаг. Манай улсын Засгийн газар ийм ажлуудад зориулж төсвөөс хөрөнгө гаргах боломжгүй. Одоо манайд хувийн хэвшлийнхэн маш их саад бэрхшээл туулан хайгуулын ажлыг алдаг оног хийж байна.

-Газрын тосны хайгуулыг өндөр эрсдэлтэй гэдэг.

-Газрын тосны хайгуул зардал ихтэй, эрсдэл өндөртэй. Гурав, дөрвөн сая ам.долларын өртгөөр 3000 метр гүн цооног өрөмдөөд тэр нь хуурай байх магадлал өндөр. Казино тоглож байна л гэсэн үг. Олбол хожно, олохгүй бол алдана. Иймээс Засгийн газар улсын төсвийг бүрдүүлж байгаа татварын мөнгөөр мөрийтэй тоглочихож болохгүй шүү дээ.

-Компаниудтай байгуулдаг бүтээгдэхүүн хуваах гэрээний (БХГ) үндсэн зарчмын талаар тодруулна уу?

-Дээрх шалтгааны улмаас улс орнуудын Засгийн газар бүтээгдэхүүн хуваах гэрээний зарчмыг бодож олсон юм. Гол санаа нь хувийн компаниуд хөрөнгөө гаргаад, эрсдэлээ үүрээд хайгуул хий. Олж чадахгүй бол хохь нь, олбол гаргасан зардлаа нөх, харин ашгийг нь хоёр хуваана. Ийм л зарчим. Засаг эрсдэл үүрэхгүй, засгаас мөнгө гарахгүй, харин орлого орж ирнэ. 2014 онд Газрын тосны тухай шинэчилсэн хуульд олборлосон нэг торх тосны 5-10 хувийг нөөц ашигласны төлбөрт авна гэж заасан. Үүнийг роялти гэж нэрлэдэг. Энэ бол татвар биш, тухайн нөөцөд “гар хүрсний” төлөө улсад өгч байгаа төлбөр. Үлдсэн хэсгийг нь ашигт болон өртөгт тос гэж хуваадаг. Тухайн аж ахуйн нэгж хайгуул хийн, нөөц илрүүлж, олон тооны цооног өрөмдөн, олборлоход их хэмжээний зардал гаргадаг. Энэ зардлыг өртөгт тосоор нөхөх учиртай. Иймд өртөгт тос шууд аж ахуйн нэгжид хамаарна. Үлдсэн тосыг ашигт тос гэнэ. Үүний талыг бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Засгийн газар авна, нөгөө тал нь аж ахуйн нэгжид ашиг болж ногддог. Компаниуд хайгуул, олборлолтод маш их хөрөнгө зарцуулдаг тул түүнийгээ нөхөх шаардлагатай байтал “Монгол Улс 50, 70 хувийг нь авна” гээд дайрвал энэ нь шударга бус. Ашиг байхгүй бол аж ахуйн нэгжүүд ийм өндөр эрсдэлтэй тоглоомд оролцохгүй.

-Гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүдтэй БХГ-г ашигтай байгуулж чадсан болов уу?

-Манай орд газруудын тос агуулж байгаа элсэн чулуу нь бохир. Мөхлөг хоорондын нүх сүв нь ихэнх тохиолдолд шавар ороод битүүрчихсэн, янз бүрийн эрдэс ургаад бөглөрчихсөн байдаг. Ихэнх тохиолдолд тосны дуслууд битүүрсэн нүх сүвэнд түгжигдээд гарч ирж чаддаггүй. Үүнээс болоод цооногийн гарц бага. Иймээс Тамсагийн сав газарт байгаа тосны хуримтлалуудаас дөнгөж 13 хувийг нь олборлох боломжтой. Ийм орд газар олборлолт явуулахад дор хаяж цооног хоорондын зай ойрхон байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, олон цооногоор олборлоно, үүнийг дагаад зардал өснө гэсэн үг. Тэгвэл Саудын Араб дахь ч юм уу “сонгодог” ордуудаас цөөн тооны цооногоор 60 хүртэлх хувийг нь авч ашиглаж байна. Маш их зөрүүтэй байгаа биз. Энэ бүхнийг бодолцож үзвэл манай улс БХГ-г компаниудтай боломжийн нөхцөлөөр байгуулж чадаж байгаа. Зарим улстөрч, иргэний хөдөлгөөнийхөн манай нутаг дэвсгэрээс олборлож буй газрын тосны дөнгөж 25 хувь нь Засгийн газарт ногдож байна гэж чамлах нь бий. Ингэж “попрохдоо” зөвхөн XIX талбайд хийсэн БХГ-г “сугалж” авч байгаад яриад байх шиг. Манай улс энэ салбарт хөрөнгө оруулалт татахын тулд анх 1994 онд АНУ-ын “Соко интернэшнл” компанитай гэрээ байгуулсан. Энэ компани эрх, үүргээ Хятадын “Петро Чайна дачин Тамсаг” компанид шилжүүлчихсэн. 1994 оны хуулиар байгуулсан гэрээ болохоор яалтай ч билээ. Гэхдээ гэрээ гэдэг бол харилцан ашигтай байх зарчимд тулгуурладаг учир цаашдаа боловсронгуй болгоод явах биз дээ.

-Монгол Улсын газрын тосны баталгаат нөөц 332.6 сая тонн. Үүний 13 хувь буюу 43.2 сая тонн нь ашиглалтын баталгаат нөөц гэсэн нь ийм учиртай юм байж.

-Тийм ээ. “Саван” дотор байгаа нь 332 сая тонн. Үүнээс орчин үеийн технологиор газрын гадарга дээр гаргаж ирж чадах хэмжээ нь 43 сая тонн гэсэн үг. Үүний найм орчим сая тонныг 1998 оноос хойш олборлочихсон. Тэгэхээр 332 сая тонн гэсэн том тоо ярьж “попрох” шаардлагагүй. Энэ чинь нөөц ч биш. Нөөц гэдэг бол бидний авч ашиглаж чадах хэмжээ. Одоогоор өөр нөөц илрээгүй үед 43-аас хасах нь найм буюу 35 орчим сая тонныг л ярих хэрэгтэй. Гэхдээ бид энэ 35 сая тонноос дуртай үедээ дуртай хэмжээгээрээ авах боломжгүй. Төрийн захиргааны байгууллагын гаргасан статистик мэдээгээр 2015, 2016 онд 1.1 сая тонныг олборлож байсан. Энэ хэмжээ 2017 оноос хойш буурсан. 2017 онд нэг сая, өнгөрсөн жил 900 мянган тонныг олборлосон, харин энэ онд 800 мянган тонныг авах төлөвтэй байх шиг байна. Хэрвээ энэ эрчээрээ буурсаар байвал газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад оруулах 2023 онд 500 мянга орчим тонныг л жилд олборлох төлөв харагдаж байна. Цооногуудын гарц буурсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Ингэхээр үйлдвэр маань түүхий эдийн гачаалд л орох нь дээ. Хайгуулын ажлаа яаралтай эрчимжүүлэхгүй бол үйлдвэр баригдахаасаа өмнө “төмрийн хог” болох гээд байна шүү дээ.

-Оросоос түүхий тос авах хувилбар бас яригдаж байна лээ.

-Хойд хөрш бидэнд зардаг шатахууныхаа ханшийг шат дараатай нэмсээр ирсэн шигээ түүхий тосныхоо үнийг аажмаар өсгөх нь ойлгомжтой. Энэ үед бид түүхий эдийн хомсдолоос болж үйлдвэрийг бүрэн хүчин чадлаар нь ашигтай ажиллуулж чадахгүйд хүрнэ. Бараг бензиний үнээр түүхий тос худалдаж авах нөхцөл үүсэхийг ч үгүйсгэхгүй.

-Тэгэхээр үйлдвэрийн хувь заяа бүрхэг ч байж мэдэх нь.

-Урд хөрш манайхаас олборлосон тосыг өөрийн зах зээлд шингээхийг эрмэлзэх нь ойлгомжтой. Далайд дусал нэмэр шүү дээ. Хойд хөрш манайд зарж байгаа шатахуунаас олж байгаа 1.1 тэрбум ам.долларын орлогоо алдахыг хүсэхгүй. Өөрөөр хэлбэл, хоёр хөрш маань хоёулаа манайд газрын тосболовсруулах үйлдвэр барьж байгуулахыг дэмждэггүй. Уг нь манайд хамгийн их зээл тусламж өгдөг орнууд. Тэгвэл боловсруулах үйлдвэр дээр шууд л үгүй гэж байгаа биз. Тиймээс ч Энэтхэгээс зээл авсан. Өнгөрсөн, мөн одоо болж байгаа үйл явдлуудыг шинжилж үзэхэд сонин дүр зураг харагддаг. Бид боловсруулах үйлдвэр барих талаар маш олон жил ярьж, олон удаа шав тавьсан. Дарханд, дараа нь Бор-Өндөрт барина гээд л, эцэст нь Алтанширээд барихаар боллоо. Үйлдвэрийн ажил төслийн шатандаа маш удаан хугацаагаар гацсан. Хэн гацаадаг байсан бэ? Мэдээж хоёр хөршийн ашиг сонирхлыг тээсэн дотоодын “дайснууд”. Одоогийн Засгийн газар маш зоримог алхмууд хийж энэ төслийг хөдөлгөсөн. Үүнийг одоо зогсоох боломжгүй. Иймд дотоодын “дайснууд” үйлдвэрийг түүхий эд дээр нь гацаах тактик баримталж байгаа юм биш биз? Мэдээж энэ үйлдвэр хэдхэн жил ашиггүй ажиллавал “төмрийн хог” л болно. Манайд оросууд ч тэр, хятадууд ч тэр хайгуулын талбай авах сонирхолтой байдаг. Тэд магадгүй тос олдох магадлалтай хэд хэдэн талбайг аваад жаахан ажил хийсэн нэр зүүгээд хуулийн хугацаагаар 12 жил “дарах”-ыг үгүйсгэхгүй. Манайд ерөнхийдөө хайгуулын талбайнууд “царцсан” байдалтай байгаа. Энэ нь нөгөө л боловсруулах үйлдвэрийн маань хойтохыг унших тактик ч юм бил үү.

-Боловсруулах үйлдвэрийн байршлыг Дорноговийн Алтанширээд сонгосныг зарим хүн зөв биш гэх нь ч бий юм билээ. Энэ талаар юу гэх вэ?

-Байрлалын хувьд муу биш. Газрын тос олдох магадлалтай бүс нутагт байгаа. Би энэ үйлдвэртэй холбоотой үйл ажиллагаанд оролцож байгаагүй учир нарийн ширийн зүйлийг нь мэдэхгүй. Гэхдээ юу гэж ойлгож байгаа вэ гэвэл эхлээд үйлдвэрийн байршил руу төмөр зам, авто замаа тавьчихаад түүн дээгүүрээ барилгын материал, том яндан хоолой, тоног төхөөрөмжүүдээ тээвэрлэнэ гэж ойлгосон. Түүнээс биш Тамсагт барина гээд тийшээ том, нүсэр тоног төхөөрөмжүүдийг машинаар шороон замаар тээвэрлэнэ гэж байхгүй шүү дээ. Тэгвэл зардал хэд дахин өснө. Үйлдвэрээ барихдаа дэд бүтцээ, усны нөөцөө тооцсон байх. Тэндээс бүтээгдэхүүнийг тараахад боломжийн байрлал юм шиг санагддаг.

-Газрын тосны нөөц олоход манай мэргэжилтнүүдийн оролцоо хэр вэ?

-Түүх сөхвөл, 1940 онд Монголын геологич Ж.Дүгэрсүрэн, Зөвлөлтийн геологич Ю.С.Жебуловский нар Зүүнбаянгийн ордыг илрүүлсэн. Ер нь манай улсад байгаа ордуудыг хуучнаар ЗХУ болон АНУ, БНХАУ-ын гээд гадаадын геологичид илрүүлсэн түүхтэй. Харин “Петро Матад” компанийн боловсон хүчний олонх нь монголчууд. Манай компанийн хайгуулын “Матад-ХХ” талбайд өрөмдөж буй цооногуудын тос агуулж байх магадлалтай бүтцийг монгол мэргэжилтнүүд тодорхойлсон. Бид тайлал, эрсдэл, эдийн засгийн тооцоогоо өөрсдөө хийж байна. Хэрвээ нээлт хийж чадвал орд тогтоосон монгол мэргэжилтнүүдийн анхдагчид болох юм.

-Монголд газрын тосны геологич хэр олон бол. Боловсон хүчин хангалттай юу?

-Манай их дээд сургуулиуд геологич нарыг бэлтгэдэг боловч газрын тосны геологичдыг бэлтгэж байгаагүй. Боловсон хүчин дутагдалтай. Ер нь манайхаас гадаад, дотоодод бэлтгэгдэж байгаа мэргэжилтнүүд нээгдсэн орд газруудтай холбоотой инженер, эрхзүйч, эдийн засагчид л байх шиг байна. Уг нь эхлээд газрын тосоо олох шаардлагатай л байгаа юм.

-Газрын тосны салбарт төрийн бодлого хэр хэрэгжиж байгаа вэ?

-Төрөөс газрын тосны салбарт 2027 он хүртэл баримтлах бодлого баталсан. Энэ нь салбарыг хөгжүүлэх төлөвлөгөө юм. Бодлогын энэ баримт бичигт газрын тосны хайгуулыг эрчимжүүлэхээр тусгасан байдаг. Үүний хүрээнд төрийн захиргааны байгууллагуудаас компаниудыг хайгуулаа эрчимжүүл гэж шахдаг. Компаниуд хайгуулаа хийх гэхээр орон нутгийн зарим иргэн эсэргүүцдэг. Миний ойлгож байгаагаар бүх шатны Засаг дарга нар Монгол Улсын төрийн бүрэлдэхүүн хэсэг. Гэтэл яагаад тэд төрөөс баталсан бодлогынхоо эсрэг ажиллагаа явуулаад байдаг юм бэ? Энэ чинь 1.5 сая ам км нутаг дээр амьдарч байгаа гурван сая гаруй монголчуудын эрх ашиг шүү дээ.

Геологийн зураг дээрээс харахад манай улсын урд хилийн ойролцоо газрын тос олдож болох өндөр магадлалтай талбайнууд дандаа улсын тусгай хамгаалалтад байдаг. Хэнд ч зориулж нөөгөөд байгаа юм бүү мэд. Өнгөрсөн тавдугаар сард УИХ Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай тогтоол баталсан. Үүгээр газрын тос олдох өндөр магадлалтай талбайг тусгай хамгаалалтад авчихсан. Үйлдвэр ашиглалтад ороход тос хэрэгтэй. Гэтэл тос олдох магадлалтай гүнзгий хотгоруудыг хэн ч судлах боломжгүй болгоод “таглачихдаг”. Энэ монгол төрийн бодлого мөн гэж үү? Газрын тосны хайгуул байгаль орчныг сүйтгэхгүй. Ядаж л тос байна уу, үгүй юү гэдгийг нь шалгачихаж болдоггүй юм гэж үү.

-Орон нутгийнхан эсэргүүцэж буй нь ямар нөлөө үзүүлж байна вэ?

-Монгол Улсын зүүн өмнөд хилийн дагуу XXIX талбай гэж бий. Хилийн шугамын дөнгөж цаана хятадууд тос олборлож байна. Магадгүй тэнд хоёр улсын хил дамнасан орд газар байх шиг байгаа юм. Хэрвээ тийм бол хятадууд манай тосыг цаанаас нь соруулж байхыг үгүйсгэхгүй. Орд газрын хөндөгдөөгүй өндөр даралттай хэсгээс олборлолт хийснээс болж даралт нь суларсан хэсэг рүү тос урсаж л таарна шүү дээ. Тэнд Монголын үндэсний “Макс ойл” компани өрөмдлөг хийх гэхэд “Босоо хөх Монгол” ТББ-ынхан их төвөг удсан. Өнгөрсөн жил мөн л “Магнай трейд” компани Чойбалсангийн хотгорт цооног өрөмдөх гэхэд нь “Босоо хөх Монгол”-ынхон хөөгөөд явуулж байсан. Энэ жил “Петро Матад” XX талбай дээр цооног өрөмдөх гэхэд нөгөө л “Босоо хөх Монгол”-ынхон ажлыг хэдэн долоо хоногоор гацаасан.

Гэтэл тэндээс хойшоо хоёр км хүрэхгүй газар “Петро Чайна дачин Тамсаг” XIX талбай дээр ямар ч саад бэрхшээлгүй хоёр цооног өрөмдсөн. Эндээс ажиглахад дандаа Монголын үндэсний хөрөнгө оруулалттай компаниудыг онилоод байгаа биз дээ. Монгол Улс шүүрэн шанага шиг “цоорхой” хуультай улс. Байгаль орчин, устай холбоотой асуудлаар компаниудыг “бариад авбал” заавал нэг зөрчил “олдож” л таарна. Тэгээд түүгээр нь шантаажилж үйл ажиллагааг нь явуулахгүй олон хоног гацаачихаж байна. Гэтэл энэ компаниуд хамгийн хямдыг нь бодоод Хятадын өрмийн цамхгийг хөлсөлж цооногоо өрөмдүүлж байгаа юм. Бидэнд газрын гүн рүү 2-3 км нэвтрэх чадалтай өрмийн цамхаг байхгүй. Компаниудын үйл ажиллагаа хэдэн хоногоор зогсоход л Хятадын туслан гүйцэтгэгч компанид сул зогсолтын мөнгийг өдрөөр нь бодож төлж байгаа. Үндэсний компаниуд шантаажчидаас болоод маш их хохирол амсаж байна.

-Стратегийн чухал ач холбогдолтой ашигт малтмал тул газрын тосны салбарт анхаарах шаардлагатай байх шиг.

-Төгрөг үнэгүйдэж байгаа гол шалтгаануудын нэг нь шатахууны ханшийн өсөлт. Шатахууны ханш дээшлэхэд л бараа таваар тээвэрлэх үнэ нэмэгдэж, үүнийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ өсөж, иргэдийн худалдан авах чадвар буурч, төгрөгийн ам.доллартой харьцах ханш суларч байна. Энэ нь эргээд гадаадаас валютаар шатахуун импортолдог компаниудыг үнээ нэмэхээс өөр аргагүйд хүргэдэг. Ерөнхийдөө бид нэг иймэрхүү чөтгөрийн эргүүлэгт орчихоод, түүнээсээ гарч чадахгүй 30 орчим жил будилж байна. Манай улсын үе үеийн Засгийн газар төгрөгийн ханшийн уналтыг сааруулах зорилгоор олон арга хэрэглэсээр ирсэн. 

Шатахуун импортлогч компаниудыг татвараас чөлөөлж, хөнгөлөлттэй зээл олголоо, жижиглэнгийнх нь үнийг бөөнийхөөс хямд болгож ч үзсэн. Эдгээр гал унтраах түр зуурын арга хэзээ нэгэн цагт эцсийнхээ туйлд хүрч, зах зээлийг зохицуулах чадваргүй болох нь ойлгомжтой. Иймд эдийн засаг биднээс шатахууны үнийг оновчтой аргаар тогтвортой барихыг шаардаж байдаг. Энэ нь Монгол Улс шатахууны хараат байдлаасаа ангижрах тухай асуудал юм. Үүний тулд нефтийн бүтээгдэхүүн импортлох олон эх үүсвэртэй болох, өөрийн тос боловсруулах үйлдвэр барих, нутаг дэвсгэртээ газрын тосны эрэл хайгуулыг эрчимжүүлэх, олборлолтоо нэмэгдүүлэх гэх мэт олон асуудлыг төрийн бодлогын түвшинд цогцоор нь оновчтой шийдвэрлэх шаардлагатай байна.

Нэг торх тос эрж хайх, олборлох, тээвэрлэх, боловсруулах зардал нь тухайн цаг үед, тухайн улс орны онцлогоос шалтгаалаад эдийн засгийн ашиггүй байх тохиолдол тулгарч болно. Гэвч нефтийн бүтээгдэхүүн нь мөнгөний ханшийг тогтвортой барихад нөлөөлдөг учир эргээд эдийн засагт асар их ашиг авчирдаг. Энэ утгаараа газрын тос бол стратегийн чухал ач холбогдолтой ашигт малтмал юм. Иймд төрөөс энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцох шаардлагатай.

Газрын тосноос хаях зүйл байхгүй. Шатахуун, шатах тослох материалыг нь нэрээд авчихна. Үлдэх хэсгээс нь пластик эдлэлүүд үйлдвэрлэж байна. Эм, тариа, гоо сайхны бүтээгдэхүүн хийж, хамгийн сүүлд үлдэх шавхруугаар нь асфальтан замаа тавьж байна. Гэтэл бид зам тавихдаа хүртэл асфальтаа Оросоос худалдаж авдаг. Ер нь бид бүгдийг нь гаднаас худалдаж авч байгаа л даа. Үүнтэй зэрэгцээд асар их хэмжээний валют гадагшаа урсаж байгаа. Хэрэв боловсруулах үйлдвэр байгуулбал бензинийг нь нэрээд авсны дараа тэнд шавхруу гээд их хэмжээний түүхий эд бий болно. Уг түүхий эдэд тулгуурлаад дараа дараагийн химийн үйлдвэрийн суурь тавигдана. Үүнийг дагаад ажлын байр нэмэгдэнэ, валютын тодорхой хэмжээг дотоодын зах зээлд эргэлдүүлэх нөхцөл бүрдэнэ, төгрөгийн ханш чангарна, үнэ тогтворжино.

Нөгөө талаас газрын тосны нөөцийг зөв ашиглахгүй бол гамшиг тарих эрсдэлтэй. Хэдхэн жилийн өмнө Тунис, Ливи зэрэг орны улс төр, эдийн засгийн тогтолцоог НАТО-гийн орнууд сүйтгэхдээ тэдний газрын тосны нөөцийг хувааж хүртэх, ингэснээр Европын эдийн засгийн хямралыг сааруулах зорилготой байсан болов уу гэж харагддаг. Манай улсын хувьд бусад орны шуналыг хөдөлгөх том орд олох геологийн нөхцөл байхгүй, жижиг сав газруудтай. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ дээ. Зөв л удирдах шаардлагатай.

-Зөв удирдахад тухайлбал юунд анхаарах шаардлагатай вэ?

-Улс орны тусгаар тогтнол гэдэг бол нийлмэл ойлголт юм. Энэ бол улс орны хил хязгаар, нутаг орны бүрэн бүтэн байдлаар зогсохгүй эцэг өвгөдөөс уламжилж ирсэн хэл, соёл, шашин шүтлэг, ард иргэдийн эрүүл мэнд, боловсрол, хүнсний аюулгүй байдал гэх мэт маш олон багц ойлголтыг багтаана. Үүнээс хамгийн чухал нь эдийн засгийн хараат бус тусгаар тогтнол юм. Орчин үед аливаа улсыг цэрэг зэвсгээр гэхээсээ илүү эдийн засгийн хараат болгож байгаад эзэлж байна. Иймээс ч Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал бол Үндсэн хуулийн дараа орох маш чухал баримт бичиг. Тэгвэл энэ баримт бичгийн 3.2-т буюу “Эдийн засгийн аюулгүй байдал” хэсэгт “Гадаадын аль нэг орноос хийх хөрөнгө оруулалтын хувь, хэмжээг гадаадын нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгээс хэтрэхгүй байлгах бодлого баримтална. 

Гадаадын төрийн өмчит компанийн хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, стратегийн ач холбогдолтой салбарт хөрш орон, өндөр хөгжилтэй бусад орноос оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг тэнцвэртэй байлгах бодлого баримтална” гэж заасан. Гэтэл энэ бодлого газрын тосны салбарт үндсэндээ алдагдсан. Нийт хөрөнгө оруулалтын хамгийн багадаа 80 хувь нь Хятад улсад ногдож байгаа. Тамсагаас олборлолт хийж буй “Петро Чайна дачин Тамсаг”-ийн толгой компани нь Хятадын төрийн өмчит. 2016 оны байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ялгасан газрын тосны хайгуулын 32 талбайн 25-д нь БХГ байгуулсан дүн бий. Үүний 11 талбайд урд хөршийн гаралтай есөн компанитай БХГ байгуулсан байна. Энэ нь дэндүү өндөр тоо юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (11)