Д.БАЯР: АНУ-д бараа, бүтээгдэхүүнээ татваргүй оруулахад компаниуд одооноос бэлдэх хэрэгтэй

АНУ-ын Конгресст дахин өргөн бариад буй Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийн төслийн талаар Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш, хуульч, өмгөөлөгч Д.Баяртай ярилцлаа. Хоёр орны худалдааг дэмжих зорилготой уг хуулийг баталбал Монгол Улсын ноолуур, оёмол эдлэлийг АНУ-д татваргүй экспортлох боломж бүрдэх юм. Тэрбээр АНУ-ын Лос-Анжелес хот дахь хуулийн сургуульд (Southwestern law school), Пенсильванийн их сургуульд (Penn state law) магистрын зэрэг хамгаалжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн долдугаар сарын эцсээр АНУ-д ажлын айлчлал хийх үеэрээ “Ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжсөнөөр малчид болон хөнгөн үйлдвэрлэлийн салбарт ажилладаг эмэгтэйчүүдийн орлого нэмэгдэж, эдийн засаг төрөлжин хөгжихөд чухал хувь нэмэр оруулна. Бидний тооцоолсноор 40-50 мянган ажлын байр бэлэн болох юм” хэмээж байв.

-Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийн төслийг (Mon¬golia third neighbor trade act буюу Монгол гуравдагч хөрш худалдааны акт) яагаад судлах болов?

-Би АНУ-ын Пенсильванийн их сургуульд 2018-2019 онд магистрын зэрэг хамгаалсан. Тэр үед (өнгөрсөн жилийн долдугаар сарын эцсээр) АНУ-ын Конгресст Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийн төслийг өргөн бариад байсан. Энэ үеэс хуулийн төслийг сонирхож, хэлэлцэх үйл явцад нь анхаарал хандуулж эхэлсэн. АНУ-ын Конгрессын 115 дахь бүрэлдэхүүн уг төслийг хэлэлцэлгүйгээр хугацаа нь дууссан бол энэ оны дөрөвдүгээр сард 116 дугаар Конгресст дахин өргөн барьсан. Одоогоор Төлөөлөгчдийн танхим болон Сенатын дэргэдэх Татварын, Худалдааны хороодод санал авахаар хүргүүлээд байна. Хэдийгээр Конгрессын хэлэлцүүлгээр хараахан ороогүй байгаа ч энэ хуулийн төсөл цааш “явах” боломжтой харагдаж байгаа. 

Учир нь АНУ, БНХАУ-ын худалдааны маргаантай холбоотойгоор уг хуулийн төслийг дэмжих улс төр, эдийн засгийн сонирхол харьцангуй хүчтэй байна. Ер нь аль ч улсад үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн үр ашиг, улс төрийн хүсэл зориг, ашиг сонирхлыг хөндсөн хуулийг хамгийн түрүүнд баталдаг. Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийн төслийн хувьд хоёр талд эдийн засаг, улс төрийн хүсэл зориг их байгаа бөгөөд магадгүй АНУ-ны үндэсний аюулгүй байдал ч хөндөгдөж болох талтай. Үүний зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын АНУ-д хийсэн айлчлал нь уг төслийг дахин танилцуулахад бодитой нөлөөлснийг дурдахгүй байж болохгүй.

-Энэ хуулийг батлахад хэдий хэрийн хугацаа шаардлагатай гэж таамаглаж байна вэ?

-АНУ-д хуулийг хэд хэдэн үе шаттай баталдаг. АНУ-ын Конгресс хоёр танхимтай гэдгийг уншигчид мэдэх байх. Сенатын болон Төлөөлөгчдийн танхим нийт 535 гишүүнтэй. Нийт 13 үе шатаар хууль батлагддаг гэж хэлж болно. Хуулийн төсөл санаачлах, Төлөөлөгчдийн танхимд танилцуулах, хороодод хуваарилах, дэд хороодод мэдүүлэх, саналыг нь нэгтгэж Төлөөлөгчдийн танхимд хэлэлцүүлэх, уг танхим санал хураах, Сенатад өргөн мэдүүлэх, Сенатын хороодод хуваарилах, хэлэлцэх, батлах, Ерөнхийлөгчид өргөн барих, хуулийн санд бүртгэх зэрэг үндсэн үе шатыг дамждаг. Монгол гуравдагч хөрш худалдааны акт төслийн тухайд Конгрессын 20 гаруй гишүүн дэмжиж, Төлөөлөгчдийн танхимд танилцуулж, дээр дурдсанчлан Татварын болон Худалдааны хороодод санал авахаар хуваарилагдсан байгаа.

Хэрэв хороод саналаа нэгтгэвэл Төлөөлөгчдийн танхим гурван шатны хэлэлцүүлэг хийж, гишүүдийн олонхоор батлан, Сенат руу шилжүүлнэ. Конгресс бүхэлдээ дэмжвэл АНУ-ын Ерөнхийлөгчид танилцуулж, зөвшөөрвөл батламжилж гарын үсэг зурна, эсвэл хориг тавих хуулийн зохицуулалттай. Монгол Улсаас нийлүүлэх ноолууран, оёмол бүтээгдэхүүнд татваргүй нөхцөлийг зөвшөөрөх эрх олгосон хуулийн төсөл тул АНУ-ын Ерөнхийлөгчийн зүгээс хориг тавих магадлал тун бага. Тэгэхээр Монгол гуравдагч хөрш худалдааны акт хуулийн төсөл гурав дахь үе шатандаа “яваа” гэсэн үг. Энэхүү хуулийн төслийг 116 дугаар Конгресст дахин өргөн барьснаас хойш маш хурдацтай “явж” (бусад хуулийг батлах явцтай харьцуулахад) байгаа, ялангуяа Конгресс дахь дэмжигчдийн тоо илт нэмэгдсэн. Энэ хэвээр байвал төсөл ирэх жил батлагдах магадлалтай.

-Хуулийг хэдий хугацаанд мөрдөх вэ?

-Монгол гуравдагч хөрш худалдааны акт хуулийн төслийг баталбал 2025 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл хүчин төгөлдөр мөрдөхөөр байгаа. Өөрөөр хэлбэл, манай улс зургаа орчим жилийн хугацаанд ноолуур, оёмол бүтээгдэхүүнээ АНУ-д татваргүйгээр оруулна гэсэн үг. Уг төсөлд зааснаар худалдааны төлөөлөгч хуулийн хэрэгжилтийн тухай АНУ-ын Ерөнхийлөгчид байнга танилцуулах, харин АНУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсын аж ахуйн нэгжүүд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байгаа, эсэх талаар Конгресст тайлагнахаар зохицуулсан байгаа. Тэрхүү тайланд үндэслэн хуулийг мөрдөх хугацааг цаашид үргэлжлүүлэх үү, үгүй юү гэдэг асуудал мөн яригдана.

Хуулийн төсөл таван хэсэгтэй. Үүний гурав дахь хэсэгт хамгийн чухал зохицуулалтыг тусгасан. Тодруулбал, ямар бүтээгдэхүүнийг татваргүйгээр импортлох, үүнд тавих шаардлага, тээвэрлэлт, татварын хуваарь болон Монгол Улсад тавих нийтлэг шаардлагыг тодорхойлсон. Түүнчлэн уг хуулийн төсөл 1974 онд батлагдсан Худалдааны хуультай нь шууд холбоотой. Худалдааны хуульд зааснаар АНУ-ын Ерөнхийлөгч хөгжиж буй улс орнуудыг дэмжих зорилгоор аль нэг улсыг “дэмжлэг авах боломжтой” хэмээн тодорхойлох бүрэн эрхтэй байдаг. Үүний хүрээнд Монголд үзүүлэх боломжийг илүү өргөжүүлэх үүднээс уг хуулийн төслийг боловсруулж, Конгрессын гишүүд өргөн барьсан.

Ташрамд дурдахад, АНУ нь гадаад худалдааны чиглэлээр үндсэн хэд хэдэн төрлийн гэрээг бусад оронтой байгуулдаг. Чөлөөт худалдааны, хоёр талын хөрөнгө оруулалтын, худалдааны болон хөрөнгө оруулалтын гэрээ үүнд багтана. АНУ Монгол Улстай хоёр талын хөрөнгө оруулалтын, хөрөнгө оруулалт болон худалдааны гэрээг харилцан байгуулсан байдаг. Харин чөлөөт худалдааны гэрээг байгуулаагүй. Дээрх хуулийн төслийг баталснаар Монгол Улсын эрх ашиг зөвхөн харилцан ашигтай байх гэрээний хүрээнд биш, манай улсад тааламжтай нөхцөл бүрдүүлж, хуулийн түвшинд хамгаалагдах боломж бий болгох юм.

-Хоёр талд ашиг сонирхол бий гэлээ. Хуулийн төсөлд энэ талаар хэрхэн томьёолсон бол?

-АНУ-д аливаа хуулийг батлахдаа хууль батлах хэрэгцээ, шаардлага, үндэслэлээ тодорхойлдог. Хуулийн төсөлд Монгол, АНУ-ын гадаад худалдааны талаарх зарим статистикийг дурдсан байсан. Тухайлбал, “Монгол Улс нь АНУ-ын хамгийн чухал гуравдагч хөрш гэж үздэг ч хоёр талын худалдаа чамлалттай түвшинд байна. Ялангуяа хоёр орны худалдаа сүүлийн жилүүдэд эрс буурсан. Хоёр улсын худалдаа 2012 онд 707 сая ам.доллар байсан бол 2017 онд АНУ-аас Монгол Улсад 82, Монгол Улсаас АНУ-д 9.4 сая ам.доллартой дүйцэхүйц бараа, бүтээгдэхүүн нийлүүлсэн. Түүнчлэн уул уурхайн салбарын дараа хөдөө аж ахуйн салбар Монгол Улсын эдийн засагт голлох үүрэгтэй. Мал аж ахуй нь хөдөө аж ахуйн салбарын 87 хувийг эзэлдэг төдийгүй Монголын ажиллах хүчний гуравны нэг орчим нь ногддог” гэх мэтчилэн олон зүйл тэмдэглэсэн байсан. Манай улсын талаарх АНУ-ын ойлголт ийм байгаа. Хуулийн төсөлд ноолууран бүтээгдэхүүний худалдаа нь Монголын эдийн засагт онцгой ач холбогдолтой гэж дурдсан. Хэдийгээр манай улс дэлхийн нийт боловсруулаагүй ноолуурын гуравны нэгийг “гаргаж” байгаа ч маш бага эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Монголын боловсруулаагүй ноолуурын ихэнхийг БНХАУ худалдан авч, эцсийн бүтээгдэхүүн болгон АНУ-д нийлүүлж буйг мөн дурдсан байсан.

Энэ бүхнээс дүгнэвэл АНУ ноолууран, оёмол бүтээгдэхүүний худалдааг БНХАУ-тай биш, Монгол Улстай хийхийг зорьж байгаа. Үүний бодит илрэл нь энэ хуулийн төсөл юм. Гэхдээ татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн давуу нөхцөл бий болгосноор энэ төрлийн худалдаа шууд өргөжин тэлнэ гэж дүгнэж болохгүй. Учир нь АНУ-д бизнесийн харилцаанд төр хязгаарлагдмал хүрээнд оролцдог бөгөөд гагцхүү тааламжтай орчныг нь бүрдүүлэхэд чиглэн ажилладаг. Иймд уг бодлогын хүрээнд АНУ-ын бизнес эрхлэгчид Монгол Улсыг, манай аж ахуйн нэгжүүдийг сонирхох, хамтран ажиллах, хөрөнгө оруулах зэргээр харилцаа өргөжихийг үгүйсгэхгүй.

-Монголоос нийлүүлэх бараа, бүтээгдэхүүнд ямар шаардлага тавихаар тусгасан бэ?

-Бүтээгдэхүүний төрөл, орц, өртөг, тээвэрлэлтийн болон үйлдвэрлэлийн шат дамжлагын зэрэг шаардлагыг хуулийн төсөлд тодорхойлсон. Төсөлд зааснаар АНУ-д татваргүй оруулах бүтээгдэхүүнийг Монгол Улсад үйлдвэрлэсэн байх учиртай. Тодруулбал, орцын тухайд ноолууран, оёмол бүтээгдэхүүний нийт жингийн 23-аас доошгүй хувийг ноолуур оруулсан эдлэл, эсвэл утсаар үйлдвэрлэсэн хувцас, нэхмэл эдлэл байх ёстой. Өртгийн шаардлагын тухайд бүтээгдэхүүн дэх ноолуурын нийт өртөг, эсвэл үнэ цэн нь бараа бий болох үед нэрлэсэн үнийнх нь 51-ээс багагүй хувь байна гэж тусгасан. Мөн сүлжих, хэвших бүх шатыг нь Монгол Улсад гүйцэтгэх зэрэг шаардлага бий. Түүнчлэн тээвэрлэлтийн шаардлагыг тодорхойлж өгсөн бөгөөд тус улсын Худалдааны хуулиар нарийвчлан зохицуулахаар тусгасан байна лээ.

Энэхүү шаардлагууд нь Монгол Улсад чухал үр нөлөөтэй. Учир нь зөвхөн Монгол Улсын бизнес эрхлэгчид, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих давуу байдлыг БНХАУ-ын аж ахуй нэгжүүд ашиглахыг хязгаарлах үндсэн зорилготой. Иймд Монгол гуравдагч хөрш худалдааны акт нь манайд багагүй давуу тал, боломж олгоно гэж би үзэж байгаа.

-Бүтээгдэхүүнээс гадна Монгол Улсад ямар шаардлага тавих вэ?

-Африкийн хөгжлийн болон боломжийн актад тодорхойлсон шаардлагууд Монгол Улсад хамаарна. Африкийн гэх тодотголтой уг актад нийт долоон төрлийн шаардлагыг тусгасан байдаг. Тухайлбал, тухайн улс нь худалдааны тааламжгүй байдлыг үүсгэх аливаа нөхцөл байдлыг арилгах, оюуны өмчийг хамгаалах, мөн хөрөнгө оруулалтыг зориулалтын бусаар ашиглах аливаа оролдлогыг зогсоох зэргийг дурдаж болно. Үүнээс гадна нийгмийн эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах, олон улсын конвенцоор хүлээсэн үүргээ ёсчлон биелүүлэхийг хуулийн төсөлд бие даасан байдлаар тодорхойлсон. Түүнчлэн Монгол гуравдагч хөрш худалдааны акт дуусгавар болгох нөхцөл, хязгаарлалт хийх тохиолдол зэргийг заасан. Мэдээж АНУ-ын Худалдааны хуульд зааснаар Монгол Улс үүргээ биелүүлэхгүй бол тодорхой хоригийн асуудал яригдах бөгөөд энэ нь эрх зүйн таатай бус үр дагаврыг манай улсад бий болгоно.

-Манай аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд одооноос анхаарах ёстой байх, тийм үү?

-Хууль батлангуут бараа, бүтээгдэхүүнээ хайрцаглаад тээвэрлэчихэж болохгүй. Ноолууран, оёмол эдлэлийг хуулийн төсөлд заасан шаардлагад нийцүүлэх болон тээвэрлэлтийн журмыг чанд мөрдөх зэрэг нь нэн тэргүүний үүрэг юм. Үүнээс гадна нэгэнт худалдааны харилцаа өргөжиж байгаа тул гаалийн, эрүүл ахуйн, ажиллах хүчний, хөрөнгийн гүйлгээний, компанийн бүртгэлийн зэрэг олон шаардлагад Монголын бизнес эрхлэгчид өөрийн үйл ажиллагаагаа нийцүүлэх хэрэгтэй болно. АНУ нь өөрийгөө хуулийн эх нутаг (land of law) гэж томьёолдог. Иймээс Монголын бизнес эрхлэгчид одооноос АНУ-д бизнес эрхлэх хууль, эрх зүйн орчныг судлах замаар бодит боломжийг цаг алдалгүй ашиглах нь зүйтэй. Хууль баталсны дараа бэлдэж эхэлбэл оройтно. Бидний зүгээс Монголын бизнес эрхлэгчдэд зориулж хууль, эрх зүйн судалгаа хийх, зөвлөгөө өгөх, мөн төлөөлөх зэргээр хамтран ажиллах боломжтой.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)