Д.Баярболд: Хордлогын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний өмнөх өдөр 56 хүн эргэлт авсан

Есдүгээр сарын 14-ний өдрийн 22:50 цагт ХӨСҮТ-өөс Мэргэжлийн хяналтын байгууллагад Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Dream зочид буудалд тусгаарлагдаж байсан хүмүүсийн дунд хоолны хордлогын сэжигтэй тохиолдол илэрсэн гэх мэдээлэл гарсан. Энэ талаар МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд мэдээлэл өглөө.

Тэрбээр "Мэргэжлийн хяналтын байгууллагаас есөн сарын 14-ний 23:00 цагаас эхлэн Dream зочид буудалд хяналт, шалгалт хийж байна. 

Наймдугаар сарын 29-нд Сидней-Улаанбаатарын онгоцоор ирсэн 81 хүн тус буудалд тусгаарлагдсан. Тэдгээр хүмүүсээс 56 иргэн есдүгээр сарын 13-ны өдөр буюу хордлогын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний өмнөх өдөр ар гэрээсээ эргэлт авсан гэх мэдээлэл байгаа юм.

Дрийм зочид буудлын хоёр байранд нийт 17 ажилтан, алба хаагч ажилладаг. Тэд тусгаарлагдаж буй хүмүүстэйгээ ижил хоол хүнс идэж байгаа ч тэдэнд хоолны хордлогын шинж тэмдэг илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 13 том хүн, нэг хүүхэд хоолны хордлогын сэжигтэй байдлаар тусгаарлагдан, эмчлэгдэж байна. Одоогоор биеийн байдал нь хэвийн, хүндэрсэн хүн байхгүй.

Бид ундны уснаас нян судлалын шинжилгээ авсан. Мөн гал тогоо орчмын хоол үйлдвэрлэлийн орчноос 20 арчдас, хоол хүнсэнд хэрэглэсэн байж болох 15 нэр төрлийн бүтээгдэхүүнээс шинжилгээ авч лабораторид шинжилж байна. Түүнээс гадна, журмын дагуу тус зочид буудал энэ сарын 13, 14-ний өдөр бэлтгэсэн хоолны дээжийг хадгалж байсанд нь шинжилгээ хийж байна. Бид Dream зочид буудлын хоол үйлдвэрлэлийн хэсэгт ариутгал хийлгэсэн учир одоогоор тухай тусгаарлах байрны хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Хяналт шалгалт үргэлжилж байна” гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)