Д.БАТ-ЭРДЭНЭ: Мөрөнгийнхөө эрэгт хэрэгтэй цагтаа дуулсан байна лээ

Хүүхэд байхдаа огт дуулж байгаагүй хэрнээ Зүүнбүрэн сумынхаа дунд сургуулийн арваннэгдүгээр ангийг төгссөн жилээ найзуудтайгаа Сэлэнгэ мөрөн өгсөж нэг, уруудаж нэг давхин зугаалж явахдаа мэддэг ганц, хоёр дуугаа аялан морин дэл дээр дөрөө жийж явахад нь Соёлын төвийн эрхлэгч нь яг л “үнэрч нохой шиг” мөшгиж олж аваад, “Дуулах өв” улсын уралдаанд сойход нь сум, аймаг, улмаар улсад түрүүлсэн Д.Бат-Эрдэнэ өдгөө В.А.Моцарт, Ж.Верди, Ж.Пуччини, П.Чайковский, А.Бородин нарын суутны бүтээлийг амилуулдаг тэргүүлэх дуучин болжээ.

Хойд хөршийн Буриад улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, басс хоолойт Д.Бат-Эрдэнэтэй ярилцлаа. Сэлэнгэ сайхан нутагтаа буй түүнтэй цахимаар саадгүй холбогдлоо.

-Та эх орондоо “хоригджээ”?

-Тэгсэн. Өнгөрсөн өвөл манай театрын уран бүтээлчид Москвад Кремлийн ордонд “Сагаалган”-д зориулсан тоглолт хийсэн юм. Түүний дараахан Монголдоо ирээд буцаж амжаагүй байтал хил хаачихсан.

-Харин ч амраад зүгээр юм биш үү?

-Тийм ээ. Нутагтаа, гэр бүлийнхэнтэйгээ сайхан байна. Цаг удахгүй наашлах байх аа.

-Танай театрт басс хоолойт дуучин хэд байна?

-Бид гурвуул.

-Дүрүүдээ тэнцүү хувааж аваад ажилладаг уу?

-Сүүлийн үед надад хуваарилах нь элбэг болсон.

-Сайн дуулж байгаа болохоор тэр юм болов уу?

-Театрын менежментийн бодлого гэж хардаг. Олон улсын уралдаануудад амжилттай оролцсон гэдэг үзүүлэлт бий болов уу. Түүнээс гадна Монголын дуучин гэдэгт учир байх шиг. Шинэ дүр болгоныг шахам өгч байгаа.

-Дуурийн урлагт монгол дуучид хүчтэй байгаагийн илрэл театрын бодлогод тусгалаа олж байгаа юм байна. Та гэнэт л хойд хөршийг зорьсон. Урьсан уу?

-Гэнэт ч яваагүй ээ. Би СУИС-иа төгсөөд улсынхаа ДБЭТ-т хоёр жил гаруй ажилласан. Ардын жүжигчин Г.Хайдавын нэрэмжит “Дуулахуй” уралдаан 2007 онд болсон юм. Тэр уралдаанд түрүүлэхэд Г.Хайдав багш дуудаж чих, хамар барьж үзээд л, цээжин дээр цохисноо “Чи дуурийн дуучин болох хүсэлтэй юү. Тийм бол СУИС-д орж суралцаарай” гэсэн. Дунд сургууль төгссөн намар ангийнхан бүгд их, дээд сургуульд сурахаар нийслэлийг зорьж байхад би “Сэлэнгийн долгио” чуулгын дуучин болж байлаа (инээв).

-Урилгаар уу?

-Тэгж хэлэх юм болов уу. Ямар ч байсан чуулгад ажиллана уу гэсэн албан бичиг ирсэн юм. Тэнд ажиллангаа дуучин Б.Баттөр ахаар бэлдүүлээд СУИС-д элсэж, эчнээгээр сурдаг болов. Ах намайг Ардын жүжигчин Д.Жамъянжав багшийн шавь болгосон юм. Гэтэл багшийн бие муудаад. Намайг өөр багшид хариуцуулах болоход би Ц.Ерөө багшид хандлаа. Шууд л “Багш аа, та намайг аваач” гэсэн. Тэгэхэд багш дуулуулж сонсоод, зөвшөөрсөн юм. Тэгээд л 2010 оноос өдрөөр суралцсаар таван жилийн дараа төгссөн дөө.

-Оюутан байхдаа мэргэжлийн уралдаануудад оролцож байв уу?

-2010 онд Ардын жүжигчин Г.Хайдав багшийн нэрэмжит уралдаан болоход одоо ДБЭТ-ын гоцлол дуучин Б.Гомбо-Очир түрүүлж, би хоёрдугаар байр эзэлсэн. Дараа жил нь Улаан-Үд хотод Оросын алдарт дуучин Л.Линховоины нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын уралдааны оюутны ангилалд оролцоод. Тэгэхэд Ч.Бадрал түрүүлж, би гуравдугаар байр эзэлсэн юм. Тэр үед Буриадын Дуурийн театрын концертмейстер Дарима Линховоин багш сонссон юм билээ. Гурван жилийн дараа тэр уралдаанд мэргэжлийн дуучны хувиар оролцоод эрэгтэйчүүдийнхэд түрүүлсэн. Тэр жилдээ санагдана, М.Глинкийн нэрэмжит олон улсын уралдаанд очоод буцахдаа Улаан-Үдэд Г.Ариунбаатар найзындаа буулаа. Тэр үед Ариука Улаан-Үдийн театрт ажиллах зүгээр гэж хэлж байв. Би ч бодоод л байлаа. Тэгтэл 2016 онд Дарима багш “Чи манай театрт ажиллах бол үүд хаалга хэзээд нээлттэй шүү” гэсэн. Тэгэхэд нь эргэлзээ арилж, шийдээд очсон.

-Алдаагүй биз дээ?

-Алдаагүй ээ. Амьдрал дажгүй. Танай сонины зүгээс хүний нутагт ажиллаж байгаа надаас ярилцлага авч, амжилт ололт, алдаа онооны минь талаар яриулж байгаад талархаж байна.

-Та их урлаг сонирхогчдын анхаарлын төвд байдаг дуучин шүү дээ.

-Баярлалаа. Намайг Сэлэнгэ мөрний эрэгт найзуудтайгаа дуулж явахыг сонсоод, зорьж олж, улсын уралдаанд бэлтгэж оролцуулан, дуурийн урлагийн мастеруудтай уулзуулж өгсөн, манай сумын Соёлын төвийн эрхлэгч Нарангэрэл ах, түүний гэргий Лхамгарьд эгч нарт маш их баярлаж явдаг. Бас сургуулийн хөгжмийн багш Уянгаа их тусалсан. Энэ хүмүүс миний амьдралын замыг заасан гэж хэлж болно.

-Эдгээр хүний нэрийг өмнө нь сонсож байсан санагдана. Хэн тэдний тухай ярьсан байж болох вэ?

-Дуучин Ч.Бадрал, ЦДБЭЧ-ын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Б.Батбаатар ах нар ярьсан байх талтай. Эдгээр хүн бол бидний багш юм. СУИС-д Гавьяат багш Ц.Ерөө, төгөлдөр хуурч Д.Эрдэнэчимэг нарын удирдлагад суралцаж төгссөнөө их олз гэж боддог. Хөдөөний хүүхдэд их урлагийн зах зухаас зааж, сургах амаргүй байсан биз ээ. Гэхдээ багш нарын маань хэн нь ч үгээ хэлж байгаагүй ээ (инээв).

-Найзуудтайгаа голын эрэгт дуулсан тухай хоёр ч удаа дурдлаа. Тэгэхэд юу болсон юм бэ?

-Ангийн хөвгүүд байсхийгээд морь унаж нааш, цааш давхидаг байлаа. Нэг удаа бид сүрхий дуулцгаасан юм. Тэгэхэд хаанаас ч юм Нарангэрэл ах, Лхамгарьд эгч хоёр сонсчихжээ. Маргааш нь тэнд байсан хүүхдүүдийг бүгдийг нь дууджээ. Би айгаад очоогүй. Орой үдэш шуугилдлаа гэж загнах байх гэж бодсон хэрэг. Тэгтэл найзууд “Чи оччих. Ерөөсөө загнахгүй байна лээ. Зүгээр л дуулуулаад гаргаж байна” гэв. Гайхасхийгээд очтол үнэхээр дуулуулсан. Тэгснээ “Оллоо оллоо” гэх юм. Ах, эгч хоёр олон хүүхэд дундаас арай содон сонсогдсон өтгөн хоолойтой нөхөр хэн бэ гэдгийг тодруулах гээд байж. Гэтэл бид айгаад байдаг. Хөгжилтэй байгаа биз.

-Мөрөнгийнхөө эрэгт чухам хэрэгтэй цагтаа дуулсан юм биш үү?

-Харин тийм ээ.

-Хүүхдүүдийн хөгжмийн, урлагийн төлөө гэсэн чин сэтгэлтэй, ажилдаа дуртай хүмүүс юм гэж бодлоо. Ачийг нь хариулж яваа юм байна. Танай аав, ээж ямар мэргэжлийн хүмүүс вэ?

-Манай аав, ээж илгээлтийн эзэд. Газар тариалангийн ажилтай. Бид аав, ээжээс тавуул. Дөрвөн ахтай хүн дээ, би.

-Эрчүүд олонтой айл юм. Одоо таны амжилтын тухай ярих уу. Театртаа олон жүжигт тоглож, гол дүрүүд бүтээжээ. Үүний сацуу дуурийн дуулаачдын олон улсын уралдаануудад өндөр амжилттай оролцож ирсэн. Оргил нь П.И.Чайковскийн нэрэмжит уралдаан уу?

-Мэдээж. Дуурийн дуучин бүр ур чадвараа сорих сон гэж хорхойсдог болов уу.

-Бусад уралдаанд хэрхэн оролцсон талаараа сонирхуулаач.

-2010 онд Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдавын нэрэмжит дуурийн дуучдын уралдаанд дэд байр эзэлсэн тухай түрүүн дурдсан. 2012 онд Гавьяат багш, дэд профeссор Д.Дашимагийн нэрэмжит уралдаанд гран при шагнал хүртсэн. Дараа жил нь Гавьяат жүжигчин О.Ичинхорлоо багшийн нэрэмжит уралдаанаас гран при шагнал авсан.

ЗХУ, ОХУ-ын Ардын жүжигчин Лхасран Линховоины нэрэмжит дуурийн дуучдын олон улсын уралдаанд тэргүүлж, “Шилдэг аргил хоолойтон” шагнал авсан. 2014 онд Москва хотод болсон М.И.Глинкийн нэрэмжит олон улсын уралдаанаас тусгай шагнал хүртлээ. ЗХУ, ОХУ-ын Ардын жүжигчин Б.М.Балдаковын нэрэмжит уралдаанд нэгдүгээр байр эзэлсэн. Ингээд бичээд л байх уу.

-Дуусах болоогүй юу?

-Буриадын “Байкалскийн”, Санкт-Петербургийн И.Богачёвын IX уралдаанд тэргүүлсэн. За, тэгээд өнгөрсөн жил П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XVI уралдааны финалист буюу шийдвэрлэх шатны өрсөлдөгч болж, шилдэг арван дуучны нэгээр шалгарсан.

-Санкт-Петербургт болсон энэ уралдааныг өдөр, шөнөгүй үзэж, эндээс монгол дуучдаа дэмжиж, дээлийнх нь захыг мушгиж суулаа. Манай залуус бахархалтай байсан шүү. Гадаадад уралдаанд явж байхдаа Монголын дуурийн дуучдын талаарх мэргэжилтнүүдийн шүүмж, дүгнэлтийг бишгүй сонсдог байх. Манай дуучдыг үнэлэхдээ юу гэж хэлдэг бол?

-Монголын дуучид сайхан хоолойтой нь байгаль, цаг ууртай нь холбоотой юм болов уу гэж ярьдаг. Дуулах урлагийн орос, болгар дэгийг амжилттай өөрийн болгожээ гэх юм билээ. Г.Ариунбаатар, Э.Амартүвшин нар удаа дараа өндөр амжилт гаргаснаас хойш, Монгол Улс дуурийн дуучин бэлтгэх өөрийн гэсэн дэг сургуультай болсон юм биш үү ч гэж ярьж байсан.

-Ингэж ярихыг сонсоход ямар санагддаг вэ?

-Энэ сайхан залуусын араас нэхэх мэт дуулж яваадаа баярлаж, улам хичээх юм шүү гэж боддог.

-Уралдаанд гадаадын сайн дуучидтай өрсөлдөх хэцүү байдаг байх даа?

-Монголчуудтайгаа уралдах чанга. Ер нь эх орондоо болдог уралдаануудаас айна уу гэхээс гадаадад тэгтлээ сандардаггүй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)