Д.БАТГЭРЭЛ: UFC-тэй гэрээ байгуулсан минь булган сүүлтэй байгаасай

холимог тулаан

Холимог тулааны тамирчдын мөрөөдөл, хамгийн өндөр оргил болох UFC холбоонд Монголоос анх удаа хөл тавьж, гэрээ байгуулсан Данаагийн Батгэрэлтэй ярилцлаа. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харьяат, UFC холбоо, “Team Tungaa” “One team” клубийн тамирчин тэрбээр мэргэжлийн дэвжээнд долоо тулалдахдаа зургаад нь ялаад байна.

-Дэлхийн хамгийн нэр хүндтэй, өндөр чансаатай холбоо бол UFC. Тус холбоонд хүч сорих нь тухайн тамирчны нэр хүндийн баталгаа болдог. Тэр хэрээр өндөр босготой, шалгуур өндөртэй. Та UFC-д өрсөлдөх болзлыг хэрхэн хангаж, гарцыг нь яаж олов?

-Олон жил тээсэн зорилгоо биелүүлж, анхдагч болсондоо баяртай байна. UFC холбооныхон 2014 бил үү 2015 онд Хөгжлийн хөтөлбөр зарлаж, залуу тамирчдыг хамруулсан юм. Бүгдийг нь зургаан сар бэлтгэл хийлгэж байгаад UFC-д шалгаруулж авахаар төлөвлөсөн юм билээ. Тэгэхэд нь Монголоос Отгонтулга, Б.Дамланпүрэв бид гурав хамрагдан, АНУ-д очиж, нэг клубт бэлтгэл хийсэн юм. UFC-ийн аварга Жон Жонес, Холли Холм тэргүүтэй олон шилдэг тамирчин бэлтгэл хийдэг, мэргэжлийн боксын хамгийн алдартай клубийн нэг л дээ. 

Гэтэл UFC гэнэт зарагдан, өнөөх гэрээг цуцалчихсан. Тэглээ гээд би зорилгоосоо ухраагүй, өөрийгөө дайчилсаар л байлаа. UFC-д хүч сорих бүх л гарцыг хайн, улам хичээсэн. Эл холбооны тамирчин болох шалгуур их өндөр юм байна. Холимог тулаан хэдийгээр спортын нэг төрөл ч нөгөө талаараа бизнес. Тэр утгаараа тухайн тамирчны ур чадвараас гадна аль улсын иргэн байх нь их нөлөөлдөг. Би АНУ-д зургаан сар бэлтгэл хийхдээ нэлээд судалж, тэндхийн дасгалжуулагч нараас зөвлөгөө авсан. Би энэ жил АНУ руу буцаж, хоёроос гурван тулаан хийн, чансаагаа ахиулах бодолтой байв. Ер нь долдугаар сарын эхээр явахаар төлөвлөсөн юм. Тэгж байтал менежер Сэр-одын Анар хөөцөлдсөөр байгаад намайг UFC-тэй холбон, гэрээ байгуулах гарцыг оллоо. Эл холбоонд тулалдах болсонд найзын минь гавьяа их. 

Би сүүлийн тулаануудынхаа ихэнхийг нь эхний үед цохилтоор ялсан. Мөн “Legend FC” холбоонд хүч сорьж байхдаа Шинэ Зеландын тамирчин Кай Кара Францыг дийлсэн нь их нөлөөлсөн гэнэ лээ. Франц эр дараа нь UFC-д хөл тавингуутаа шуугиулж, жингийнхээ шилдэг 10-т багтсан юм. Одоо ч гялалзаж яваа. UFC холбооны тамирчин болж, гэрээндээ гарын үсэг зурахад үгээр илэрхийлэх аргагүй сайхан мэдрэмж төрлөө. Би тус холбоотой 20 сарын гэрээ байгуулсан. Мэдээж сайн тулалдаж, гэрээгээ сунгахыг хүсэлгүй яах вэ.

-Бэлтгэлээ л тууштай хийж, хичээвэл дэлхийн шилдэг холбоонд өрсөлдөх хэмжээнд хүрсэн гэх итгэл танд хэдийнээс төрсөн бэ?

-Би өмнө нь “Legend FC” холбооны аварга болоход дөхөж очоод байтал татан буулгачихсан. Уг нь Кай Кара Франц бид хоёрын ялсныг аваргын төлөө тоглуулах гэж байсан юм. Би дараа нь БНХАУ-ын RUFF холбоонд хүч сорьсон. Доод жингийн аварга, ӨМӨЗО-ы тамирчин жин өгсөөд 65 кг-д хүч сориход нь би ялсан юм. Тийнхүү тус холбооны аваргын төлөө өрсөлдөх болзол хангатал RUFF тэмцээн зохиохоо больчихсон. 

Тэгэхэд би өөрийгөө өндөр амжилт гаргах, UFC-д хөл тавих боломжтойгоо мэдэрсэн юм. Өнгөрсөн хугацаанд өөр холбоонд тоглох боломж зөндөө гарсан. Ялангуяа сүүлийн жилүүдэд намайг цөөнгүй холбоо сонирхож буйгаа илэрхийлсэн. Би л хүсвэл “One championship” “Драгон хаус” зэрэг холбоонд тоглох үүд нээлттэй байлаа. Гэхдээ би тэгж цаг алдахыг хүсээгүй, гүрийж байгаад л UFC-д тулалдахыг зорьсон юм. Өнөөдрийн мөнгө, тулааны тов яах вэ нэг мөсөн том оргилд гарья гээд зүтгэсэн дээ. 

Намайг дэмжиж, тусалдаг Ж.Нарантунгалаг гавьяат, “Ирээдүй” клубийн дасгалжуулагч Арай Жүничи болон “One team”-ийн Ш.Ганбаатар багш, менежер С.Анар, УИХ-ын гишүүн Н.Учрал, Монголын оюун ухааны академийн Х.Хатанбаатар, М.Батжаргал, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, “Moustage”-ын захирал Н.Нардамба, Д.Сайнхүү ах болон “Изинес эйрвейз” компанийн хамт олон, Монголын холимог тулааны бүх тамирчин, дасгалжуулагч, гэр бүлийнхэндээ баярлаж явдаг.

-Дэлхийн хамгийн том холбоонд монгол тамирчин өрсөлдөх болоход UFC-ийн удирдлага, тамирчид хэрхэн хүлээж авав?

-Ер нь их дуртай, элэгтэй хандаж байгаа нь анзаарагдсан. Монголчууд дайчин ард түмэн. Чингис хаанаараа бүр ч их алдартай. Тэр талаараа тэдний анхаарлыг чамгүй татсан юм шиг байна лээ. UFC-ийн дэвжээнд хийх анхны тулаанаа сэтгэл догдлон хүлээж сууна.

-Та тус холбооны анхны тулаанаа энэ сарын 31-нд БНХАУ-д хийнэ. Бэлтгэлээ хэрхэн базааж байгаа вэ?

-Их сонирхолтой тулаан байх болов уу. Учир нь миний өрсөлдөгч, ӨМӨЗО-ы тамирчин Алтанхил бид хоёр дотнын найз. Хоёулаа UFC холбоонд анхны тулаанаа хийнэ. Түүний ахыг Алтанбүргэд гэдэг, бас холимог тулааны тамирчин. Би БНХАУ-д тэмцээнд оролцохдоо Алтанхилийн клубт бэлтгэл хийн, тэднийд байдаг байлаа. Бие биенийхээ тоглолтын арга барилыг сайн мэднэ. Алтанхил өмнө нь “Road FC” холбооны аваргын төлөө хоёр ч удаа өрсөлдсөн туршлагатай. Би бэлтгэлээ “One team” клубт, Ш.Ганбаатар дасгалжуулагчийн удирдлагад хийн, Ж.Нарантунгалаг багшаасаа заавар, зөвлөгөө авч байна.

-Тамирчин бүхэн дэлхийд эх орноо, түүх, соёлоо сурталчлахыг хүсдэг. Дэвжээнд гарахдаа тавих дуугаа сонгосон уу?

-Би өмнө нь дэвжээнд гарахдаа “Алтан ураг”-ийн “Хөх толбот”-ыг тавьдаг байсан юм. UFC-ийн дэвжээ рүү “The HU” хамтлагийн “Wolf totem” дуун дээр гарахаар төлөвлөсөн.

-UFC-ийн аварга, дэлхийн шилдэг болно гэх итгэл танд хэр байна вэ?

-Одоохондоо энэ талаар ярихад эрт байна. Ойрхон байгаа, дэлхийн аварга болно энэ тэр гэвэл онгирсон болох байх. Мэдээж UFC-ийн аварга болохын төлөө бүхнээ зориулна, дайчилна. Тэгэхийн тулд юуны түрүүнд ялагдахгүй, чансаагаа ахиулах нь их чухал.

-Та Ж.Нарантунгалаг гавьяатын шавь. Багштайгаа хэрхэн учирч, холимог тулааны спортод хөл тавьсан дурсамжаасаа хуваалцана уу?

-Би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумд төрж, өссөн. Аав минь хилийн цэргийн 0146 дугаар ангид алба хаадаг, офицер цолтой байлаа. Би эхээс гурвуулаа, хоёр ахтай. Багын хөдөлгөөнтэй, спортлог хүүхэд байсан. 2006 онд ямар нэг спортоор хичээллэмээр санагдаад болдоггүй. Тухайн үед манайх Улаанбаатарт нүүгээд ирчихсэн байв. Тамирчид жүдо, чөлөөт бөхийн бэлтгэл хийхийг үзлээ, миний сонирхлыг төдийлөн татаагүй. За, байз яах вэ гэсээр боксын танхим руу ортол Ж.Нарантунгалаг багш холимог тулааны бэлтгэл хийж байна. 

Надад шууд л таалагдсан. Хөл, гараараа довтолж болдог ямар гоё спорт вэ гэсэн шүү юм бодоод л. Тухайн үед амжилт гаргана, тамирчин болно гэж төсөөлөө ч үгүй. Анхандаа кикбоксын бэлтгэл хийн, дараа нь холимог тулаанд хөл тавьсан. Өдөр өдрөөр эл спортод дурлаж, амжилтын төлөө зүтгэх болов. Мэргэжлийн дэвжээн дэх олон улсын анхны тулаанаа “Legend FC” холбоонд хийж байлаа. Тэгэхэд багш тус холбооны 70 кг-ын аварга болж, би каратегийн хар бүстэй, Хонконгийн тамирчныг ялж билээ. Монголын холимог тулааны спортын анхны гэх тодотгол бүхий олон амжилт “Legend FC”, “One championship” холбооны аварга Ж.Нарантунгалаг багштай салшгүй холбоотой. Багшийнхаа үргэлжлэл болж яваагаараа бахархдаг.

-Ж.Нарантунгалаг гавьяатаас юуг нь үлгэрлэж явдаг вэ?

-Багш минь маш их тэвчээртэй, дайчин, хөдөлмөрч. Энэ жил “One championship” холбооны аваргын бүсээ эргүүлэн авахын төлөө Мартин Нгуентэй өрсөлдсөн. Багшийнхаа гаргасан тод жимээр алхаж явна. Би багшаасаа, Пан Азийн аварга Д.Лхагваа ах, UFC-ийн аварга Жон Жонес нараас үлгэрлэдэг.

-Холимог тулаан бэртэж, гэмтэх эрсдэл ихтэй спорт. Цус асгаруулан тулалдаж буй тамирчдыг харахаас халширмаар. Д.Батгэрэлийн тулааныг ээж тань үздэг үү?

-Би Монголдоо ээж, эмээ хоёртойгоо амьдардаг. Тэд маань миний тулааныг үзэж чаддаггүй. Ёстой нүд хальтираад, зүрх шимширмээр юм байна гэдэг. Ялсны дараа л мзурагтаар үздэг. Гэхдээ намайг өөр спортоор хичээллэ, боль гэж ятгаж байгаагүй. Бүх талаар дэмждэг.

-Та одоогоор мэргэжлийн дэвжээнд хэдэн тулаан хийгээд байгаа вэ?

-15 гаруйг хийснээс дэлхийн чансаанд долоо нь бүртгэлтэй. Тэдгээрийн зургаад нь ялж, гурвыг нь хүнд цохилтоор буулгаж авсан. Би Монголынхоо MGL, MFC, гадаадын RUFF, “Baikal FC”, “Legend FC” зэрэг холбоонд хүч сорьсон туршлагатай. Гадаадын дэвжээнд нэг ч ялагдаагүй. Харин 2015 онд Монголдоо, МGL холбооны аваргын төлөө өрсөлдөхдөө байлдааны самбогийн дэлхийн хошой аварга Б.Дамланпүрэв ахад дийлдсэн. Түүнээс хойш ялагдал амсаагүй явна.

-Та Б.Дамланпүрэвт өмнө нь 2010 онд дийлдсэн. Тиймээс дөрвөн жилийн дараа даагаа нэхэх зорилготой өрсөлдсөн нь мэдээж. Тэр ялагдлын дараа алдаагаа хэрхэн зассан бэ?

-Тухайн үед “Legend FC”, RUFF зэрэг холбоонд өрсөлдсөн туршлагатай, өөртөө нэлээд итгэлтэй болчихсон байв. Даанч тэмцээний өмнө бэртэн, бэлтгэлээ бүрэн хангаж чадаагүй. Ялагдсаныхаа дараа өөрийгөө их хурцалж, барилдааны бэлтгэл дутуугаа анзаарсан.

-UFC-д өрсөлдөх хэмжээний тамирчин Монголд хэр олон байгаа вэ?

-Олон байгаа, үүнийг би нүүр бардам хэлнэ. Яг тэр, энэ гэж онцлоод яах вэ. Бүгдэд нь боломж бий.

-Хэдийгээр өнөө цагт мэргэжлийн спортуудаас Монголд хамгийн өндөр хөгжиж байгаа нь холимог тулаан ч шантрах зүйл хэр гардаг бол?

-Гаралгүй яах вэ, юуг нь нуух вэ. Өнгөрсөн оны есдүгээр сард би АНУ-д очсон юм. Тэгэхэд Монголын оюун ухааны академийн Батжаргал найз минь их тусалсан. Хүний нутагт зургаан сар бэлтгэл хийсэн. Тоглолтын гэрээгүй, яг яах нь тодорхойгүй явахад юм юм л бодогддог юм билээ. Бэлтгэлээ хийгээд л байгаа мөртлөө хэзээ тулалдах нь тодорхойгүй. Аль нэг холбоотой урт хугацааны гэрээ хийчимээр байдаг. Хэрвээ тэгвэл тухайн гэрээний хугацаа дуустал UFC-ийн тамирчин болох боломжгүй болчих гээд л. Тийм үед ер нь хэцүү шүү.

-Олимпын бус төрлийн спортын тамирчдыг улсаас төдийлөн дэмждэггүй гэж шүүмжлэх хүн олон. Холимог тулаанчдыг улсаас дэмждэг ч болоосой гэж заримдаа бодох юм уу?

-Тэгж ёстой боддоггүй. Мэдээж улсаас биднийг дэмжвэл амжилтад хурдан хүрч, томоохон холбооны хараанд өртөнө. Тэр хэрээр Монголд холимог тулааны спорт богино хугацаанд хөгжих болов уу.

-UFC-ийн анхны тулаанаа хийхээр БНХАУ руу хэзээ явах вэ?

-Тэнд энэ сарын 27-нд бэлэн байх ёстой. Тэгэхээр өмнөх өдөр нь явах болов уу.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (11)