Д.БААТАРСҮРЭН: Цас их орж, цагаан зуд болох эрсдэл өндөр байна

Зудын эрсдэлийн үнэлгээг Улсын онцгой комиссын ажлын хэсгийнхэн гаргажээ. Энэ талаар ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэнгээс тодрууллаа.

-Нийт нутгаар өвөлжилтийн бэлтгэл хэр хангагдав. Өвөлжилт хүндэрч болзошгүй ямар аймаг байна вэ?

-Цаг уур, орчны шинжилгээний газраас энэ жил бэлчээрийн үнэлгээ хийсэн. Нийт нутгийн хэмжээнд хур бороо дунджаас их, зуншлага харьцангуй сайн байсан гэж үзэж буй ч говийн аймгуудад нөхцөл байдал маш хүнд болсон. Ялангуяа Дундговь, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговьд ширхэг ч өвс алга гэхэд хилсдэхгүй. УОК-ын ажлын хэсэг есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 5 хүртэл Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Архангай гэсэн зургаан аймагт ажиллалаа. Эдгээр аймагт бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн, өвөлжилт хүндэрч болзошгүй байна. Эрсдэлийн үнэлгээнээс үзэхэд эдгээр аймагт нэгдүгээрт, өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх боломжгүй болжээ. Хоёрдугаарт, махаа борлуулах боломж алга. Ямаа, хонины амьдын жин 10 орчим кг. Тиймээс мах боловсруулах үйлдвэрүүд голоод авахгүй байна. Дээрх аймгуудад нийт 6000 өрхийн 3.9 сая мал оторлож байгаа. Машиныхаа тэвшин дээр хоёр сар амьдарсан гэр бүл ч цөөнгүй таарсан. Тусгай хамгаалалттай газарт мал оруулж, оторлуулж буй ч усгүйгээс хүндрэл гарчээ. Өмнөговьд гэхэд хилийн зурвас руугаа мал орууллаа ч усны асуудал бэрхшээлтэй байна. Өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн бэлтгэл ч дээрх аймгуудад хангалтгүй. Тухайлбал, Баянхонгор аймагт 2700 тн өвс, 950 тн тэжээл бэлдэх ёстой. Гэтэл одоогоор 411 тн өвс, 109 тн тэжээл бэлджээ. Энэ нь нөөцлөх ёстой өвсний дөнгөж 15.2, тэжээлийн 11.5 хувийг л бэлдсэн гэсэн үг. Энэ жил цас их орж, цагаан зуд болох эрсдэл өндөр гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэж байна. Ялангуяа энэ зургаан аймагт эрсдэл хамгийн өндөр, өвөлжилт хүндрэх нь тодорхой болсон.

-Ямар тусламж, дэмжлэг үзүүлэх вэ?

-Засгийн газрын хуралдаанаар өвөлжилт хүндэрсэн аймгуудад үзүүлэх тусламжийн талаар хэлэлцсэн. Үүний үр дүнд 2.2 тэрбум төгрөгийг өвөлжилт хүндэрсэн аймгуудад хуваарилахаар шийдвэрлэлээ. Одоогоор аль аймагт хэр хэмжээний тусламж олгох нь тодорхойгүй. Энэ жил 90 орчим сая мал өвөлжих тооцоо гарсан.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)