Д.Баасанжав: Би гэж чуулгын байраар хиншүү үнэртүүлсэн нөхөр явдаг байлаа

Аавынхаа нэрний оронд “Дунгаамаа”-гийн, “ардын дууны” гэхчлэн уран бүтээлээрээ овоглодог дуучин Д.Баасанжавыг “Нямын зочин”-оор урилаа. Оны босгон дээр Гавьяат жүжигчин хэмээх эрхэм цол хүртсэн дуучин хойч үеэ бэлтгэх үйлсэд зүтгээд багагүй хугацаа үджээ. 

Эртнээс дуучдаараа алдартай Сэцэн хан аймгийн Хөвчийн жонон вангийнхны хойч үе болж яваа, өвөөгийнхөө бор гэрт тааваараа тарвалзаж балчир насаа үдсэн түүний амьдралд хүний хорвоогийн зовлон, жаргал сүлэлдсэн ч гэрэл гэгээтэй нь илүү, туулсан зам нь алсуураа өгсүүр байжээ. Түүний илэн далангуй ярилцлагыг хүргэж байна.

-Ардынхаас илүү нийтийн дуу дуулбал олон нийтэд амархан танигддаг шиг харагддаг. Та бас “Дунгаамаа”-гаас хойш нийтийн дуу руу орчих боломж дүүрэн байсан байх. Харин оюутнуудад ардын дуу заахыг илүүд үзжээ. Ардын дуунд бүх амьдралаа зориулахад юу нөлөөлсөн бол?

-Аймгийн артельд барилгын шохой нийлүүдэг, зун ажил эхлэхээр тал талаас арав гаруй айл цуглаж буудаг, өвөл айлууд малаа дагаад өвөлжөө бууцаа бараадахаар өвөө бид хоёр л үлддэг Шохойн тасаг хэмээх жижиг сууринд миний балчир нас өнгөрсөн. 

Өвөөтэйгөө Шохойн тасгийнхаа хэдэн байшинг сахиад үлдэхээр уйддаг юм сан уу, улаан хошуут, шаазгайтай яриад суудаг хүү байсан гэнэ билээ. Шохойн тасгийнхан намар ажлаа дуусгаад “банкат” хийнэ. Түүндээ зориулж хөөрхөн тоглолт бэлтгэнэ. Өвөө, аав хоёр минь их сайхан дуулна. Тэдний дэргэд өссөн болохоор багаасаа л дуунд дуртай, байгалийн өгөгдөл ч юм уу, нэг сонссон дуугаа мартахгүй.

Шохойн тасгийг барааддаг улс ихэвчлэн мал маллаж чадахааргүй болсон хөгшид байх. 4-5 настай хүүхэд “Гарын арван хуруу нь гажаа нь үгүй шулуун даа” гээд дуулахаар өхөөрдөж, намайг байсхийгээд л гэртээ дуудна. Дуулуулна, өөр дуу зааж өгнө. Ганц бие хөгшид уйдаж, ганцаарддаг байсан биз. 

Намайг дуулахаар зарим нь нулимс унагана. Шагналд нь авдраа ухаж чихэр гаргаж ирнэ. Амттай хоол хийхээрээ дуудна. Тэр хавийнхаа амттай шимттэйг л хүртдэг хүү байв. Ээжээ алдсан хүү, ханиа алдсан хөгшид бие биедээ хань болж, ганцаардлаас ангижирч байсан нь тэр. 

Өдий зэрэгтэй яваа минь нутгийнхаа өвгөдийг баярлуулж, түр зуурт боловч сэтгэлийг нь дэвтээн, хань болж явсны буян гэж боддог. Би өөрөө тийм сүрхий хөөцөлдлөгөөтэй, тэгчих юм сан, тэгэхгүй л бол болохгүй гээд адгаж зүтгээд явдаг хүн биш. Урдах ажлаа л сэтгэлээсээ хийх сэн гэж боддог. Харин хувь заяа маань намайг овоо зөв замаар явуулаад байдаг юм.

-Таны анхны мэргэжил цахилгаан хэрэгслийн засварчин бил үү?

-Эргээд бодоход би хэлд орсон үеэсээ л дуулж, насаараа дуу хууртай холбоотой яваа хүн аж. Сумын сургуульд найман жил сурахдаа долоод нь дууны аваргаар шалгарч, ганц удаа хоёрдугаар байрт орсон. Наймдугаар ангиа төгсөөд гэр ахуйн цахилгаан хэрэгслийн засварчин болохоор ЗХУ-ын Ярославын ТМС-т явсан. 

Тэнд бас л дуу хуур, тоглолт, олон нийтийн арга хэмжээ гэж яваад сурсан юмаар маруухан. Эрхбиш, ойр зуурын эвдрэл гэмтэл засаж, янзлахтайгаа болсон ч цаанаасаа явах зам нь биш болохоор дурлаж, зүтгэдэггүй юм билээ. Бас болоогүй ээ, төгсөж ирээд аймгийн Ахуйн үйлчилгээний газарт цахилгаан хэрэгслийн засварчин гэгдэж гурван жил ажилласан. 

Харин азаар, тэр үед айлууд цахилгаан хэрэгсэл цөөнтэй байж. Аймгийн төвийнхөн дөнгөж л цахилгаан зуух, зурагт, хөргөгч төдийхөнтэй болж байсан үе шүү дээ. Оросынх, тэгээд шинэ эд эвдэрч шалих биш. Тэнд би бас л дуулах ажлаа хийсэн. Манай аймгийн Ахуйн үйлчилгээний газар олон хүнтэй, дуу хуурыг дэмждэг сайхан хамт олон байв.

-Урлагийн сургуульд орохгүй яагаад цахилгаан хэрэгслийн засварчин болох гээд ТМС-т явчихсан юм бэ?

-Одоо бодоход надад ямар мэргэжил эзэмших нь бус, гадаад явах нь л сонин санагдсан шиг байгаа юм. Тэгээд ч хичээлдээ тааруу, арай гэж наймдугаар анги төгссөн нэр зүүгээд, малчин болох илгээлт авах дээрээ тулчихсан хүнд гадаадад сургуульд явах нь бөөн аз байлгүй яах вэ.

Багш нар ч намайг дуулж л явах ёстой хүн гээд бодчихсон, би ч түүндээ итгээд, хичээлээ хаячихсан юм. Есдүгээр ангид орж чадаагүй хүүхдүүдийг хэрхэх талаар ярихад багш нар “Баасанжавыг яаж малчин болгох вэ” гээд ЗХУ-ын ТМС-т явуулсан нь тэр.

-Малчин болох дөхжээ, тэгвэл...

-Малчин болох дээр тулбал аймгийн Соёлын ордон намайг авчих байсан л даа. Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Жонон хонгор”-ын Л.Дашням багш манай сумынх. Багш маань аймгийн Соёлын ордонд ажиллаж байсан. Сургуулиа төгсөхөөр намайг дуучнаар авна гэдэг байлаа.

-Мэргэжил эзэмших гэж бус, гадаадад очиж үзэх гэж л явсан хүн Орост дуулсаар л явав уу?

-Би сумаасаа гарч үзээгүй, аймгийн төвдөө ч хөл тавиагүй “амьтан” Орос руу явах боллоо. Гэтэл өмсөх хувцас байдаггүй. Ах маань хавар цэргээс халагдаж ирэхдээ тохой хэрийн урт, шөвгөр хар ботинк, том том шоон хээтэй трапизан өмд, пиджак авчирсан юм. 

Түүнээ надад өглөө. Хамгийн дэгжин, сайхнаа л өгсөн нь тэр. Өмнө нь тийм юм өмсөж үзээгүй хүнд эвгүй, сүртэй гэж туйлгүй. Ингээд замын машинд дайгдан Жаргалтхаан орж, тэндээсээ хотын автобусанд гар өргөж, суудал нь дүүрэн тул зогсоогоороо шахам явсаар нийслэл бараадаж билээ. Хотод шөнө ирээд, хамт яваа хүмүүстэйгээ Амгаланд нутгийн айлд хонох болов. 

Гадаад явж байгаа намайг гэрийнхэн байдгаараа гоёж, гоодох гэж оролдсоны илрэл биз, ээж минь эмэгтэй хүний “турсийк” авч өгөөд, “Гадаад явж байгаа хүн шинэ, цэвэрхэн хувцастай байх ёстой” гэсээр өмсүүлсэн юм. Дэлгүүрт байсан нь л тэр юм уу, бичиг, номгүй хөдөөний хүн болохоороо ялгаатай байдгийг мэддэггүй ч байсан санж уу. Гэтэл хотод ирээд хоносон айл олон охинтой, би тэднээс ичээд, хувцсаа тайлж чаддаггүй. 

“Хувцсаа тайлаад унт” гээд байхаар нь хөнжил дотор орж өмдөө тайлаад, маргааш өглөө нь хүмүүс сэрэхээс өмнө босож хувцсаа өмсчихөөд сууж байж билээ.

Ингээд нутгийнхаа нэг айлд очтол тэднийх хөдөө явах болоод, гэрээ хурааж байв. Өөр очих газаргүй хүн яалтай билээ, тэдний амбаарт, хураалттай бүрээсэн дээр нь, молоко, талхаар хооллоод сар шахам амьдарсан. Гадаад явах хүүхдүүд эрүүл мэндийн үзлэг, элдэв бичиг цаас бүрдүүлэх гээд явахаасаа өмнө сар шахам хотод байх шаардлагатай болдог байсан юм. Тэр үед хотод “Хоёр, гурван төгрөг өгчих” гэдэг жижиг дээрэмчин олон байлаа. 

Тэд зүгээр явуулахгүй. Би ч хөдөөнөөс ирсэн нь андашгүй байлгүй яах вэ. Цэрэгт яваад ирсэн хүний хувцас наймдугаар ангийн хүүд яаж таарч, сайхан харагдах вэ. Нэг их том эрээн пиджактай, тохой хэрийн гуталтай, хачин л юм яваа биз. Гарах тоолонд хүн дуудаж мөнгө нэхээд байхаар нь сүүлдээ мөнгөө задлуулж, энгэртээ нэг төгрөг хийж явдаг болсон. Дуудахаар нь очиж түүнээ өгчихөөд яваад өгнө.

Харин Орост очоод дуу хуур гэж явсаар сургуульдаа од маягтай болж, орос охинтой үерхэн, хэлийг нь сураад, ёстой газардаагүй.

-Та цэргийн албанаас халагдаад “Хан Хэнтий” чуулгад орсон гэж ярьж байсан. Хэдийд нь цэрэгт явсан хэрэг вэ?

-1983 онд Л.Дашням багш “Хан Хэнтий” чуулга байгуулна, чи дуучин болоорой гэж байтал би нэг бүсгүйд учиргүй дурлалаа. Гэтэл нөгөө эмэгтэй “Цэргийн хүн гоё” гэдэг юм байна. Тэр үед эрэгтэй, эмэгтэйгүй цэрэг хувцас сайхан гэж хардаг, цэргийн хүн моод байв даа. 

Ингээд “Ерөөсөө цэргийн албанд явъя. Хилийн цэрэгт явбал Хилийн цэргийн ансамбльд, ардын армид явбал Армийн чуулгад орчихож болох байх” гэсэн цээжний тооцоо амьхандаа хийгээд, явсан юм. Гэтэл юуных нь цэргийн ансамбль байх вэ, Халхын голд шумууланд бариулж гурван жил болоод ирсэн. 

Ирэхэд хайртай хүүхэн минь ч намайг хүлээж байсангүй. Гэхдээ бас ч хоосонгүй, цэргийн албанд байхдаа хөгжмийн зохиолч Ю.Хөнхөр багштайгаа танилцаж, ноот сурсан нь том олз байлаа. 1984 онд Халхын голын урлаг соёлын өдрүүд нийслэлд болоход ирж, гоцлол дуулаад “Хилчний алдар” медаль, 1986 онд Бүх ард түмний урлагийн их наадамд ардын армиас шалгарч, оролцоод, алтан медаль хүртсэн.

-Халагдаж ирээд чуулгын дуучин болох нь ойлгомжтой байж ээ?

-Ойлгомжтой. Л.Дашням багш маань хүлээж байсан юм. Гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгс бид хоёр нэг тушаалаар “Хан Хэнтий” чуулгад орж байлаа. Тэр намраа бид алсын бригадад явах боллоо. Манай чуулга ганц муу автобустай. Тэнд ахмадууд, томчууд сууна. Томчууд гэдэг нь Соёлын тэргүүний ажилтан цолтнууд шүү дээ. Түвшинтөгс, бид мэтийн залууст тэдний хувцас, тоглолтын хэрэгслийг ачсан бүхээгтэй “Газ-53” машины тэвшинд л зай олдоно.

Өдөржин явж, оройхон очих газартаа хүрээд 19.00, 21.00 цагаас тоглоно. Томчууд 19.00 цагт тоглочихоод амарна. 21.00 цагийн тоглолт, дараагийн бүжгийг залуус даана. Шөнөжин юм болно. Сумын “овгорууд”-аас хэдэн охиноо хамгаалах гэж сүрхий ажил бий. Заримаас нь шанаа авна. Заримд нь шанаа өгнө. Заримтай нь найз нөхөд болно. Тэгж тэгж шөнө дунд өнгөрсөн хойно бүжиг тараагаад ачаа тээш, хувцас хунараа янзалж ачсаар байтал үүр цайж, дараагийн сум руу гарна даа. Тэр ч бас гайгүй.

Есдүгээр сарын эхээр аймгаас гарахад дулаахан байсан болохоор би зуны шахуу хувцастай шидчихсэн юм. Тэгтэл алсын бригад гэдэг чинь явж өгдөг юм байж. Хэнтий аймгаас гарч, замдаа тааралдсан аймаг, сумдад тоглож явсаар Баян-Өлгийд хүрлээ. Буцах замдаа мөн л тоглолтоо хийсээр арваннэгдүгээр сарын 7-нд Тосонцэнгэлд ирэв. 

Монголын хамгийн хүйтэн нутагт жавар тачигнаж, шагайгаар татсан цастай угтав. Октябрийн баяраар урлагийнхан хаана ч явсан заавал туг барьж жагсан, олон нийтийг манлайлах үүрэгтэй. Бригадынхнаасаа хамгийн залуу нь болохоор нимгэн хувцастай гэж хойш суух эрхгүй. Зуны ботинктой, нимгэн хувцастай дэрчийсэн юм туг бариад бөмбөгнөтөл чичрээд явж байсан минь залуу насны тод, сайхан дурсамжийн нэг болж үлджээ.

-Хэзээ хотын хүн болсон юм бэ?

-Ц.Түвшинтөгс “Хан Хэнтий” чуулгад жил орчим ажиллаад, 1987 онд сургуульд явчихлаа. Дараагийн жил нь би явна гэж бодож байтал өөр хүн явуулаад, надад хуваарь олдсонгүй. Түүний дараа жил ч мөн адил. Ингээд 1989 оны өвөл хот орж ирлээ. Найзтайгаа уулзах гэж яваа нь тэр. 

Мань хүн оюутны байранд янзын гоё байна аа. Ийм том (хоёр гараа дугуйруулан хэмжээг нь үзүүлэв) саваар цуйван хийж өгөөд, “Оюутны амьдрал ийм гоё. Би сургуульд сурснаар дээд өнгөө их сайхан авдаг болсон. Оюутны зөвлөлд орсон. Чи энэ хавар л яаж ийж байгаад сургуульд элсээд, хүрээд ир. Найз нь энд байгаа юм чинь алзахгүй. Энэ жил ирэхгүй л бол хоцорлоо. Буцаж очоод сайн бэлдэж бай, би энд багш нартай ярья” гэх мэтээр их ятгалаа.

Түвшээ яваад, тэнд биeнээ ирлэж, хурцлах, нэгнээ харж дуурайх, өрсөлдөх үeийн хүнгүй болчихсон, бас сургуульд явах гэж хоёр ч жил үзээд чадаагүй, гэр бүл зохиогоод үр хүүхэдтэй болчихсон, цаг төр ч өөрчлөгдөж, зах зээлийн нийгэмд шилжин, мал хувьчлах тухай яриа гараад эхэлсэн үe тул би “Сургууль соёл ч яамай, энэ хавиараа байж байгаад өмч хувьчлал, түрээсээр хэдэн мал аваад хөдөө гардаг юм уу” гэсэн шүү юм бодож явсан үе л дээ. Энэ бодлыг найз маань 180 хэм эргүүлсэн.

Буцаж нутагтаа очоод Түвшээтэй хэл авалцах гэж хэцүү ажилтай боллоо. Гар утас бүү хэл, гэрийн утастай айл цөөхөн. Холбооны газарт захиалга өгч утсаар ярьдаг байлаа шүү дээ. Хавар болж, сургуулийн элсэлт дөхөөд байдаг, Түвшээтэй холбоо барьж, сургууль соёл бүтэх шинж байгаа, үгүйг мэдмээр байдаг. 

Утсаар ярих гэж аймгийн Холбооны газарт мөн ч олон очиж билээ. Түвшээ, бид хоёрын цаг таарахгүй зөрчихөөд болохгүй. Тэгж тэгж нэг холбогдтол, “Би багш нартай ярьж байгаа, чи дуугүй хүрээд ир” гэснээр би нутгаасаа зориглон гарч байлаа.

-Нэлээд хожим, цаг хатуу үед оюутан болжээ?

-Өмнө нь аравдугаар анги төгссөн гэрчилгээгүй учраас дээд сургуульд орж чаддаггүй байсан болохоор оройн ангид бүртгүүлж, гэрчилгээ аваад, нүүр бардам шалгалт өгөх гэтэл “Нас чинь хэтэрсэн, шалгалтад оруулахгүй” гэдэг байгаа. Би 26 хүрчихсэн байсан юм. Тэгэхээр нь “Би энэ сургуульд сурах гэж олон жил мөрөөдсөн. Тэнцэхгүй байсан ч гомдолгүй, шалгалтад нь орчихоод л буцъя” гэж гуйж байгаад зөвшөөрүүлж билээ. Тэгтэл шалгалт авч байсан багш нар үнэлж, намайг авах болсон нь азтай явдал байв.

Ингээд таван жил оюутны дотуур байранд амьдарсан даа. Түвшээ намайг оюутны байранд зэргэлдээ өрөөндөө оруулчихсан. Бид биe биeнийхээ хоолыг буудна. Жинхэнэ дурсамжтай, хөгтэй амьдрал тэнд л өрнөнө. Би эхнэр, хүүхдүүдээ нутагтаа үлдээчихсэн. Өвлийн идшинд нэг үхэр аваад, хуваана. Тэр нь хаанаа ч хүрэхгүй дуусчихна. 1990 он шүү дээ.

Зах зээлд шилжиж, картын бараанд орсон үeийн оюутнууд өлсөнө гэдгийг жинхэнэ үзлээ шүү дээ. Ямар сайндаа, хоол аягалах гэж уралдаж байх вэ дээ. Хоол нь хүн бүрт нэг аяга хийгээд яг таардаг, нэмэх юм үлддэггүй байхгүй юу. Түүндээ эрчүүд цадахгүй. Аягалсан хүн тогооныхоо ёроолыг цэвэрлэж, халбагаа долооно. Үүний төлөө хоол аягалах ажлыг булаацалддаг байлаа. Нас биeд хүрсэн эрчүүд шүү дээ. Гэрээс авчирсан хоол дуусахаар гэдэс, цувдай авна. 

Манай өрөөний хамгийн тооцоотой, нямбай нь болох казах оюутан түүнийг хуваалгаж, жижиглэн, хоол хоолныхоор болгоно. Тэгэхгүй бол бид хэдэн хоолныхыг нэг дор идчих гээд болохгүй. Хавар хоол ч үгүй, мөнгө ч үгүй болно. Өлсөөд тэвчээр алдрахын үед эхнэрийнхээ хамаатныд очихоор Баянхошуу руу явна даа. 

Мэргэжлийн дуучин болох гэж энэ мэтээр хөглөж явсан өдөр хамгийн сайхан дурсамж болж үлдэж. Тэгэхэд оюутнууд өнөөгийнх шиг халтуур хийж мөнгө олох боломжгүй, бүр хориглодог байлаа.

-Сургуулиа төгсөөд шууд УАДБЧ-д орсон уу?

-Тэгэхэд би Гавьяат жүжигчин Х.Үнэнхүүгийнд амьдарч байсан юм. Сургуулиа төгсөхөд Цэргийн ансамбльд авна гэж байснаа жижиг сажиг шалтаг хэлээд сар шахам хүлээлгэчихэв. Тэгэхээр нь Х.Үнэнхүүд “Л.Халиунсүрэн багшаар дамжуулж Д.Лувсаншарав гуайд “Танай нутгийн нэг ийм дуучин УАДБЧ-д орох сонирхолтой байна гэж дуулгаад өгөөч” гэлээ.

Х.Үнэнхүү багшдаа хэлж, Л.Халиунсүрэн багш аавдаа хэлснээр Д.Лувсаншарав гуай надаас шалгалт авч, УАДБЧ хэмээх их айлд орох үүд нээгдсэн. Би ч ари, романс хоёр хоёрыг, хэдэн ардын дуу дуугаа шалгалтад бүдрэхээргүй дуулсан байх. Ажилд орсон хойноо ч Лууяа багшийн нүүрийг улайлгахааргүй ажилласан. 

1990-ээд оны дундаас 2000-аад оны сүүл хүртэл чуулгад 14 жил ажиллахдаа чуулгынхаа бүх л том уран бүтээлд хэр хэмжээнийхээ ачааг үүрсэн гэж боддог. “Учиртай гурван толгой”-г шинэчилж, анхны эмгэнэлт хэлбэрээр нь тавихад Юндэн, худалдаачин, ард өвгөн, “Сүнжидмаа” дуулалт жүжгийн Наваан зэрэг олон дүрд дуулсан. Ер нь бүх л уран бүтээлд ордог байсан даа.

-Одоо та дуучны ажлаа хийхгүй байна уу?

-Сүүлд би нийслэлийн “Улаанбаатар” чуулгад дуучнаар ажиллаж байгаад багш болсон. Олон ажил зэрэг амжуулдаггүй, нэг зүйлдээ хамаг анхаарлаа тавьчихдаг нь миний сул тал шиг байгаа юм. Одоо хэдэн сайхан дуучин бэлтгэчих, өөрийн мэддэг ардын дуунуудаа залууст өвлүүлээд үлдээчих санаатай багшлах ажилдаа л бүх цаг, сэтгэлээ зориулж байна. “Улаанбаатар” чуулгадаа зөвлөх үүрэгтэй.

-1990-ээд оны дундуур, цаг хэцүүхэн байхад хотын айл болж байж. Нийслэлд хөлөө олох гэж хэр унаж, босов?

-Би сургуулиа төгссөнөөс хойш хоёр жил оюутны байранд амьдарсан хүн шүү дээ. Гэрийнхнээ авчирч зүрхлэхгүй байсан юм. Хааяа 5000 төгрөгийн халтуурт явдаг болж, тэднийгээ арай ч хоосон хонуулчихгүй байх гэсэн итгэл төрж эхлэхээр нь 1996 оны хавар гэрээ нүүлгэж ирлээ. 

Чингэлтэйд айлын хашаанд, эхнэр ажилгүй, хүүхэд сургуульд. Бас л чанга байсан даа. Айлын хашаанд байх амаргүй. Угаасан хувцсаа өлгөчихөөд орж ирэхэд л араас “Манайх юм дэлгэх гэж байна. Хувцсаа аваарай” гэнэ. Тэдний буруу биш л дээ. Санаандгүй тэгж таарсан нь л надад хүнд тусаж байхгүй юу. Хэчнээн айлын хашаа дамжиж нүүсэн, тоогоо ч алдсан.

Миний хань их дайчин. Тэр үед хань минь шөнө гэртээ мушгиа боорцог хийгээд, өдөр нь зах дээр зардаг байлаа. Би өглөөд хиншүү үнэртүүлсэн нөхөр л чуулгын хаалгаар орж ирнэ. Шөнөжин боорцог хайрахаар хувцсанд үнэр нь шингэчихдэг байхгүй юу. Ингэж явсаар 2000-аад оноос л овоо хотын айл болж төвхнөсөн дөө. 

Одоо бол амьдрал сайхан байна. Нэг хэсэг нийгэм нийтээрээ эвгүйтсэн, уран бүтээлчид бор дарсанд татагдсан үед нэгнийхээ шарыг тайлах нэрээр өөрөө балгах, үнэртүүлээд гэртээ харих нь цөөнгүй болсон үе бий. Харин тэр амьдралдаа уусаад явчихаагүй нь сайн ханийн буян гэж боддог.

Би гурван настайдаа ээжээсээ хагацаж, хүний хамгийн том гурван зовлонгийн нэгийг амссан. Түүнээс хойш таарсан олон сайхан ижийгийн сэтгэл, бурхнаас заяасан зураг төөргөөр давгүй сайхан, голч шугамаас хол хазайчихгүй яваа гэж боддог. 

Өөрөө ахихын тулд хүн матахгүй, хүний муу үзэхгүй, худлаа хэлэхгүй, бусдад тээр болохгүй, энэ хорвоод хүн болж төрсөн үүргээ өөрийнхөөрөө гүйцэтгэж, цасан дээр бүтэн мөртэй, цаасан дээр бүтэн нэртэй явах юм сан гэж хичээж явдаг даа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)