Д.АРИУНБОЛД: Эртний хөгжмийн зэмсгүүдээ тайлбарлахаар ЮНЕСКО-г зорино чинээ санаагүй явлаа

СУИС-ийн багш, оюутнуудын хамтын бүтээл “Хөмөргөн гурвалжин” этно балетыг маргааш Парис дахь ЮНЕСКО-гийн байрны төв тайзан дээр тоглох гэж байна. Монголын соёл, урлагийн амьдралд онцлох үйл явдал тохиож буй тул уран бүтээлчдийн төлөөлөл, хөгжмийн зохиолчоор нь ажилласан тус сургуулийн уран сайхны удирдагч, багш, “Хөсөгтөн” хамтлагийн ахлагч гэдгээр олонд танил Д.Ариунболдтой Парисыг зорихоос нь өмнө ярилцсан юм.

-Томоохон хэмжээний бүтээл нь дэлхийн улс орнуудын хувьд хамгийн чухал тайзнаас үзэгчдэд хүрэх болсонд баяр хүргэе. “Хөмөргөн гурвалжин” этно балет төрсөн түүхээс сонирхуулах уу?

-Баярлалаа. Этно балет гэж тодотгож байгаа энэ бүжгэн жүжгийг 2015 онд тайзнаа тавьсан юм. Цомнолыг манай сургуулийн багш, Ардын багш, хэл шинжлэлийн ухааны доктор С.Дулам бичсэн. Балетын дэглэн найруулагчаар Гавьяат жүжигчин Д.Энхгэрэл ажилласан. Би хөгжмийн зохиолч нь.

-Энд юун тухай өгүүлдэг вэ?

-Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг, Дэл ууланд байдаг “32 хүнт” хэмээх булшин дахь хадны зургаас сэдэвлэсэн цомнолтой. Харын бөө, хараал, жатга хийдэг хүмүүсийг дарахын тулд зулайгаар нь доош харуулж оршуулдаг, эсвэл тийм зан үйл үйлдэж, муу үйлийг нь, санаа сэдлийг нь хүчээр дардаг байсан тухай өгүүлдэг. С.Дулам багш хадны зургуудыг уншиж, тайлбарладаг цөөн эрдэмтний нэг гэдгийг хүмүүс мэдэх байх. СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн захирал байсан доктор Ш.Эрдэнэцэцэг, энэ сэдвээр бичсэнийг нь олзуурхаж, бүжгийн цуврал бүтээл болгож болох юм байна гэж үзсэн юм билээ. Төрсөн санааг нь С.Дулам доктор дэмжиж хамтрах болж. Бүжиг дэглэх үүрэг Д.Энхгэрэл багшид ногдсон. Аз болоход надад хөгжим зохиох завшаан тохиосон юм. Бүжгийн цуврал бүтээл гэж хэллээ. Хоёр дахь нь бүжиг дэглээч С.Мөнгөнцэцэг багшийн төрүүлсэн “Босоо цагаан гурвалжин, тэнгэрийн хүүхдүүд” гэдэг бүтээл. Харин гурав дахийг нь бүжиг дэглээч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баярбаатар 2020 оны намар үзэгчдэд хүргэхээр төлөвлөөд ажиллаж байгаа.

-Ардын жүжигчин Д.Нанжид багшийн шавь нар байна даа.

-Тийм. Эдгээр этно балетыг судалгаанд үндэслэж бүтээн туурвисан инновацын бүтээл гэж үзэж байгаа. Одоо балетаа ЮНЕСКО-гийн тайзнаа цогцоор нь үзүүлэх гэж байна. Монголын эртний хөгжмийн зэмсгийн бага найрал, хөөмийчид, бүжигчид гээд нийт 50 гаруй уран бүтээлч явах юм.

-Хөгжим нь сонирхол татаж байна. Эртний хөгжмийн зэмсгийн бага найрал гэж юу вэ?

-Жүжигт 5-10 мянган жилийн өмнөх цаг үеийн байдал, үйл явдлын талаар өгүүлдэг. Тэгэхээр хөгжмийн дуугаралт ямар байх вэ, найрал хөгжим юм бол ямар бүтэцтэй байх ёстойг сайтар бодох хэрэг гарсан. Санаа ч их зовсон. Эхэндээ орчин цагийн үндэсний хөгжмийн найрал, эсвэл Морин хуурын чуулга байх уу, үгүй бол цохивор хөгжим давамгайлсан холимог бүрэлдэхүүн байх ёстой юу гэж бодсоор тархи гашилсан л даа. Тэгж байтал шийдэл оллоо. Хүн төрөлхтөн хүй нэгдлийн үеэс дөнгөж гарч, төмөр хэрэглэж эхэлсэн үеийн тухай хөгжмөөр илэрхийлэхэд аялгуу гэхээс илүүтэй хэмнэл чухал юм байна гэж хамгийн түрүүнд бодогдсон. Мөн тухайн үеийн хэл, хэллэгийг гаргах хөгжмийн бүрэлдэхүүн нь эртний уламжлалтай хөгжмийн зэмсгүүд байх ёстой гэж ойлгосон. СУИС-д эрдэмтдийн, тухайлбал, С.Соронзонболд багшийн судалж, гаргаж ирсэн төрийн их ятга, сүүлд мөн судалгааны дүнд бий болгосон хурган чих зэрэг хөгжим байгаа юм чинь эдгээртэй дүйцэх бусад зэмсгийг нь нийлүүлээд найрал болгохоор зориглов. Цуур, төмөр хуур, нуман хуур, эвэр бүрээ, икэл, дуут чулуу, бөөгийн болон шашны хэнгэрэг, дэвсэх хэнгэрэг гэсэн зэмсэг бүрдүүлсэн.

-Дэвсэх хэнгэрэг гэж ямар зэмсэг байдаг юм бол?

-Хөлөөрөө дэвсэж, бас хоёр гартаа мод барьж байгаад доош цохиж дуугаргадаг цохивор хөгжмийн төрлийн зэмсэг. Шинэ хөгжим гэсэн үг. Би санаачилж, хөгжим урлаач П.Байгальжав гуайгаар хийлгэсэн юм. Бага найралд ийм зэмсэг зайлшгүй шаардлагатай болоод зохиосон нь энэ. Урлаач эхлээд гайхаж байснаа хийсэн л дээ. Энэ нь этно балетын хөгжмийн нүргээн, төгсгөл хэсэг, ялангуяа баавгайн онгодыг илэрхийлэхэд их тохирч байгаа. Найрал гурван ятгатай. Икэл чухал үүрэгтэй. Ташрамд хэлэхэд, икэлийг ширэн цартай хууртай андуурч болохгүй. Хоёр өөр зэмсэг юм. Икэл бол жижиг, дуу нь өөр. “Хөмөргөн гурвалжин”-д хөөмий их ашигласан. Дуулаачийн хоолойн нөлөөг бас их тусгасан. Монгол үндэстний хэв шинжийг илэрхийлэх язгуур дуугаралт гаргах гэж хайсных эрлээ олсон гэж бодож байгаа.

-Их найрал болгох ирээдүй бий юү?

-СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуульд язгуур хөгжмийн анги гэж байдаг, түүнд нь сонирхолтой, уламжлалт зэмсгүүд байдаг учраас энэ ажил бүтсэн. Сургуулийн удирдлага энэ бага найралд анхаарал сайн тавьж, их найрал болгохын төлөө ажиллаж ч байгаа.

-Тэгэхээр эртний хөгжмийн зэмсгийн найрлыг этно бүтээлүүдэд л түлхүү хэрэглэх нь ээ?

-Ер нь бол тэгэх байх. Турк, солонгос, энэтхэг, хятад кинонуудын алинд нь ч хөгжимд нь язгуур дуугаралт сонсогддогийг анзаарсан байх. Хэдийгээр орчин үеийн техник, хэлбэрийг ашигласан ч цаана нь үндэстнүүдийн язгуур шинж чанар заавал байдаг. Гэтэл монголчууд бид олон жилийн түүхтэй, агуу соёлтой ард түмэн байж язгуур гэсэн болгондоо эзэн байж чадаж байна уу, үгүй юү гэдэг бол асуудал. Тэгэхээр өнөөдөр зөвхөн “Хөмөргөн гурвалжин”-гаар биш, монголчууд хүн төрөлхтний түүх, соёлд томоохон байр суурьтай ард түмэн мөн юм бол, энэ талд өөрийн байр суурьтай байх ёстой юм бол соёлын өв, уламжлал, урлагийн язгуур шинж чанаруудын талаар ойлголттой байх, уран бүтээлчид нь туурвилдаа энэ чанарыг шингээх, дамжуулах, ирээдүй хойч үедээ уламжлуулах зэрэгт анхаарахаас өөр аргагүй. Товчхондоо, өөрийн гэсэн бүхэндээ эзэн байх сан гэсэн бодол, хүсэл, зорилгын дор ажилласан.

-Үүнийг ирээдүйн томоохон зорилго гэж үзвэл ЮНЕСКО-гийн тайзан дээр тоглох нь түүнд хүрэх анхны алхам болох нь ээ?

-Тийм ээ. Манай улсаас энэ том тайзан дээр уран бүтээлчид хамтлагаараа, чуулгаараа ч тоглож байсан. Харин бүжгийн жүжгийг бол анх удаа үзүүлэх гэж байна. С.Дулам багш жүжгийн санаа сэдэл, агуулгын талаар товч тайлбарлах юм. Би эртний хөгжмийн зэмсгийн найрлынхаа талаар, зэмсгүүдийн онцлогийн тухай товч мэдээлэл өгөөд тоглолтыг эхлүүлнэ.

-Эртний хөгжмийн зэмсгийн бага найрлаа “Галайхан” дуурилагтаа тоглуулсан шүү дээ. “Хөмөргөн гурвалжин” этно балетад зориулж ийм бүрэлдэхүүн бий болгосон нь хэрэг болжээ.

-Тэгэлгүй яах вэ. Этно балетад 5-10 мянган жилийн өмнөх үйл явдлын тухай өгүүлдэг бол “Галайхан” дуурилагт 40-50 мянган жилийн тэртээх байдлыг дүрсэлж, дуу авиагаар тодотгох шаардлагатай болсон. Цаг үеийн хувьд бүр урагшаа болохоор орчин цагийн хөгжмийн зэмсэг бус, өнөөх эртний хэдээрээ тоглох нь тохиромжтой байлаа. Манай хөгжим судлаач багш нар ярилцаж байгаад дуурилаг гэдэг нэр томьёог хөгжим судлалд гаргаж ирсэн л дээ. Үнэн хэрэгтээ энэ нь хөөмийн дуурь юм. Үзэгдлүүд, дүрүүд, тэдгээрийн аритай.

-Эртний хөгжмийн зэмсгийн бага найралд дуурийн хөгжим тоглож, гол, эсвэл туслах дүрийн арийг хөөмийлөх гэдэг монголчуудын л үзүүлж, сонсгож чадах урлаг санагдсан. Тоглолт үзсэн юм.

-Чухам үүнд учир байна. Хөөмий зөвхөн Монголд байдаггүй ч хамгийн сайн хөөмийлдөг ард түмэн бол яах аргагүй монголчууд. Монгол бол хөөмийн эх орон. Тийм учраас юугаар баян, түүгээрээ гайхуулан, тоглолт хийх хэрэгтэй гэж боддог. Тоглолт гэдгийг тайзан дээр тоглох гэдгээс арай өөрөөр, менежмент хийх ёстой гэсэн утгаар хэллээ.

-Магадгүй дараа нь танай сургуулийнхан “Галайхан” дуурилгаа ЮНЕСКО-гийн тайзан дээр тоглох ч юм бил үү.

-Байг гэхгүй. Хэн, яаж харж, хэрхэн зүтгэж, хөдлөхөөс хамаарна. “Хөмөргөн гурвалжин” этно балетыг ЮНЕСКО-гийн тайзан дээр тоглуулах төслийг ажил хэрэгч гурван бүсгүй зохион байгуулж байна. ХБНГУ-д амьдардаг, Монгол Улсын тус улс дахь cоёлын элч Ц.Гэрлээ, манай сургуулийн Бүжгийн онол, сурганы тэнхимийн эрхлэгч С.Гэрэлтуяа, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга нарт талархал илэрхийлье. Хөгжимчин, бүжигчин, хөөмийч, дуучин гэсэн ийм олон уран бүтээлчийн багийг анх удаа тэр нэр хүндтэй тайзан дээр тоглуулах эрх олж авах амар байгаагүй байх. Санаа нийлээд зүтгэвэл бүтэхгүй зүйл үгүй гэдгийг харуулж байна аа, тэд.

-Таныг олон нийт “Хөсөгтөн” хамтлагийн ахлагч гэдгээр таньдаг. Шүтэн бишрэгч ч олонтой болов уу. Хөгжмийн зохиолч гэдгийг тань мэдэхгүй хүн байж болох юм. Хэзээ, хаана энэ мэргэжлийг эзэмшсэн бэ?

-СУИС-ийг хөгжмийн зохиолч мэргэжлээр 2010 онд төгссөн. Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж багшийнхаа отгон шавь нарын нэг.

-Хөгжмийн онол, зохиомж талд толгой цохидог гэж судлаачдын үнэлдэг багшийнхаа эрдмээс хэр өвөртөлсөн бэ?

-Энэ тухай юу хэлэхээ мэдэхгүй байна. Багш минь эрдэм боловсролоор өөрөөс минь тохой өндөр хүн шүү дээ. Биднийг төгсгөөд удалгүй өөд болсонд нь маш их харамсахын зэрэгцээ захиасыг нь санаж явдаг. Надад “Чи ардын урлагаасаа холдож болохгүй шүү. Энд чамд мэдэрсэн юм их бий. Түүнийгээ юм болгохыг бодоорой” гэж хэлсэн юм.

-Багшийнхаа захиасыг сайн биелүүлж яваа юм байна гэж ойлголоо.

-Хичээж л байна.

-“Чамд мэдэрсэн юм бий” гэжээ. Тэр нь юу байж таарах вэ?

-Бид “Хөсөгтөн” хамтлагаа байгуулахдаа Монголын залуучууд үндэсний хөгжмөө сонсдог байгаасай, дурлаасай гэж бодож, үүний төлөө ажиллах зорилт тавьсан юм. Олон талаар бодож, арга их хайсан. Одоо арван жилийн хойно эргээд харахад манай залуус үндэсний хөгжимдөө дуртай, сонсдог болсон нь бидний болон үндэсний хөгжмийн бусад хамтлагийн хичээл зүтгэлийн үр дүн гэж бодож байна. Аль болох сонсголонтой тоглохыг, хөгжмийн сонирхолтой зэмсгүүд ашиглахыг хичээдэг, болохгүй байсан ч болгохын төлөө зүтгэдэг, бууж өгөх тухай боддоггүйг багш анзаарсан биз. Тийм учраас үндэсний хөгжмөөсөө бүү холдоорой гэж хэлсэн юм болов уу. Өнөөдөр тэр л ажлаа хийж явна. Санаачилж байгуулсан эртний хөгжмийн зэмсгийн бага найрлаа удирдан тоглуулахаар Парисыг зорих гэж байгаадаа баяртай байна. Тэгэх тусмаа дэлхийн соёлын хамгийн том байгууллага ЮНЕСКО-гийн тайзан дээр өнөө хэдэн зэмсгээ тайлбарлахаар явах юм гэж санаагүй. Итгэмээргүй ч юм шиг. Зэмсгүүд маань дуугаралтын цараа тааруутай ч монгол хэмээх язгуур чанарыг бүрэн илтгэх учраас нүүр бардам ажиллаад ирнэ ээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)