Д.АРИУНБОЛД: Оросын Ерөнхийлөгч “Монголчууд оролцохгүй бол ДАШТ биш” гэж хэлсэн

Монгол Улсын нэрийг дэлхийд таниулсан нэгэн чухал нэрийн хуудас бол циркийн урлаг. Социализмын үед манайхан хүүхдээ дагуулан, гэр бүлээрээ циркийг зорьж үздэг байв. Харин одоо манай циркчид “гэр”- ээсээ хөөгдөж, айлын шоовдор хүүхэд шиг түрээсийн байр хэсэж яваа ч олон улсын уралдаанд чамлахааргүй амжилт гаргасаар. Үүний тод жишээ нь, өнгөрсөн сард ОХУ-д зохион байгуулсан мэргэжлийн морьтон циркчдийн дэлхийн аварга шалгаруулах дөрөв дэх тэмцээнд багаараа мөнгөн медаль хүртсэн амжилт. Тус багийн ахлагч Д.Ариунболдтой ярилцлаа.

-Мэргэжлийн морьтон циркчдийн ДАШТ-д манайхан урьд нь оролцож байв уу. Энэ тэмцээнд хэдэн улсын циркчин оролцов?

-Манай улсаас мэргэжлийн морьтон циркчидийн ДАШТ-д анх удаа оролцсон нь бид. Уг тэмцээнд АНУ, ОХУ, ХБНГУ, Британи, Нидерланд зэрэг 13 орны циркчид оролцсон. Шийдвэрлэх шатанд 11 орон оролцлоо. Сонирхуулахад, тэмцээн зохион байгуулагчид Ерөнхийлөгч В.Путинийг урихад “Монголчууд оролцох уу” гэж асуугаад “Морьтны тэмцээнд монголчууд оролцохгүй бол дэлхийн тэмцээн биш” гэж хэлжээ. Энэ үг бидэнд маш их урам зориг, нөгөөтээгүүр, том хариуцлага хүлээлгэсэн.

-Тэмцээний гол онцлог юу байв. Ямар үзүүлбэрээр оролцдог юм бэ?

-Байлдааны зургаан төрөлд шилдгүүдийг шалгаруулсан. Гар буу, сэлэм, жад, нум сум, хутга зэргээр морин дээрээс үзүүлбэр үзүүлнэ гэсэн үг. Мөн дахиад зургаан төрөлд шилдгүүдийг шалгаруулсан. Морьтой давхингаа гэдсэн доогуур нь орж, нөгөө талаар гарах, чирэгдэх зэрэг 24 төрлөөс зургааг нь сонгосон юм. Үүнээс гадна шалгаруулах дүрэм нь их нарийн. Жишээлбэл, бидний жад маш иртэй шүү дээ.

Гэтэл газрын байг жадныхаа үзүүрээр дөнгөж хүргэн цоолоод, дараа нь найман см голчтой цагаригийг өлгөж авах ёстой. Нэг багийн гишүүн жадандаа өлгөсан байгаа ч түүнийгээ гараараа авах гэж байгаад мориноосоо унаж, тэр шатны шалгаруулалтаас хасагдсан. Энэ мэт нарийн зүйл их байлаа. Манай циркчид хамгийн сүүлд 1989 онд морь, мал, амьтнаа авч явж гадаадад тэмцээнд оролцсон. 30 жилийн дараа бид морьдоо дахин ачиж, тэмцээнд оролцлоо.

-Шилдгүүд л цугларчээ. Тэр дундаас хамгийн “сүрдмээр” онцгой тамирчид ямар улсынх байв?

-Биднийг очиход ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээн болж байсан. Тус улсын 11 клубийнхэн оролцож, шалгарсан нь бидэнтэй өрсөлдөх 11 клуб гэдэг нь бараг дэлхийн аваргын тэмцээнтэй дүйцэхүйц өрсөлдөөн болно биз дээ. Мөн Нидерландын багийн нэг эмэгтэй тамирчныг онцлоход, олон улсын тэмцээнүүдийн медалиас мултарч байгаагүй. Британийн багт эзэн хааны ач охин нь байсан. Үүнээс гадна гадаад үзэмж их сүр нэмдэг юм билээ. Бүгд үндэснийхээ морин цэргийн дүрэмт хувцастай, жад, сэлэм, буу, хутгаа зүүчихсэн байсан. 

ОХУ-ынхан жадныхаа үзүүрт Төрийн далбаагаа зүүсэн зэрэг нь сүрдмээр харагдсан. Үүнээс санаа авмаар юм билээ. “Бид Чингисийн Монгол” гээд л цээжээ дэлдээд байдаг. Гэтэл тэр агуу хүн байлдааны ямар арга техник хэрэглэдэг байсныг мэдэх хүн цөөхөн. Тэр арга техникийг сэргээх шаардлагатай юм байна гэж бодсон. Шавь нар маань хэдийгээр гавьяа байгуулж, мэргэжлийн морьтнуудын дунд чадвараа харуулж чадсан ч шүүмжлэлтэй хандах зүйл нэлээд байгааг олж харлаа.

-Зэвсгээ өөрсдөө бэлддэг үү, эсвэл зохион байгуулагч орон хангадаг юм уу?

-Британийн багийнхан өөрсдөө зэвсэгтэй ирсэн. Бусад нь тэмцээн болохоос сарын өмнө очиж, аль нэг клубт төлбөр төлж, дасгалжуулагчаар нь бэлтгэлээ хангуулсан байв. Гэтэл бид хэдхэн хоногийн өмнө очсон. Мөн авч очсон морьдоороо үзүүлбэр үзүүлдэггүй юм билээ. ОХУ-ын морьтон циркчдийн клубүүдээс авчирсан 51 мориноос сугалж, оролцдог юм байна. Тэмцээн болохоос гурав хоногийн өмнө морьдоо сугалсан. Зохион байгуулагч орныхон өөрсдийн мориор оролцсон. Сарын өмнө очоод, нутгаас нь дасгалжуулагч авчихсан улсынхан сугалааны үеэр арын хаалга хэрэглэх гэх мэт зүйл болсон. Дасгалжуулагч хөлсөлсөн давуу талаа ашигласан гэсэн үг. 

Бид анх удаа оролцсон учраас ямар ч төсөөлөлгүй байлаа. Сугалааны үед санаанд оромгүй нэг явдал болсон. ОХУ-ын аваргын тэмцээний сүүлчийн өдрийн шалгаруулалтыг бид үзсэн юм. Маргааш нь морио сугалах байв. Шалгаруулалтыг нь үзээд сууж байхад шавь нар минь морь зүслээд л “Багш аа, би тэр морийг авна” гэхээр нь би тоглоод “За, аваад өгнө өө” гээд л инээлдээд суусан. Гэтэл маргааш нь яг тэр морьдоо сугалаад авсан. Яалт ч үгүй сайн морьд байсан л даа. Гэтэл гадаадын циркчид бидэнтэй дуугарахгүй, нэг автобусанд суухаа болиод эхэлсэн.

-Манай тамирчид бусад улсынхнаас ялгарах онцлог нь юу байв?

-Манай тамирчдыг бусад улсынхан анх хараад жижиг биетэй болохоор бассан байх. Нэг нь л өндөр, бусад нь намхан шүү дээ. Гэсэн ч миний хүүхдүүд маш их тэвчээр, хатуужилтай нь харагдаж байлаа. Жишээлбэл, манай багийн ганц эмэгтэй Г.Ариунжаргал хүүхдээ төрүүлээд, сар гаруй болоод л ДАШТ-ий бэлтгэлд гарсан. Жингээ 26 кг хасаж, тэмцээнд орсон. Хүүгээ хөхнөөс нь гаргаж, эмээ, өвөөд нь үлдээчихээд бэлтгэлээ хийдэг байлаа.

Нөхөр нь ч манай багийн гишүүн. Том охин нь дөрвөн жилийн өмнө морин цэргийн хуаранд төрж байлаа. Нялх биетэй бүсгүйг тэмцээнд оруулна гээд аваад явдаг хүн надаас өөр байхгүй л болов уу. Г.Ариунжаргал миний шавь болоод 11 жил болж байна. Маш их тэвчээр, хатуужилтай. Түүнээс гадна манай багийн бусад нь ч 7-9 кг хассаж, ДАШТ-д оролцсон шүү.

-Бэлтгэлийн явцад жин хасаад байна уу, эсвэл гарцаагүй шаардлагаас болоод тэр үү?

-Дээр дурдсанчлан бидний үзүүлэх үзүүлбэрийн нэг нь давхиж байгаа морины гэдсэн доогуур гарах. Морины гэдсэн доогуур гарахад жин маш чухал. Хэдхэн грамм л илүү байвал хэцүү. Мөн БНХАУ-д сүүлийн нэг сарын хугацаанд тавуулаа нэг өрөөнд амьдарч, зурагт ч үзэхгүйгээр бэлтгэл хийсэн юм. Зав гарвал хутгаа шидээд, зай гарвал нум сум харвасан гэж хэлэхэд болно. 30 градус давж халдаг тэр газарт өдөржин бэлтгэл хийхээр яалт ч үгүй жин хасагдсан байх. Эхнэр минь онгоцны буудалд тосохдоо “Чи энэ хүүхдүүдэд ерөөсөө хоол өгөөгүй юм уу” гэж намайг загнасан.

-Багийн ахлагч, багш тэмцээнд оролцох уу?

-Багш нар үндсэн тэмцээнд оролцохгүй, дасгалжуулагчийн байр сууринаас хандана. Харин хоёр багийн оноо тэнцсэн тохиолдолд багш нар мордох ёстой юм билээ.

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртлээ. Ялангуяа эх орондоо анх удаа энэ шагналыг авчирxчээ. Ямар сэтгэгдэл төрж байв?

-Түрүүлнэ гэсэн бодолтой явсан. Бас ганц, хоёр оноо дарах зэрэг зүйл байсан учраас эхлээд жаахан гонсгор байлаа. Мөн өнгөрсөн сарын 8-нд Төрийн тэргүүнээс Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон авах үедээ ч баярласан. Гэхдээ аавдаа үнсүүлэхээр очих үед баярласан шигээ баярладагүй юм билээ. ДАШТ-ээс мөнгөн медаль аваад, эх орондоо буунгуутаа аавдаа очиж үнсүүлсэн юм. Миний аав 80 нас хүрч байгаа сайхан буурал бий. Намайг очиход хашааныхаа хаалгыг том онгойлгочихсон “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, дэлхийн аваргын мөнгөн медальт миний хүү” гэж чанга хэлэн, угтсан. 23.00 цагийн үед шүү дээ. Хараад л нулимс мэлмэрчихсэн. Шагналаа авсан манай жүдо болон бусад спортын тамирчид тэмцээнд орохдоо улсаас төсөв батлуулж, тусгай байранд бэлтгэлээ базааж, эмчээр эмчлүүлдэг. Дараа нь гавьяа байгуулж ирээд, шагнал, хангамж авдаг. 

Гэтэл миний хүүхдүүдэд тийм зүйл алга. Өөрсдийн бор зүрхээр явж, миний тушааж, заасны дагуу яваад л энэ амжилтад хүрлээ. Биднийг сая ДАШТ-ээс ирэхэд манай циркийнхэн мөн л өөр амжилттай угтсан. Тодруулбал, Казахстан улсын Нур-Султан хотод олон улсын циркчидийн зургаа дахь тэмцээнд манай Төрийн шагналт, Ардын жүжигчин, уран нугараач Б.Норовсамбуу багшийн хоёр шавь тусгай байр эзэлсэн. Тэд нугарангаа хөлөөрөө нум сум харвадаг. Энэ мэтчилэн манай циркчид дэлхий дахинаа эх орныхоо нэрийг гаргасаар байгаа нь баярлууштай, бахархууштай.

-Цаашдын зорилго тань юу вэ?

-Бууддаг, нум сум харвадаг, сэлдэг, морьтойгоо 12 саад харайдаг шинэ төрөл олимпын наадамд орж байгаа. ДАШТ-д ороод ерөнхий ханыг нь мэдэж авлаа. Олимпын наадамд оролцох итгэл төрсөн. Б.Эрдэнэбат гэдэг шавиа сүүлийн нэг жилийн хугацаанд тэмцээн, уралдаанд оролцуулахгүй, бэлдэж байгаа. Өөрөө ч “Багш аа, би тэр тэмцээнд оролцъё” гэдэг л юм. Гол нь сэтгэл хөдлөл ихтэй, хурдан стрессдэж мэдэх хүүхэд учраас “хадгалаад” байна. Манайх 2020 оны Токиогийн олимпод цагаан хуудсаар оролцох боломжтой юм билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)