Д.Амартүвшин төрсөн өдрөөрөө “Мастерс”-аас медаль хүртлээ

Нэр хүнд, чансаагаараа олимп, ДАШТ-ий дараа эрэмбэтэй “Мастерс” тэмцээнд өнөө жил 53 орны эрэгтэй 118, эмэгтэй 116 жүдоч зодоглон, шилдэг болохын төлөө өрсөлдөв. Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ноос зохион байгуулдаг цуврал тэмцээний энэ оны хамгийн сүүлчийнх нь болох “Мастерс”-т чансаагаараа жин тус бүрт эхний 16-д багтсан бөхчүүд урилгаар оролцдогоороо онцлогтой. 

БНХАУ-д хоёр өдөр үргэлжлэн, өчигдөр дууссан тэмцээнд манай улсаас энэ жил Хөдөлмөрийн баатар О.Балжинням, Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, Гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа, ОУХМ Г.Дашдаваа нарын удирдлагад 13 жүдоч урилгаар өрсөлдсөнөөс ДАШТ-ий хүрэл медальт Л.Отгонбаатар мөнгө, Гавьяат тамирчин Д.Амартүвшин, Азийн аварга, ОУХМ Д.Алтансүх нар хүрэл медаль авч, хоёр бөх V байрт шалгарсан юм. Тэд өнгөрсөн жил хоёр алт, хоёр хүрэл медаль хүртэн, монгол түмнээ баярлуулсан. Уншигч та бүхэнд “Мастерс”-ын зарим жингийн сонирхолтой барилдааныг тоймлон хүргэе.

Д.АМАРТҮВШИН “МАСТЕРС”-ААС ГУРВАН ЖИЛ ДАРААЛАН МЕДАЛЬ АВАВ

Олон шилдэг монгол жүдоч барилддаг жингийн нэг нь яах аргагүй эрэгтэйчүүдийн 60 кг. Үүнийг дэлхийн шилдгүүдийн өрсөлдөөнд өнөө жил хоёр гавьяат уригдсан, дэлхийн дэд аварга Д.Амартүвшин хүрэл медаль хүртсэнээс харж болно. Уг жинд жүдогоор дэлхийд өнгөлдөг япончууд энэ удаа тамирчнаа сойгоогүй. Тэдний эзгүйд хэн өнгөлөх нь спортын хорхойтнуудын анхаарлыг гойд татлаа. 

В хэсгийг тэргүүлэн барилдсан Д.Амартүвшин эхний тойрогт олимп, ДАШТ-ий хүрэл медальт, Узбекистаны бөх Д.Урозбоевтой учраа таарав. Тэд өмнө нь зургаан удаа барилдахад биенээ адилхан гурав ялсан төдийгүй хамгийн сүүлд буюу өнгөрсөн сард Д.Урозбоев манай тамирчныг өвдөг шороодуулаад байсан юм. 

Тиймээс энэ удаа хайнаа хагалах байв. Гэвч узбек эр зодоглосонгүй. Улмаар Д.Амартүвшин хэсгийн аваргын төлөөх барилдаанд гран при ангиллын тэмцээний нэг алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медальтай, 27 настай, ОХУ-ын жүдоч Алберт Огузовыг цэвэр ялсан ч хагас шигшээд ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гүржийн бөх Амиран Папинашвилид өвдөг шороодлоо. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Бразилын Эрик Такабатабэтэй барилдав. 

Тэд өмнө нь хоёр удаа хүч сориход Д.Амартүвшин дийлсэн. Энэ удаа ч тэрбээр илүүрхэн, барилдааны үндсэн цаг дуусахаас есөн секундийн өмнө хутгаж ялав. Ингэснээр тэрбээр “Мастерс”-аас гурван жил дараалан хүрэл медаль хүртлээ. Үүний сацуу эл амжилтаар төрсөн өдөртөө бэлэг барив. Учир нь Д.Амартүвшин уржигдар 31 нас хүрсэн юм.

60 кг-д барилдсан манай нөгөө тамирчин болох ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Г.Болдбаатар эхний тойрогт гоц мөргөн, удаах даваанд Узбекистаны бөх Ш.Лутфиллаевтай учраа таарсан. Тэд өмнө нь хоёр удаа барилдахад манай жүдоч ялсан. Харин энэ удаа Ш.Лутфиллаев түүнээс даагаа нэхэхдээ ялав. Ингэснээр Г.Болдбаатар үзэгчдийн суудалд шилжсэн юм.

Г.ХЭРЛЭНГИЙН ДУТУУГ Д.АЛТАНСҮХ ГҮЙЦЭЭЛЭЭ

Эрэгтэйчүүдийн 66 кг-д өнгөрсөн жил ОУХМ Г.Хэрлэн түрүүлж, шуугиулсан. Түүнийг энэ жил амжилтаа давтаж чадах, эсэхийг олон хүн сонирхож байв. Эл жингийн шилдэг болох дэлхийн хошой аварга Х.Абе, олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Ан Баул нар “Мастерс”-ыг өнжсөн нь түүнд том боломж олгосон. 

Гэвч Г.Хэрлэн ашиглаж чадсангүй. Эхний тойрогт чансаагаараа дэлхийд тавдугаарт эрэмбэтэй, Осакагийн “Их дуулга”-д Х.Абег өвдөг шороодуулсан, Японы бөх Ж.Марүямад, дагах тойрогт ДАШТ-ий хүрэл медальт, Европын аварга, Гүржийн тамирчин М.Мазад ялагдан, тэмцээнээ дуусгав. Түүний дутууг ОУХМ Д.Алтансүх гүйцээлээ. 

30 настай түүний сугалаа нэлээд хатуу таарч, эхний даваанаас л олимп, дэлхийн медальтантай өрсөлдөв. Нэгдүгээр тойрогт энэ жил дэлхийн дэвжээнд үзүүрлэсэн, Казахстаны бөх Е.Серикжановыг ялсан ч удаах даваанд 20 настай, Бразилын жүдоч Д.Каргнинд дийлдсэн. Улмаар дагах тойрогт Европын АШТ-ий алт, мөнгөн медальт, Словенийн А.Комбож, хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны Е.Зумакановыг яллаа.

ХОЁР БӨХ МЕДАЛИЙН ООСРООС АТГААД АЛДАВ

Эмэгтэйчүүдийн 48 кг-д барилддаг шилдгүүдийн өрсөлдөөн өнөө цагийн жүдогийн өнгийг тодорхойлж, спортын хорхойтнуудын анхаарлыг хамгийн их татдаг. Энэ удаа олимпын нэг, ДАШТ-ий хошой хүрэл медальт Г.Отгонцэцэг, ДАШТ-ий алт, мөнгөн медальт Тонаки Фүна, тамирчны замналдаа хуруу дарам ялагдан, энэ жил 18-хан насандаа дэлхийн аварга болсон Дарья Билодид тэргүүтэй шилд гүүд тэмцээнийг өнжсөн нь өрсөлдөөнийг ялимгүй сулруулав. 

Д.Билодид жингийнхээ шилдгүүдээс ганцхан бөхтэй хүч сориогүй яваа нь Гавьяат тамирчин М.Уранцэцэг. Тэднийг энэ жил аваргын төлөө барилдах болов уу гэсэн олны таамаг талаар болсон нь энэ. Чансаагаараа дэлхийд сүүлийн хэдэн жил өнгөлж буй М.Уранцэцэг өнгөрсөн жил хүрэл медаль хүртсэн амжилтаа ахиулах, тэр ч бүү хэл түрүүлэх боломж бүрдсэн ч ашиглаж чадсангүй. 

ДАШТ-ий алт, мөнгөн медальтай тэрбээр эхний тойргуудад БНХАУ-ын Ли Янан, Испанийн Ф.Жулиа нарыг ялсан ч хагас шигшээд олимпын хүрэл, ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт Ами Кондод, хүрэл медалийн төлөөх барилдаанд Европын АШТ-ий алт, мөнгөн медальт Ирина Долгова нарт ялагдан, V байр эзлэв.

Эрэгтэйчүүдийн 73 кг-д олимп, дэлхийн аварга, япон жүдоч Ш.Оногоос бусад бүх шилдэг барилдсан. Эл жинд манай улсаас ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Г.Одбаяр өрсөлдөн, эхний тойрогт Казахстаны З.Смагуловыг ялсан ч Европын хошой хүрэл медальт, Шведийн Томми Мациаст дийлдсэн. Улмаар дагах тойрогт Пан Америкийн аварга Артур Маргелидоныг өвдөг шороодуулсан ч медалийн төлөөх барилдаанд олимпын алт, мөнгөн медальт, Европын наадмын дэд аварга Лаша Шавдатуашвилид ялагдав.

Эл жинд барилдсан залуучуудын ДАШТ-ий хошой хүрэл медальт Ц.Цогтбаатар эхний тойрогт ДАШТ-ий алт, дөрвөн хүрэл медальт, БНСУ-ын жүдоч Ан Чанримд дийлдэн, үзэгчийн суудалд шилжлээ.

Д.СУМЪЯА ГАНЗАГА ХООСОН ИРЭХ НЬ

“Мастерс” тэмцээнд гаргасан амжилтаараа бүх цаг үеийн жүдочдыг тэргүүлдэг, 2016 оноос хойш завсаргүй дөрвөн жил дараалан алтан медаль хүртсэн, Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа барцадтай байна. Энэ жил ДАШТ, тивийнхээ “олимп”-оос хүрэл медаль хүртсэн тэрбээр “Мастерс”-т тав дахиа түрүүлэх, дэлхийн дэвжээнд дийлдсэн хариугаа Ёшида Цүкасагаас авахаар очсон ч чадсангүй. 

Манай тамирчин эхний тойрогт Унгарын Э.Каракасыг ялсан ч хэсгийн аваргын төлөөх барилдаанд 21 настай, Канадын Ж.Климкайтад, дагах тойрогт энэ жил дэлхийн аварга болсон, Японы Тамаоки Момод өвдөг шороодов.

Үүний сацуу эрэгтэйчүүдийн 81 кг-д барилдсан ОУХМ Н.Дагвасүрэн дагах тойрогт залуучуудын дэлхийн аварга, Бельгийн Матиас Кассед, Токиогийн “Их дуулга”-д түрүүлсэн анхны монгол жүдоч О.Ууганбаатар эхний даваанд ОХУ-ын бөх Аслан Лаппинаговт ялагджээ. 

Мөн +100 кг-д өрсөлдсөн ДАШТ-ий хүрэл медальт Ө.Дүүрэнбаяр эхний тойрогт Узбекистаны Б.Олтибоевт, эмэгтэйчүүдийн 63 кг-д хүч сорьсон ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Б.Мөнгөнчимэг ДАШТ-ий хүрэл медальт, Австралийн К.Хайкерт ялагдан, тэмцээнээ дуусгалаа.

Л.ОТГОНБААТАР ҮЗҮҮРЛЭВ

“Мастерс”-т сойсон монгол жүдочдоос хамгийн өндөр амжилтыг ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Л.Отгонбаатар гаргалаа. Тэрбээр эхний тойргуудад ДАШТ-ий хүрэл медальт, ОХУ-ын Нияз Илясов, Японы залуу од, Азийн наадмын аварга Кентаро Ийда, ДАШТ-ий хүрэл медальт, Энэтхэгийн Дарвиш Рамадан нарыг ялж, аваргын төлөө барилдах болзол хангасан юм. Сонины дугаар шилжих мөчид тэрбээр шигшээд олимпын дэд аварга, ДАШТ-ий гурван мөнгө, хоёр хүрэл медальт, Гүржийн бөх Варлам Липартелианид ялагдан, мөнгөн медаль хүртэв.

Тэмцээний эхний өдрийн дүн

Эрэгтэйчүүдийн 60 кг: 1.Роберт Мшвидобазе (ОХУ) 2.Амиран Папинашвили (Гүрж) 3.Д.Амартүвшин (Монгол), Елдос Сметов (Казахстан)

66 кг: Ж.Марүяма (Япон) 2.Б.Шмайлав (Израил) 3.Д.Алтансүх (Монгол), Ваза Маргвелашвили (Гүрж)

73 кг: 1.Рустам Оружов (Азербайжан)

2.Артур Маргелидон (Канад) 3.Лаша Шавдатуашвили (Гүрж), Ан Чанрим (БНСУ)

81 кг: 1.Сасаки Такаши (Япон) 2.Аслан Лаппинагов (ОХУ) 3.Албаярак Ведат (Турк), Де Вит Франк (Нидерланд)

Эмэгтэйчүүдийн 48 кг: 1.Дистриа Красник (Косово), 2.Ами Кондо (Япон) 3.Ирина Долгова (ОХУ), Маруса Стангар (Словени)

52 кг: 1.Нацүми Цүнадо (Япон) 2.Амандине Бушар (Франц) 3.Ван Чарлин (Бельги), Наталия Кузуйтина (ОХУ)

57 кг: 1.Ёшида Цүкаса (Япон) 2.Нора Гжакова (Косово) 3.Тамаоки Момо (Япон), Жесика Климкайт (Канад)

63 кг: 1.Клариссе Агбегниноу (Франц) 2.Нами Набекура (Япон) 3.Мику Таширо (Япон), Тина Трстенжак (Словени)


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)