Д.Амарбаясгалангийн “аниа” Хотын орлогч хэвээр үлдлээ

Арваад хоногийн өмнө, амралтын өдрүүдээр зуслангийн байшингууд өдөр дараалан шатаад сүйд хийсэн. Тэр үеэр Гоодойн аманд хэдэн айлын зуслангийн байшин шатаж байх үед Нийслэлийн Засаг даргын орлогч бөгөөд Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал гэдэг эмэгтэй сэлфи хийж цахим сүлжээнд тавьсан.

Тэрбээр зурагныхаа тайлбар болгож “Нийслэлийн агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагчаар ажиллаж эхэлсэн болно” гэж бичсэн байв. Энэ нь олны дургүйцлийг төрүүлж хэдэн хоногийн турш “трэнд” болсон байдаг. НЗДТГ-аас Д.Мөнхжаргалын энэ үйлдэлд хариуцлагын асуудал яригдах байх гэсэн мэдээллийг өгч байлаа.

Гэхдээ тэр Хотын орлогч хэвээрээ үлдэв. Д.Мөнхжаргалыг “иймхэн үндэслэл”-ээр Хотын орлогчоос чөлөөлөх ч боломжгүй юм байна. Учир юу гэвэл Д.Мөнхжаргалыг Нийслэлийн Засаг даргын орлогч бөгөөд Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч болгосон хүн нь МАН-ын генсек Д.Амарбаясгалан юм байна. Энэ хоёр хүн маш нарийн холбоотой аж. Гэхдээ буруугаар ойлгох хэрэггүй. Д.Амарбаясгалан нь Д.Мөнхжаргалаас найман насаар дүү юм. Тэрхүү нарийн холбоо нь Говь-Алтай аймаг ажээ. Д.Амарбаясгалан Тайшир сумынх, Д.Мөнхжаргал нь Халиун сумынх юм байна. Эгч дүү хоёр хоёулаа НИТХ-ын төлөөлөгчийн сонгуульт ажилтай. Тиймээс НИТХ-д ч Д.Амарбаясгалан нутгийн “аниа”-гаа нэлээд өргөсөн. Тэрээр Д.Мөнхжаргалыг НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооны дарга болгосон гэдэг.

Д.Мөнхжаргал ч нутгийн дүүгийнхээ ачийг яаж хариулахаа мэднэ. НИТХ дээр болдог ямар ч асуудалд Д.Амарбаясгалангийн ард байдаг “асаалттай танк”-нуудын нэг болж иржээ. Д.Амарбаясгалан ирэх 2020 оны сонгуульд Говь-Алтайдаа нэр дэвших гээд тойргоо “услаад” эхэлсэн. Тэр ажилд нь ч Д.Мөнхжаргал ханцуй шамлан орохоор ажиллаж эхэлсэн байна. Ийм учир шалтгаантай учраас Д.Амарбаясгалангийн “аниа” Д.Мөнхжаргал Хотын орлогч хэвээр үлдсэн байгаа юм.

Ө.Бааст


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)