Д.АЛТАНЦЭЦЭГ: Зөвхөн химийн эмчилгээнд жилд 6-8 тэрбум төгрөг шаардлагатай

 Манай улсад өнгөрсөн онд хавдрын 7000 орчим шинэ тохиолдол оношлогджээ. Өвчтөнүүдийн 50 орчим хувь нь химийн эмчилгээ хийлгэсэн байна. Хавдрын үе шатаас хамаарч, химийн эмчилгээг хамгийн багадаа 6-8 удаа хийлгэдэг аж. Гэтэл эмнэлгийн төсөв хүрэлцээгүйн улмаас уг эмчилгээг хийлгэж буй олон хүний эм, тариа тасалджээ. Тус төвийн Химийн эмчилгээний тасагт өчигдөр очиход хөл гишгэх зайгүй байлаа. БНСУ-д тархины хавдрын эмчилгээ хийлгээд ирсэн нэг хүн эм авах гэж уг эмнэлгээр олон хоног явж буйгаа учирлав. Харамсалтай нь, түүний уух ёстой эм байхгүй аж. Тодруулбал, энэ сард хэрэглэх хэдхэн ширхэг темозоломид эмийг олгоод дууссан бөгөөд тусгай үүргийн онгоцоор энэ долоо хоногийн сүүлчээр ирвэл нэмэлтээр авах гэнэ. Энэ талаар тус төвийн Химийн эмчилгээний тасгийн эрхлэгч, хавдар судлалын тэргүүлэх зэргийн эмч Д.Алтанцэцэгээс тодрууллаа.

-Эмийн төсвийнхөө хэдэн хувийг химийн эмчилгээнд зарцуулж байна вэ?

-2010 онд манай эмнэлгийн эмийн төсвийн 18 хувийг химийн эм эзэлж байсан. 2018 онд 22-25 хувь болж нэмэгдсэн. Хэдий өссөн мэт боловч валютын ханш, бусад зардлаас шалтгаалан дорвитой ахиц гараагүй. 2018 онд химийн эмчилгээнд 5500 хүн хамрагдаж байсан бол өнгөрсөн онд 6100 болж 11 хувиар өслөө. Өнгөрсөн онд бид 1.2 тэрбум төгрөгийн эм, бэлдмэл авсан ч эмчилгээнд хүрэлцээгүй тул нэмж 223 сая төгрөг зарцуулсан. Энэ бол зөвхөн химийн өргөн хэрэглээний эм, бэлдмэл. Өндөр үнэтэй бай эм (хавдрын эсийг сонгомлоор таньж, нөлөөлөх эм) ороогүй шүү. Хавдрын бүх төрлийн эмийг энэ төсөвтөө багтаахын тулд иргэдийн хэрэгцээ, шаардлагыг ч харгалзаж чадахгүй, эм тус бүрийн хэмжээг хасаж захиалдаг. Ямар эмийг хэдэн хүн ууж байна, дараа жил хэд болж өсөх хандлагатайг судалж, мэдээллийг нь ЭМЯ-нд хүргэдэг. Гэвч хэрэгцээнийхээ хэмжээгээр эм авч чаддаггүй. Тархины хавдартай хүмүүс голдуу уудаг темозоломид, ходоод гэдэс, хөхний хавдрын үед хэрэглэдэг капецитабин эм л гэхэд цөөн тоогоор ирдэг. Темозоломидыг нэг хүн тав хоног, капецитабиныг 14 хоног уухаар авчирсан ч ирсэн эхний хэд хоногтоодуусчихдаг. Дараагийн сарыг хүлээх, эсвэл өөрөө худалдаж авахаас өөр аргагүй болдог учраас өвчтөнүүд маш их бухимддаг. Төсөв хүрэлцээгүйгээс шалтгаалан сар бүр нэмэлтээр эм, бэлдмэл авах шаардлага гардаг. Эмчилгээ, үйлчилгээгээ тасалдуулахгүйн үүднээс дараагийн сард хэрэглэх эмээсээ урьдчилан авсаар оны эцсээр асуудалтай тулгардаг.

-Бай эмчилгээг эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй хийлгэх боломж бий юү. Өндөр үнэтэй учраас иргэд авч чадахгүй үхлээ хүлээхээс өөр аргагүйд хүрч байна.

-Өндөр хөгжилтэй орнуудад бай эмийн эмчилгээний зардлыг даатгалаас нь олгодог. Эрүүл мэндийн даатгалд оруулж өгөөч гэж бид 2013 оноос ярьж, холбогдох газруудад санал тавьсан. Хавдрын бай эмчилгээний зардлыг даатгалд хамруулахгүй бол бид хөгжихгүй, иргэд санхүүгийн дарамтаас гарч чадахгүй. Байгийн дараагийн дархлааны эмчилгээ бий болсон ч манайх шиг эдийн засгийн хүндрэлтэй оронд одоогийн санхүүжилтээр нэвтрүүлэх боломжгүй. 2017 онд хөхний хавдрын үед хэрэглэдэг трастузумаб бай эмчилгээг 30 гаруй хүнд хийх ёстойгоос зургаан хүн нь өөрөө авч, бусад нь санхүүгийн боломжгүйн улмаас чадаагүй. 2018 оноос манайх эмийн төсвөөрөө хоёр, 2019 онд гурван нэрийн бай эмийг цөөн тоогоор авч, эмчилгээнд хэрэглэсэн. Хөхний хавдартай, бай эмчилгээ шаардлагатай хүн уг эмчилгээг 16-18 удаа хийлгэх ёстой. Гэтэл нэг удаа хэрэглэх бай эм үйлдвэрлэгчээсээ хамаараад 1.7-2.3 сая төгрөгийн үнэтэй. Иргэд ийм үнэтэй эм авч хэрэглэж чадахгүй байна. Уг эмийг бид жилд 10-20 ширхэг л авдаг учраас өвчтөнд нэг удаа 1-2 ширхгийг л өгдөг. Ийм эмчилгээ хийлгэж байгаа хүн маш олон. Өнгөрсөн оны 4-12 дугаар сард хөхний хавдартай 54 хүн эмчилгээнд орсон ч бай эм ердөө 10 ширхэг л байсан.

-Химийн эмчилгээний төсөв хэд болбол иргэдэд дарамт учруулахгүй бол. Ийм тооцоо, судалгаа бий юү?

-2013 онд бид судалсан. Зөвхөн химийн эмчилгээнд жилд 6-8 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн судалгаа гаргасан. Гэтэл одоо 1.2 тэрбум төгрөгийн л төсөвтэй. Бай эмийн зардлыг оруулахгүйгээр шүү дээ. Нийт хавдрын 77 хувь нь хожуу үедээ оношлогдож байна. Тэр хүмүүст эмчилгээний хугацаа маш чухал.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)