Д.АЛТАНХУЯГ: Цахимаар шалгалт өгч, магистрын зэрэг хамгааллаа

Хүнд нөхцөлд ч хичээн зүтгэсээр урлаг судлалын ухааны магистрын зэрэг хамгаалсан “Монголын балетын хөгжил” сангийн тэргүүн, Гавьяат жүжигчин Д.Алтанхуягтай холбогдож товч ярилцсан юм.

-Танайхан сайн уу. Гэр бүлээрээ Нью-Йоркт байгаа юу?

-Тийм ээ. Бид сайн.

-Танай хотод нөхцөл байдал гайгүй юу, вирусийн тархалт намжиж эхэлсэн гэсэн үү?

-Хэдүүлээ үүнээс өөр юм ярья, тэгэх үү?

-Тэгье ээ. Урлаг судлалаар магистрын зэрэг хамгаалсанд баяр хүргэе. Цахимаар ярьж шалгалт өгөв үү?

-Тэгсэн. Их хэцүү юм байна. Ажиллахын хажуугаар зүтгүүлж байсан нэг ажлаа бүтээгээд сэтгэл амраад сууж байна. Өндөр даваа байлаа. Ямар ч байсан ард нь гарлаа.

-Хөл хорионд уйдах завгүй байжээ.

-Цаг хугацаатай уралдаад таарлаа. Ирэх зургадугаар сарын 1-нээс балетын анхан шатны сургалт алсын зайнаас явуулж эхлэхээр бүр завгүй болох байх. Энэ онд манай сангийн 10 жилийн ой тохиож байгаа юм. Ойн баяраа тохиолдуулан балет сонирхогчдод хичээл цувралаар заах гэж буйдаа баяртай байна. Сургалт төлбөргүй. Сонирхсон хүмүүс хичээл алгасахгүй сурвал үр дүн гарна аа.

Бэлтгэсэн: Р.Оюунаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)