Дөрвөн хөгжмийн зохиолчийн бүтээлийг улсын санд худалдаж авсан байна

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас оны өмнө шилдэг уран бүтээлчдэд “Мөнгөн мод” шагнал гардуулах үедээ улсын санд бүтээлийг нь худалдаж авсан хөгжмийн зохиолчдод батламж гардуулжээ. Энэ удаа дөрвөн уран бүтээлчийн туурвилыг зургаан саяас 11 сая төгрөгөөр худалдаж авсан аж. Тус агентлагийн Урлаг, уран бүтээлийн хэлтсийн дарга Г.Батхуяг “Өмнө нь мөнгийг олон хөгжмийн зохиолчид хувааж олгодог байсныг болиулсан. Үнэхээр сайн хөгжим бичсэн цөөн хөгжмийн зохиолчид өөрсдийнх нь үнэлгээний дагуу олгох нь зөв, наймаалцаж байгаа юм шиг, та тэгж дуугарч байгаа бол бид ийм саналтай байна гэх зэргээр үнэлгээг бууруулах нь утгагүй юм” хэмээж байлаа.

Энэ жилийн шалгаруулалтад найман хөгжмийн зохиолч бүтээлээ ирүүлснээс мэргэжилтнүүдийн зөвлөл Ц.Эрдэнэбатын эвэр бүрээ, симфони найрал хөгжимд зориулсан концерт, Х.Алтангэрэлийн их хуур, симфони найрал хөгжимд зориулсан концерт, Ш.Өлзийбаярын морин хуурын V концерт, оны өмнөхөн Урлагийн гавьяат зүтгэлтэн болсон Ж.Энхбаярын I симфони гэсэн бүтээлийг улсын санд худалдаж авах нь зүйтэй гэж үзжээ.

Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг улсын санд 23 жил худалдаж авснаар улсын сан хөмрөг хөгжмийн 200 гаруй шинэ бүтээлтэй болсон байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)