"Дөрвөн хүүхэд амиа алдсан хэргийг шалгаж, буруутай этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ"

Өчигдөр орой Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Маршалын гүүрний зүүн тал, Туул голын эрэгт байх усны халианд өсвөр насны дөрвөн хүүхэд живж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Уг асуудлын талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Хэрэг болсон газрын дэргэд Маршалын гүүрнээс Улиастайн гүүр хүртэлх 7.2 километрийн дугуйн зам баригдаж байгаа. Хотын дарга С.Амарсайхан тавдугаар сарын 10-ны өдөр тухайн газарт очин дугуйн замын ажлыг шалгах явцдаа зөвшөөрөлгүй барилга барьж байсан “Хан талст” ХХК-ийн үйл ажиллагааг шалгах Ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргасан. Энэ дагуу ажлын хэсэг байгуулагдаж, тухайн газарт хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн үр дүнгээ тавдугаар сарын 21-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар танилцуулсан. 

Шалгалтаар тус компанийг зөвшөөрөлгүй барилгын ажил явуулж байсныг тогтоосон. Мөн зарим хуулийг зөрчсөн байсан учир тус компанийн үйл ажиллагааг зогсоох, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлагуудад хариуцлага тооцох талаар Хотын даргын зөвлөлийн хуралдаанаар яригдсан. 

Хэдий тийм боловч энэ эмэгнэлтэй хэрэг гарсанд маш их харамсаж байна. Хариуцлагаас ямар нэг албан тушаалтан зугтах ёсгүй.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд анх газар олгох зөвшөөрлийг тухайн үеийн Хотын дарга Э.Бат-Үүл 2014 гаргаж байсан бөгөөд үүний дагуу “Хан Талст” компанид 3.3 га газрыг олгосон. Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд найман удаа хяналт шалгалт хийж, зөрчлийн хэрэг нээн албан шаардлага хүргүүлсэн. Түүнчлэн "Хан Талст" компанид нийслэлээс хоёр удаа үйл ажиллагааг нь зогсоох мэдэгдэл хүргүүлж байсан" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)