Дөрвөн жилийн дараа Монгол нефтийн үйлдвэртэй болох нь

Монгол Улс сард 40-50 сая ам.долларын газрын тос импортолж буй. Жилд 600 орчим сая ам.доллар гэсэн үг. Энэ нь валютын ханшид тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Түүхий эдтэй ч боловсруулах үйлдвэргүй, дэлхийд бараг ганц орон гэвэл манайх. Өмнөх жилүүдэд монголчууд боловсруулах үйлдвэртэй болохоор ярьж, хэд хэдэн удаа шав тавьсан түүхтэй.

Өнгөрсөн оны хоёрдугаар сарын 1-нд шийдлийн Засгийн газрын хуралдаанаар газрын тосны үйлдвэрийг Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд барина гэж шийдвэрлэж байв. Харин мэргэжлийн Засгийн газрын арванхоёрдугаар сарын 14-ний хуралдаанаар газрын тос боловсруулах үйлдвэрийг Дорноговийн Сайншанд суманд барихаар шийдвэрлэсэн.

Газрын тосны ордын байршил, дэд бүтэц, түүхий тосны нөөц зэргийг харгалзан ийн шийдсэн гэдэг. Сайншандад барих үйлдвэр жилд 1.200.000-1.500.000 тонн түүхий тос боловсруулж, хөрөнгө оруулалтаа 13-15 жилд нөхнө гэсэн төсөөллийг мэргэжилтнүүд гаргажээ.

ТҮҮХИЙ ЭДЭЭ ТАТАХАД ОЙР

Унгарын “Ebroil” компани Монголд газрын тос боловсруулах үйлдвэрийн урьдчилсан ТЭЗҮ-ийг хийж гүйцэтгэхдээ Бор-Өндөр, Чойр, Сайншандад барих гэсэн гурван хувилбарыг судалсан гэдэг. Засгийн газар, салбарын яам Сайншандыг яагаад сонгосон талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга Б.Баатарсүхээс тодруулахад, “Сайншандыг аж үйлдвэрийн парк болгохоор ус, байгаль орчин, эдийн засгийн талаарх нарийвчилсан судалгааг нэлээд их хийсэн.

Мөн түүхий эддээ ойр, газрын тосоо нефтийн хоолойгоор татаж авах боломжтой. Бор-Өндөр цөөн буюу 2000 хүнтэй, ихэвчлэн уурхайчид суурьшсан газар. Харин Сайншанд хүн ам төвлөрсөн бүс гэдгээрээ ажиллах хүчний хувьд илүү тохиромжтой, давуу тал бүхий байршил” хэмээн онцлов. Үүнээс гадна Монгол Улсын газрын тосны илэрц, цаашид илрэх магадлал зүүн, өмнөд хэсэгт элбэг гэдгийг харгалзсанаас гадна ус, эрчим хүчний эрэлтийг хангана гэж тооцжээ.

Үйлдвэрт аль болох гүний ус ашиглахгүй байхад анхаарч буй юм билээ. Монголын газрын тосны бүтээгдэхүүний эрэлтийн 80 орчим хувь нь Улаанбаатар, Орхон, Дархан-Уул, Өмнөговьд ногддог аж. Иймээс ч төмөр зам дагуух байршил нь ач холбогдолтой гэж үзсэн байна.

Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор 507.000 тонн автобензин, 670.000 тонн дизелийн, 34.000 тонн онгоцны түлш, 151.000 тонн шингэрүүлсэн шатдаг хий, бас нефтийн кокс үйлдвэрлэх юм байна. Боловсруулах үйлдвэрээс Евро-4, 5 стандартын шаардлага хангасан шатахуун нийлүүлэх тул хортой хольц нь бага байх гэнэ.

Шингэрүүлсэн шатдаг хий нь агаарын бохирдлыг бууруулахад тустай бөгөөд манай улс одоогоор жилд 30.000 тонныг импортолж буйг дотоодоосоо бүрэн хангах аж. Мөн үнэ нь хямдрах тул хэрэглээ нь нэмэгдэх ач холбогдолтой. Ер нь газрын тос боловсруулах үйлдвэрийг дагаад 30 орчим жижиг үйлдвэр байгуулагдах юм байна.

ЭНЭТХЭГИЙН ИНЖЕНЕРИНГИЙН КОМПАНИ АЖИЛЛАНА

Газрын тос боловсруулах үйлдвэрийн урьдчилсан ТЭЗҮ бэлэн болсон агаад нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж үзэж буй. Банкны шаардлага хангах нарийвчилсан ТЭЗҮ боловсруулж дуусахад хөрөнгө оруулалт дээрх мөнгөнөөс ±30 хувиар хэлбэлзэх магадлалтай аж. Энэтхэгийн Засгийн газраас авах нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг үүнд ашиглах талаар хоёр улс харилцан тохирсон.

Энэтхэгийн “Эксим” банкнаас авах зээлийг анхандаа төмөр зам, дэд бүтцийн төсөлд зарцуулна гэж байсан бол Монголын Засгийн газрын боловсруулах үйлдвэрт зарцуулах саналыг хүлээн авсан хэрэг. Одоогоор хоёр улсын Засгийн газрын хэлэлцээ үргэлжилж буй агаад бага зэрэг хугацаа шаардаж байгаа гэнэ.

Нэг тэрбум ам.долларын 700 саяыг нь боловсруулах үйлдвэр, 264 саяыг нь дамжуулах хоолой барихад зарцуулахаар төлөвлөсөн юм билээ. Дорнодын Матад сум дахь Тамсагийн сав газраас Сайншанд руу 545 км нефтийн хоолой барьж, үйлдвэр рүү түүхий эд хүргэх нь. Зээл 20 жилийн хугацаатай, жилийн 1.75 хувийн хүүтэй байх юм.

Энэтхэг газрын тосны үйлдвэр барих чиглэлээр асар их туршлагатай, Газрын тос, хийн яамтай улс гэнэ. Нөгөөтэйгүүр, бусад хөнгөлөлттэй зээлийн адилаар тодорхой нөхцөл тавих аж. Энэ хүрээнд Энэтхэгийн зүгээс инженерингийн 20-30 компаниа санал болгосон бөгөөд манай улс тэдгээрээс сонгон, хамтран ажиллах юм байна. Хамгийн сүүлийн үеийн технологитой үйлдвэр байхыг Б.Баатарсүх тэмдэглэсэн.

ТЭЗҮ-ийг эцэслэн боловсруулж, технологийн сонголт хийхэд багагүй хугацаа шаардагдах тул барилгын ажлыг хэзээ эхлүүлэх нь тодорхойгүй байгаа гэлээ. Судалгаа, бэлтгэл ажлаа хангачихвал үйлдвэрийг 3-4 жилийн дотор барина хэмээн тооцжээ. Үндэсний үйлдвэр учраас дотоодын боловсон хүчин, бүтээн байгуулалтад компаниудын оролцоог дэмжих гэнэ.

Тухайлбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтарч ажиллан, Энэтхэгт нефть боловсруулах үйлдвэрийн чиглэлээр хүмүүсийг сургахаар төлөвлөж буй аж. Дашрамд дурдахад, нефть боловсруулах үйлдвэрт 500-600 хүний ажлын байр бий болох юм байна.

ТҮҮХИЙ ТОС ХАНГАЛТТАЙ

2012 онд уул уурхайн бүүм болж байх үед буюу хамгийн их хэрэглээтэй үедээ Монгол Улс жилд 1.200.000 тонн газрын тос “залгисан” дүн бий. Одоогоор эл дүн нэг сая тоннд хүрэхгүй байгаа ч цаашид нэмэгдэх төлөвтэй. Тэгвэл боловсруулах үйлдвэрт шаардагдах түүхий тос хангалттай тул дотоодын эрэлтийг бүрэн хангана гэдгийг мэргэжилтнүүд тодотгож байна.

“Петро Чайна Дачин Тамсаг” компанийн тос олборлож буй бүтээгдэхүүн хуваах гэрээтэй хоёр талбайгаас гэхэд 2040 он хүртэл түүхий эдээр хангах боломжтой юм байна. Мөн газрын тосны хайгуул хийж байгаа хэд хэдэн компани бийгээс гадна хоёр ч талбайд нөөц илрүүлсний нэг нь Өмнөговь аймагт аж. Газрын тосны үйлдвэр баригдвал нэн тэргүүнд дотоодоосоо түүхий эдээр хангана гэж тусгасан байдаг билээ.

Манай улсын дотоодод борлуулж буй жижиглэн борлуулалтын үнэд нөлөөлөх гадаад гол хүчин зүйл нь дэлхийн зах зээл дэх ханшийн хэлбэлзэл байдаг. Өдгөө Монгол Улс ОХУ-аас дийлэнх буюу нефтийнхээ 90 гаруй хувийг импортолж буй. Тэгвэл дотоодод үйлдвэртэй болсноор гадаад орноос хараат байдлаас ангижирч, литр шатахууны бөөний үнэ 850-1159 төгрөг болох тооцоо гарсныг онцолъё.

Газрын тос нь стратегийн бүтээгдэхүүн тул боловсруулах үйлдвэрийг зайлшгүй барина гэдгийг салбарын яамныхан дуулгаж байлаа. Энэ талаар Б.Баатарсүх “Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн нэгж байгуулахаар бүтэц, зохион байгуулалтын ажил хийж байгаа” хэмээн өгүүлэв. Засгийн газраас гаргасан шийдвэрийг УИХ батлах ёстой аж.

Үүний дараа Засгийн газраас чиглэл өгснөөр дээрх төслийн нэгжийг байгуулах нь. “Bloomberg”-т тэмдэглэснээр, уг үйлдвэр Монгол Улсын ДНБ-ийг 10 хувиар өсгөх гэнэ. Газрын тосны бүтээгдэхүүний импорт нэг тэрбум ам.доллароор багасаж, валютын гарах урсгал 20, ам.долларын ханш 18-25 хувиар буурах тооцоо гарсан юм билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)