Дөрвөлжин сумын хөрсөнд цианид нэвчсэн, эсэхийг шинжилж байна

Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлдэг цаг агаарын төлөв нарийвчлал сайтай болж байгаа. Өнгөрсөн өдрүүдэд үргэлжилсэн усан бороо орно гэдгийг тус газраас хэд хоногийн өмнөөс урьдчилан мэдээлсэн. Тодруулбал, Цаг уур, орчны шинжилгээний газрын эрдэм шинжилгээний дэд ажилтан Д.Одонтунгалаг “Зургадугаарын сарын хоёрдугаар арав хоногт нарны илч буухтай зэрэгцээд аадар бороо үргэлжлэн орно” хэмээн анхааруулсан. ОБЕГ-ын цахим хуудсанд ч энэ сарын 12-нд үерийн сэрэмжлүүлэг мэдээлэл байршуулж “Маргаашнаас баруун аймгийн нутгаар, цаашдаа ихэнх нутгаар үргэлжилсэн бороотой” хэмээсэн. Нөхцөл байдлыг урьдчилан хэлж, анхааруулсаар байтал өнгөрсөн өдрүүдийн борооноор хот, хөдөөгүй үерт автаж, хүний амь эрсдэн, багагүй хохирол амсав.

800 САЯЫН ХАШЛАГА ГАНЦ ШӨНИЙН САЛХИНЫ АЯ ДААСАНГҮЙ 

800 сая шахам төгрөг зарж, урд хөршөөс импортолсон гэх авто зам тусгаарлах шар хашлага өнгөрсөн баасан гаргийн борооноор унаж, цөөнгүй нь эвдэрсэн. “Наадам центр”, “Эрэл” хотхоны хажуугийн зам дахь шар хайснууд салхинд унаж, хөдөлгөөнд оролцож буй автомашинуудын хаалгыг зурж, сэв суулгажээ. Түүгээр үл барам “Эрэл” хотхоны хажуугийн зам дагуу явж байсан иргэн шар хайсанд дарагдаж гэмтсэн байна. Хохирогчийг түргэн тусламжийн автомашинаар эмнэлэгт хүргэжээ. Ширүүвтэр ганц салхины ая даахгүй замын хашлага авч, төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсанд олон хүн бухимдаж байна. Нөгөөтээгүүр, Монголын зохион бүтээгчдийн холбооныхон ийм хэмжээний урттай хайсыг үндэсний үйлдвэрлэгчид 200 сая төгрөгт багтаан нийлүүлэх боломжтой байснаа цахим хуудсаараа дамжуулан дурдлаа. Уг 4820 метр шар хашлагыг нийслэлийн төв зам болон Энхтайваны гүүрний дагуу байршуулаад хэдхэн хонож буй. Салхинд унасан хайснуудыг нийслэлийн Хот тохижилтын газрынхан засаж, сэлбэж байна.

ЗАВХАН АЙМАГТ 10 ГАРУЙ АЙЛЫН ГЭР УРСЖЭЭ 

Завхан аймагт үер бууж, ихээхэн хохирол учирсныг ОБЕГ-аас мэдээллээ. Тухайлбал, зургадугаар сарын 14-ний шөнө үргэлжилсэн усархаг бороо орсны улмаас Дөрвөлжин сумын Цогт багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг, Хонконгийн хөрөнгө оруулалттай “Баян айраг эксплорэйшн” компанийн нуруулдан уусгах хоёр, 14, 15 дугаар үүрийн овоолго үерийн усанд урсжээ. Улмаар томоохон тогтоол ус үүссэн байна. Овоолгийн нурсан хэсгээр ус алдаж, 1693 ам метр талбайд нэвчсэн бололтой. Тус компани цианид ашиглан нуруулдан уусгах технологиор алт олборлодог юм. Компанийн төлөөлөл хөрснөөс дээж авч, өөрийн лабораторид шинжилж, цианид илрээгүй хэмээн мэдээлсэн. Улмаар тогтсон усыг соруулсан байна. Мэргэжлийн хяналт, байгаль орчин, онцгой байдлын алба хаагч­дын хамтарсан ажлын хэсэг тус компанийн эзэмшлийн бүсэд ажиллаж хөрснөөс дээж авчээ. Авсан дээжийг МХЕГ-ын нэгдсэн төв лабораторид шинжлүүлж буй. Шинжилгээний хариу энэ долоо хоногт гарна. Цианид газарт шингэсэн бол бохирдсон хөрсийг хуулах аж. Үүнээс гадна тус сумын ЗДТГ-аас хөндлөнгийн хяналт тавьж, холбогдох шинжилгээ давхар хийсэн гэнэ. Энэ талаар тус сумын Засаг дарга Ч.Батдөлөөс тодруулахад “Тус компани үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй. Шинжилгээний хариу гарахаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө” хэмээв. Хууль хяналтын байгууллага энэ хэргийг анхааралдаа авсан хэмээн эх сурвалж мэдээллээ. Өмнө нь ч “Баян айраг эксплорэйшн” компанийнхан нэг бус удаа цианид алдаж, байгаль орчинд хохирол учруулж байсан юм. Тухайлбал, 2015 онд химийн бодис ашиглахдаа аюулгүй ажиллагаагаа хангаагүйгээс олон тооны шувуу үхэж, мал өв­чилсөн. Улмаар амьтан, ургамал гэмтээж, агаар мандал, усны нөөц бохирдуулсан хэргээр шалгагдаж байжээ. 

Үерийн улмаас Богдын голын ус эргээсээ хальж, Улиастай сумын Хангамжийн хэсгийн хоёрдугаар гудамжны зарим айлын гэр усанд автсан байна. Сумын онцгой байдлын газрынхан есөн айлын гэрийг нүүлгэн шилжүүлсэн аж. Мөн Алдархаан сумын Мандаат багийн Өндөр толгой гэдэг газарт гурван айлын гэр, “Портер” автомашин живж, мод үржүүлгийн газар үерт автав.

ЛҮН СУМД ДӨРВӨН НАСТАЙ ХҮҮХЭД ЭРСДЭВ 

Уржигдар орсон усархаг борооны улмаас Төв аймагт улсын чанартай зам эвдрээд байна. Тиймээс энэ чиглэлийн авто замын хөдөлгөөнийг түр хаажээ. Тодруулбал, Төв аймгийн Лүн сумын чиглэлийн А0301 замын 110-113 дугаар км-т авто замын зорчих хэсэгт их хэмжээний ус урсаж, зам эвдэрчээ.

Мөн тус сумын Цагаан-Уул багийн Зэгэс хэмээх газарт зусаж байсан найман айлын гэр үерт автаж, иргэд усанд боогдсон байсныг онцгой байдлын алба хаагчид аюулгүй газарт шилжүүлжээ. Баянхангай сумд нэгэн харамсалтай хэрэг гарсан нь гурван айл үерт автаж, дөрвөн настай охины амь эрсдэв. Төв аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Н.Төмөрбаатар “Улаанбаатар хотоос гарч буй тээврийн хэрэгслийг явуулах боломжгүй болсон. Авто болон түр зам эвдэрсэн. Бид усанд боогдсон иргэдийг аль болох түргэн гаргахаар судалж байна” гэлээ.

БУСАД АЙМАГТ Ч ХҮНДРЭЛ ГАРЧЭЭ 

Ховд аймгийн Булган сумын Бүрэн хайрхан багийн Бага толгой гэдэг газарт усархаг борооны улмаас үерийн далан сэтэрч иргэн Х, Г нарын гэр усанд автжээ. Баасан гаргийн 19.10 цагт дуудлага хүлээн авсан онцгой байдлын алба хаагчид шөнөжин ажиллаж иргэдийг аварчээ. Мөн тус сумын ЗДТГ-ын 12 ажилтан болон онцгой байдлын аврагчид хамтран 1.5 метр өндөр, 10 метр урт шороон далан босгож, бусад өрхийг үерт өртөхөөс сэргийлэв. 

Баянхонгор аймгийн Бууцагаан сумд “Кроун-170” загварын суудлын автомашин үерт урсжээ. Машинд нэг том хүн, гурван хүүхэд зор­ чиж явсан аж. Тус аймгийн Онцгой байдлын газрын 72 дугаар ангийн алба хаагчид 70 км зам туулан, шуурхай очиж, иргэдийг аварчээ.

ОЛОН УЛСЫН НИСЛЭГ, ОРОН НУТГИЙН ТЭЭВРИЙГ ЗОГСООЛОО 

Цаг агаарын байдлаас шалтгаалан МИАТ ХК-ийн олон улсын болон орон нутгийн бүх нислэгүүдийг хойшлуулсан байна. Тодруулбал, 2019 оны зургадугаар сарын 16-нд нисэх хуваарьтай байсан Сөүл, Хонконг, Бээжин, Токио чиглэлийн нислэг хойшлогджээ. Түүнчлэн Автотээврийн үндэсний төвөөс орон нутаг руу гарсан автомашинуудыг буцааж эхлэв. Орон нутгийн замд гарсан бүх аялагчдыг буцааж, аюулгүй байдлыг нь хангаж ажиллажээ. Өчигдөр (18.00 цагт) орсон борооны дараа нөхцөл байдлыг тодруулахаар ОБЕГ болон ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төв рүү залгахад “Дуудлага ихтэй, ачаалалтай ажиллаж буй учраас нарийн мэдээлэл өгөх боломжгүй байна” гэсэн юм. Ташрамд дурдахад, ирэх өдрүүдэд ч бороотой. Тухайлбал, энэ сарын 21-23-нд ихэнх нутгаар ширүүн бороо цутгах аж. Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө хүйтэн байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж буй. Ирэх сард Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатар зэрэг ихэнх аймагт усархаг бороо орох төлөвтэй. Наймдугаар сард мөн л ихэнх нутгаар хуртай гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)