“Дөмөн”-г жаранд өртөөлсөн дөмгөрхөн заяа

Дөмөн дөмгөрхөн гишгэдэлтэй

Бараан нүдтэй шарга морь минь

Түмэн агтын түрүүнд зээ

Дүүхэлзэн дүүхэлзсээр ирлээ...

Ардын дуу сонсоод, аяны уртыг туулж яваа минь учиртай. Өвөрхангай аймгийн Өлзийт сум буюу “Дөмөн” Дулмаа гуайнхыг зорьж байгаа хэрэг. Тус сумын уугуул, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров “Уртын дуу бол гоцлон дуулаачийн урлаг. “Сэрүүн сайхан хангай”, “Дуртмал сайхан”, “Эртний сайхан”, “Хэрлэнгийн барьяа”, “Жаахан шарга”, “Дөмөн” гээд Монгол даяар алдартай уртын дуунууд дуучнаараа овоглодог. Жишээ нь, “Дөмөн” гэхэд 1930-1960-аад онд алдарт дуучин Төмөр гуайн дуулснаар нэрлэгддэг байсан бол 1960-аад оны эхнээс өдий хүртэл Дулам гуайгаар овоглож байна. Н.Норовбанзадаас эхлээд олон хүн энэ хугацаанд “Дөмөн”-г дуулсан боловч түүн шиг ялгарч, манлайлсан нь үгүй. Дараа дараагийн үеийнхэн ч “Дөмөн”-г яг Дулам гуайнх шиг дуулах боломжгүй учраас яаж түүнээс өөрөөр дуулах вэ гэдэг асуудал яригдана. Үүгээрээ тэр бол монгол уртын дууны маш том өв тээгч” хэмээсэн билээ.

Монгол Улсын Засгийн газраас 2018 онд Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журам баталж, анхныг нь Доржийн Дулам гуайд Цагаан сарын өмнө олгосон юм. “Уртын дуу дуулсаар байгаад л 30 сая төгрөгөөр шагнуулчихаж байгаа юм уу” гэсэн илүү үгтэй зарим нэг хүний асуултад Н.Жанцанноров гуайн тодорхойлолт дөмөгхөн хариулт өгөх биз ээ. “Дөмөн” уртын дууг эмэгтэй хүний хоолойн хамгийн нарийн, дээд өнгөнөөс эхлэн дуулдаг онцлог арга барилыг эзэмшсэнээсээ хойш 60 гаруй жил тэр л хэвээрээ дуулсаар яваа дөмгөрхөн заяат буурайтай танилцахаар төрөлх нутгийг нь зорьсон минь энэ.

“АР ХӨВЧИЙН УНАГА”-ААР АНХ ТАЙЗНАА ГАРАВ

Ар хөвчийн унага нь

Агсамхан болоод жороо

Амрагийн жаахан хүүгийнхээ

Аашинд нь болоод мордлоо доо...

хэмээн цангинуулан дуулах 13 настай охин Ардын язгуур урлагийн наадамд сумаасаа шалгаран, анх удаа Өвөрхангай аймгийнхаа тайзнаа гарав. Ээжээрээ заалгаж сурсан ганц дуу “Ар хөвчийн унага”-аа хонины бэлчээрт, аргал түүж явахдаа, ер хаа сайгүй дуулж явсан Дулам одоо нутаг усныхаа нэрийг аймагт тахалдаг “сумын данстай” дуучин болох нь тэр. Сумдаар аялан тоглолт хийх багийн бүрэлдэхүүнд багтан хөдөөгүүр явахад нь үзэгчид өхөөрдөн хэдэнтээ дахиулахаар сүүлдээ хоолой нь хатаж ангахын эрхэнд хувинтай хүйтэн ус руу ухасхийн, багшдаа зэмлүүлсэн удаа ч цөөнгүй.

Энэ үед тэрбээр гуравдугаар анги төгсөөд мал дээр гарчихсан, ээж, дүү нартайгаа амьдарч байлаа. “Эмэгтэй хүүхэд гуравдугаар анги төгсөхөд л болно, ном сурчихаараа ийш тийш яваад олдохгүй. Харин ах чинь дөрөвдүгээр анги төгсөөд, сургууль соёлын мөр хөөсөн нь дээр” гэсэн эхийн үгийг зөрчих зүрх зориг хэнд байх билээ. Зургаан хүүхэд төрүүлж, өсгөсөн ээж нь хачин сайхан хоолойтой, ингэ хөөслөхдөө гаргууд хэрнээ дуунд дургүй, охиноо ч “Эмэгтэй хүн байнга амандаа дуу аялаад байхаар нас нь богиносно, муу шүү” гээд загнадаг байж. Гэвч орчлонд дуулахын төлөө заяасан авьяас, хүсэл тэмүүллийг юу ч хорьж дийлсэнгүй. Хожмоо Бүх ард түмний урлагийн их наадам, Ардын язгуур урлагийн наадамд оролцож, улсынхаа хамаг л том тайзан дээр дуулсан боловч амьдралдаа гарсан хамгийн эрхэм хүндтэй, хамгийн том тайз нь “Ар хөвчийн унага”-аар аймгийнхаа театрт анхлан нүүр хагарсан тэрхүү мөч байсныг Дулам гуай онцолсон билээ. Ар, Өвөрхангайн зааг нутагт зохиогдсон энэхүү дууны үгийг ажвал түүний хожмын амьдралыг зурагласан мэт нийцэх ажгуу.

АРХАНГАЙН ТЕАТРТ ДУУЧИН БОЛСОН НЬ

Түүнийг арван долоо, найм хүрэхэд Чойр хотод ажиллаж, амьдардаг ах нь “Бүсгүй дүүгээ хөдөө удаан гандаагаад яах вэ” гээд дэргэдээ татаж авчээ. Хот орон газар байхдаа Архангай аймгийн Хангай сумын уугуул З.Гэндэнсүрэнтэй танилцсан бөгөөд цахилгаанчин хархүүгээ дагаад замын унаагаар хоёул нутгаад нь зорилоо. Нөхөр нь мэргэжлээрээ ажиллан, Дулам гуай сумын зочид буудалд жижүүр хийгээд эгэл боргил аж төрж байтал төд удалгүй аймгийн театрынхан мэдчихээд, дахин дахин урьсаар тэднийхийг нүүлгэж авчирчээ.

Архангай аймгийн Хөгжимт драмын театрт 20-иод жил ажиллахдаа “Дөмөн Дулам” хэмээн улс орон даяар ид алдаршиж эхлэхэд нь Л.Цогзолмаа, Н.Норовбанзад гуай тэргүүтэй нэрт дуучид “Дулам минь, хотод нүүгээд ирээч ээ. Гэр бүлийнхэнтэйгээ сайн ярилцаад үз. Ирнэ гэвэл эндээс машин явуулаад нүүлгэж авчиръя” хэмээн ятгадаг байж. Гэвч гэр бүлийн хүн нь Улаанбаатар хотод байтугай, аймгийн төвд ч амьдрах дургүй нэгэн байсан тул аясыг нь дагасан талаараа тэрбээр “Хүний амьдрал юм хойно яалтай билээ. Уг нь хот орон газар эртхэн бараадсан бол насны эцэст дулаан байранд тухтай амьдрах л байсан биз” гэсхийгээд илүү юм ярьсангүй. 

“Ядаж дөрөвдүгээр анги төгсчихсөн байсан бол хойшоо сургуульд явуулаад, энэ сайхан авьяасыг илүү сайн хөгжүүлэх сэн” гэдэг үгийг ч тухайн үеийн хөгжмийн мэргэжилтнүүдээс олонтоо сонссон тул Архангайн театрт ажиллаж байхдаа оройгоор дөрөвдүгээр анги дүүргэсэн гэдэг. Гэхдээ энэ нь гадаад руу явж сурах гэсэндээ бус, амьдралд нэг ч болов дутуугаа гүйцээх гэсэн бүсгүй сэтгэлийн илэрхийлэл байж.

“Би их “бүдүүлэг”, хэнэггүй хүн шүү дээ. Хэдэн оны ч билээ, Бүх ард түмний урлагийн их наадамд хоёрдугаар байрт шалгаран, Соёлын яамны Жуух бичгээр шагнуулсан юм. Тэгсэн өнөөхөө дүүгийн гэрийн шүүгээнд хийж мартаад, Архангай руу явах онгоцонд суучихсан байгаа юм. Яваад очтол манай театрынхан, урлаг соёлын газрынхан тосож авахдаа “Алив, Жуух бичгийг тань үзье” гэтэл байдаггүй. “Үгүй, энэ Дулам мөн хачин хэнэггүй хүн шүү” гээд бөөн инээдэм наргиа болж билээ” хэмээн инээмсэглэхдээ тэрбээр залуу насандаа очсон мэт хөхиүн баясалтай байх авай. Өдгөө 88 насны сүүдэр зооглож буй Дулам гуай Ар, Өвөрхангайн нэрийг улс, бүсийн урлагийн наадамд олон удаа өндөрт өргөж, шагнал урамшуулал хүртсэн ч түүндээ эрдэн биеэ тоож яваагүйдээ баярладаг гэнэ лээ.

Архангай аймгийн театрт ороод удаагүй байхдаа томоохон уралдаан наадамд явахынх нь өмнө “Хоолойгоо бэлд” гээд өдөр бүр өгдөг хоёр ширхэг өндөг, 500 грамм сүүг манаач өвгөн, тэдний хөгшин хоёрт “тушаачихдаг” байж. Хүний газарт ээжийгээ санасан сэтгэлээ тэгж дэвтээдэг байсан юм уу даа. Говь хээрийн бүсгүй хангай нутагт 20-иод жил дасан зохицож амьдрахын тулд амаргүй даваа нугачаа олныг туулсан боловч эцэстээ эх нь “Тэр Дуламыг намайг амьдад нутагтаа ир гэж хэлээтэх” хэмээн удаа дараа шавдуулсан тул Өлзийтдөө, ээж дээрээ иржээ. Жил гаруй хугацаанд ээжийгээ асарч тойлж байгаад бурхны оронд зориход толгойг нь түшсэн ачтай охин харин “төлөөсөнд” нь хань ижлээсээ холдох учиртай байж. “Хангайн хүн говийн цаг агаарт амьдрахад тохирохгүй юм байна аа” гээд З.Гэндэнсүрэн гуай төрхөмдөө буцсанаар тэдний амьдрал хоёр тийш болов. “Миний хүүхдүүд эргээд заавал эндээ ирээрэй” хэмээн сүү өргөөд хоцорсон хадам хөгшний хүсэл ч талаар болов.

...Хахир хатуу газраар

Нутаглан сууж чадна

Харь элгийн чамтайгаа

Ханилан сууж чадна...

хэмээн Дулам гуай бүсгүй зөөлөн сэтгэлээ хатамжлан дуулсаар (“Дөмөн” уртын дууны хоёрдугаар бадаг) Өлзийтдөө насыг элээхээр шийджээ. Ижийгээ өөд болсны дараа жил Өвөрхангай аймгийнхаа театрын нэр дээр Ардын язгуур урлагийн их наадамд оролцож, тэргүүн байрт шалгараад ирэхэд нь онгоцны буудалд олон хүн тосож авсан байна. “Энэ олон хүний дунд ээж минь зогсож байсан бол сайхан аа. Намайг ийм нэг дуучин болсныг харсан ч болоосой” гэсэн харуусал эхний бөгөөд эцсийн удаа өгүүлшгүй ихээр төрсөн гэдэг.

ХАТУУЖИЖ ТУУЛСАН АМЬДРАЛ

З.Гэндэнсүрэн, Д.Дулам нарын дундаас дөрвөн хүүхэд төрсөн ч хоёр нь энджээ. Нэг хүүгээ нялх багад нь ханийнхаа ахынд үрчлүүлснээс хойш холбоо тасраад 30 жил болсны дараа уржнан нэгэн телевизийн нэвтрүүлгийн буянаар эх, үр хоёр уулзсан байна. Гэвч олон жил тусдаа амьдарсан хүү нь ээнэгшилгүй, мөдхөн Улаанбаатар хот руу буцсан тул Дулам гуай урьдын адил Чулуунцэцэг хэмээх ганц охин, зээ хүү Баатарцогттойгоо үлджээ. “Олон жилийн турш хүсэн хүлээсэн хүүтэйгээ уулзаад их баярласан ч энд нэг л идээшиж өгөхгүй байсаар буцсан. Өчнөөн жил хол хөндий амьдарсан болохоор хэн хэнийгээ буруутгах билээ. Ганц охин минь надаасаа дорой биетэй чавганц болчихоод, бараг л ээжээрээ асруулах дөхөх юм. Уг нь хүү, охин хоёр минь их хөөрхөн дуулдаг юм шүү дээ. Цагтаа охин бид хоёр “Өнчин цагаан ботго” дууг дуулдаг байлаа. Яагаад ч юм, одоо жигтэйхэн дургүй болчихсон. Байгалиас заяасан сайхан хоолойг идэж, уухад л зарцуулж байх шиг байна” хэмээн хошигнох дууны өнгөнд нь хөнгөн гуниг мэдрэгдэж байв.

...Байгалиас заяасан унаган авьяастай, давтагдашгүй уртын дуучны хувьд түүнд өсөж дэвших олон боломж гарч ирдэг байсан ч амьдралын шаардлагаар ашиглаж чадаагүй нь их. Гэвч Дулам гуай хаана ч байсан гэлээ юу хийх ёстойгоо үргэлж мэддэг нэгэн. Тийм ч учраас “Доржийн Дулам гэхээсээ илүүтэй “Дөмөн Дулам” нэрээрээ түмэн олонд танигдсан биз ээ...

Нутагтаа ирээд амьдарч байхдаа хожим Д.Довдон хэмээх хүнтэй амьдрал зохиож, 13 жилийг хамтдаа туулсан ч золгүй тохиолдлоор хань нь нас эцэслэжээ. Амьдралын хатуу хөтүүг амсаж, сэтгэлийн тэнхээ алдрах мөчид уртын дуу, ухаант багшийнхаа захиас хоёрын хүчээр хөл дээрээ тэнцэж боссон тохиолдол бишгүй гэнэ. “Хүний амьдрал тааварлашгүй. Ялангуяа урлагийн хүн зовлон үзэх тусмаа хатуужилтай байх ёстой” гэсэн багшийн захиасыг ямагт бодож явах хэрэгтэйг хамтдаа урлагийн бригадаар явж байсан нэгэн гэр бүлийн эмгэнэлт явдал түүнд сануулдаг байж. “Учиртай гурван толгой”-н Юндэн, Нансалмаад дуулж байсан нэгэн гэр бүлийн хоёр дуучин өлгийтэй хүүхдээ өндөр дэр түшүүлэн босоогоор нь тавьчихаад, бэлтгэлээ хийж байх хүүхэд нь түрүүлгээ харж унаад бүтсэн аж. Нялх үрээ харамсалтайгаар алдсан хосууд орой нь тайзан дээр “Учиртай гурван толгой”-д дуулахыг хараад, ямархан айхтар хатуу хувь заяанд тохиож мэндэлснээ ухаарсан гэдэг. Байгалиас заяасан унаган авьяастай, давтагдашгүй уртын дуучны хувьд түүнд өсөж дэвших олон боломж гарч ирдэг байсан ч амьдралын шаардлагаар ашиглаж чадаагүй нь их. Гэвч Дулам гуай хаана ч байсан гэлээ юу хийх ёстойгоо үргэлж мэддэг нэгэн. Тийм ч учраас “Доржийн Дулам гэхээсээ илүүтэй “Дөмөн Дулам” нэрээрээ түмэн олонд танигдсан биз ээ.

ӨЛЗИЙТИЙН БЯЦХАН СУУРИНГ ГЭРЭЛТҮҮЛСЭН “ДЭНЛҮҮ”

Дөмөн дөмгөрхөн ээ... гээд дөрвөн ханатай гэртээ цангинатал эхлүүлж байна, “Дөмөн”-гөө тэр. Эгээтэй л 12-13 настай хүүхдийнх мэт жижигхэн цээжний хаанаас нь тийм их хүчтэй дуу, бас уртын урт амьсгаа гараад буйг гайхан бишрэхгүй байхын аргагүй. “Дулам гуайн хоолой Н.Норовбанзадынх шиг асар хүчтэй биш. Гэхдээ асар гоё цэвэр дуугаралттай, маш жигд хүчтэй хоолой. Ядарч цуцдаггүй. Ямар ч дээд өнгийг хүчилж гаргадаггүй, дундын өнгө шиг жигдхэн дуулдаг онцлогтой. Үүнд нутаг усны онцлог ч буй, аав, ээжээс удамшсан хосгүй авьяас ч бий. Түүнийг мэргэжлийн бус гэж хэлэх ямар ч үндэс байхгүй. Тэр бол төрөлхийн асар их мэдрэмжтэй дуучин. Энэ чадвараа ч “Дөмөн” дуунд гаргууд харуулдаг” хэмээх Н.Жанцанноров гуайн үг эрхгүй орой руу ормоор. 1975 онд Сангийн далайнхаа хөвөөнд, Жагварал гуай тэргүүтэй улс төрийн томчуудын дэргэд нэг нь “Дөмөн”-гөө дуулж, нөгөө нь баянхууртай даган хөгжимдөж байсан түүхтэй гэхээр тэд эртний танилууд байгаа биз.

Хотоос том сонины сурвалжлагч нар ирж байгааг дуулаад, Дулам гуай дээл гоёлоо хэзээний өмсчихсөн, шомбойгоод сууж байлаа. “Дөмөнгөө нэг аялаад өгөөч” гэвэл ганц, хоёрхон хүн байсан ч голохгүй, дуулаад өгдөг энэ буурайг Өлзийтийн бяцхан суурингаас өв соёлоо түмэнд түгээн дэлгэрүүл хэмээн бурхнаас илгээсэн мэт санагдсаныг нуух юун. Сумын Соёлын төвийн эрхлэгч Д.Хорлоо “Дулам гуайнхаа ачаар бид сая л Төрийн ордонд орж, есөн хөлт цагаан тугандаа мөргөлөө. Ийм сайхан хөгшин өв соёлоо хойч үеийнхэнд үлдээх гээд чадлынхаа хэрээр зүтгэж байгааг үнэлсэн төр, засагтаа их баярлаж байна” гэсээр биднийг угтав. Охиных нь оронд охин болж, хөгшнийг байнга эргэж тойрдог хамар хашааны Б.Буяндэлгэрийн гэр бүлийнхэн ч мөн Дулам гуайнхаа буянаар Төрийн ордонд хөл тавьж үзсэндээ жигтэйхэн баяртай байх аж.

Цагтаа Илдэн бэйлийн хошуу гэдгээрээ алдаршсан, айраг, найрын хөл тасардаггүй Өлзийт сумын төвд өдгөө 200-гаад хүн аж төрдөг, хоёрхон дэлгүүртэй, ерөнхий боловсролын сургуульд нь өнөө жил арванхоёрдугаар анги төгсөх ганц ч хүүхэд байхгүй болтлоо эзгүйрчээ. Гэхдээ энд жаран дамжин Монгол даяар шуранхайлсан “Дөмөн” хонгор аялгуу эгшиглэсээр байна. Өлзийтийг зорих нэгэн шалтгаан энэ билээ. Үндэсний урлагийн их театрын уртын дуучин Х.Эрдэнэцэцэг тэргүүтэй уран бүтээлчид МҮОНТ-ийнхэнтэй хамт өнгөрсөн намар энд ирсэн нь Дулам, “Дөмөн” хоёртой салшгүй холбоотой.

Архангайн театрт байхад нь алдарт дуучин Төмөрийн дуулсан “Дөмөн”-г түүнд заах гэхээр дээд өнгөнд өөрийнх нь хоолой хүрэхгүй тул Лодоншарав багш нь пянзны бичлэг тавьж өгөөд “Үүнийг л маш сайн дагаж дуулаад бай” хэмээсэн гэдэг. Тэгж анх “Дөмөн”-г сурснаас хойш 40 гаруй уртын дуу дуулсан ч үүндээ хамгийн их хайртай гэнэ лээ. Төмөрийн “Дөмөн” нэгэн жарны дараа Дуламын “Дөмөн” болсон түүн ийм буюу.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)