Дүүгийнхээ хянаж буй хэрэгт ах нь өмгөөлөгчөөр оролцвол ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй гэж үү

Баян-Өлгий аймгийн эрүүл мэндийн байгууллагын нэлээд олон албан хаагчийг АТГ, ЭЦА-ны хамтарсан ажлын хэсгийнхэн шалгаж эхэлсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Ажил хөдөлмөр эрхлэхгүй, хуурамчаар групп тогтоолгож, Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын сангаас мөнгө авч амьдардаг олон хүн тус аймагт байдаг. Тэд танил тал, ураг, овгийн ахлагч нараараа дамжуулан эрх бүхий албан тушаалтнууд болох эмч, дарга нарт хахууль өгч, “хөдөлмөрийн чадваргүй” гэсэн худал дүгнэлт гаргуулсан байсан нь шалгалтаар тогтоогдоод буй. ЦЕГ, АТГ-ын ажлын хэсгийнхэн энэ хэргийг шалгахын тулд маш олон хүнээс мэдүүлэг авч байгаа бөгөөд тэдний дунд орон нутгийн шүүх, прокурор, хууль сахиулах байгууллагын ажилтнуудтай садан төрлийн холбоотой, эсвэл найз нөхөд цөөнгүй байсан сурагтай.

Тиймээс УЕПГ-аас Баян-Өлгий аймгийн Прокурорын газрынхан бус, зэргэлдээх Ховд аймгийн Прокурорын газраас хэрэгт хяналт тавих харьяалал тогтоож өгчээ. Гэвч бас л ашиг сонирхлын зөрчил үүсэхгүйц нөхцөл байдал бий болоод байгааг орон нутгийн эх сурвалжууд мэдээлэв. Уг хэргийн гол холбогдогчийн нэг, Өлгий сумын ИТХ-ын төлөөлөгч А-ийн өмгөөлөгчөөр Ховд аймгийн ерөнхий прокурор Б.Гантулгын төрсөн ах Б.Ганзориг оролцож байгаа аж. Орон нутгийн эх сурвалжууд “Дүүгийнхээ удирдаж буй Прокурорын газрын хянаж буй хэрэгт ах нь өмгөөлөгчөөр оролцож байгааг АТГ, цагдаагийн байгууллагын ажлын хэсгийнхэн мэддэг болов уу. Гол холбогдогч А-ийн хувьд хүмүүсийг зуучлан групп тогтоолгож өгдгөөрөө гаршсан хүн. Ийм байхад ашиг сонирхлыг зөрчил үүснэ шүү дээ. Дүү нь энэ олон хүн холбогдсон хэргийг шийдвэрлэтэл түр хугацаанд ажлаасаа түдгэлзэж болдоггүй юм байх даа. Хэрэв тэр ажлаа хийж, хэрэгт хяналт тавих харьяалал Ховдын Прокурорын газарт байгаа тохиолдолд АТГ, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаныхны хамтарсан шалгалт үр дүнд хүрэхгүй юм биш үү” хэмээсэн юм.

Баян-Өлгий аймгийн эрүүл мэндийн болон нийгмийн халамж, даатгалын байгууллагын олон албан тушаалтан холбогдсон энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусах болоогүй учраас хууль сахиулах байгууллагынхан мэдээлэл өгөхөөс эрс татгалзаж буй. Тэд 2016 оноос хойш хуурамч бичиг баримт үйлдэн хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүст олгодог тэтгэврийг эрүүл иргэдэд олгож байсан нь батлагдсан аж. Тухайлбал, хэвийн ярьдаг, сонсгол нь зүгээр хүнийг хэлгүй, дүлий болгож групп тогтоон нийгмийн даатгалын болон халамжийн сангаас мөнгийг нь өөр хүний нэрээр авч завшдаг байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)