Дүр эсгэсэн тэмцэл

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх хаврын улстөржилт эхлэв. Өнгөрсөн намраас хойш амьсгаатай, үгүй нь мэдэгдэхгүй явж, УИХ-ыг сөрөг хүчингүй, “уйтгартай газар” болгоод буй АН-ын бүлэг төсвийн тодотголыг эсэргүүцсэн акц явуулж, хоёр хэвлэлийн ху­рал зарлан, нэг мэдэгдэл гаргаадахлаа. Занга­сан гарнаас нь дальдрах хүнгүй, хүч муутай ч гэлээ сөрөг хүчний дуу хоолойг сонсох аятайхан юм.

ГЭНЭН МАСС ХАШИР СУУЖЭЭ

Хаврын хавсарга эхэлж, гудамжаар хог, шороо хийсэн тавгүйтүүлэхтэй зэрэгцээд гудамжны улс төр ч мөн амь оров. “Оффшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөн” хэмээх хөдөлгөөн бий болж, жагсаал, цуглаан, суулт хийлээ. Бямба гаригт болсон жагсаалд Ахмадын холбооны Г.Баасан, “Онги гол”-ын Ц.Мөнхбаяр, “фэншүй” С.Ганбаатар нарын “мэргэжлийн” жагсагчдаас гадна УИХ-ын гишүүн С.Жавхлан, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатар, Ц.Шинэбаяр нар очсон харагдсан. Тэд оффшорт мөнгөө нуусан (байж магадгүй) улстөрчдийг албан тушаалаас нь эргүүлэн татаж, гадаадад гаргасан 17 тэрбум ам.долларыг Монголдоо авчрах шаардлага тавьж буй. (Уг нь сайхан шаардлага санж. Гэвч 10 тэрбум ам.долларын эдийн засагтай улсын цөөн хэдэн улстөрч 17 тэрбум ам.доллар гадаадад нуусан байх боломжтой юу гэдгийг бас бодолцох хэрэгтэй болов уу) 

Хавар болохоор ийн хөдөлгөөнд ордог гудамжны улс төрийг бид “хаврын синдром” гэж нэрлээд цөөнгүй жилийг үджээ. Урь наашилж, ичигсэд хөдлөхтэй хамт идэвхиждэг гудамжны улс төр ид хүчээ авч, “Жагсаал, цуглаан, суулт, өлсгөлөнгүй хаврыг ямар хавар гэх вэ” гэх хүртлээ жагсагчидтай “ээнэгшин дассан” арав гаруй жилийн өмнөх үеэс ийн нэрийдсэн санагдана. Хаврын хаварт л жагсаал, цуглаан идэвхиждэг, ялангуяа сонгуулийн жил улам ч хүчтэй, далайцтай, өргөн цар хүрээтэй болдог уламжлалтай. Харин энэ жилийн “хаврын синдром”-ыг эхлүүлсэн “Оффшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөн”- ий жагсаалд дээр дурдсан “мэргэжлийнхэн” ирсэн ч иргэд олигтой дэмжиж оролцоогүй талаар зохион байгуулагчид гомдоллосон. Өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд иргэд гудамжны улстөрчдөд хангалттай “ашиглуулсан”, дуудахад нь гүйгээд очдог дэврүүн, хэлсэн бүхэнд нь итгэдэг гэнэн масс хашир суусан бололтой. Тэгэхээр энэ удаагийн гудамжны улс төр тэгтэл хүчээ авахгүй биз.

ГУДАМЖНЫ ТЭМЦЛЭЭС ХЭН ХОЖДОГ ВЭ 

1990 оны ардчилсан хувьсгалын гол зэвсэг нь жагсаал цуглаан байсан хэдий ч дуртай цагтаа жагсаж, цуглаж болно гэдгийг монголчуудын тархи, сэтгэлгээнд гүн бат суулгасан нь 2000-аад оны эхэн үеийн “Эрүүл нийгэм, иргэний хөдөлгөөн”-ий жагсаал болов уу. Гүржид ягаан сарнайн, Украинд жүржийн хувьсгал ялаад байсан тэр үед хүзүүндээ шар тууз уясан хэсэг залуу “Эрүүл нийгмийн төлөө тэмцэнэ” хэмээн чанга дуугарсаар гарч ирсэн нь тухайн үедээ тун сонин хийгээд итгэл үнэмшилтэй байв. Тэд нэг удаагийн жагсаалдаа 5-6 мянган хүнийг элбэг цуглуулж чаддаг байсан гэцгээдэг. Энэ бол иргэд тэднийг эрүүл нийгмийг цогцлоож чадна гэдэгт итгэж байсны илрэл. Иргэний хөдөлгөөн, иргэний нийгмийн төлөөлөл гэдэг үгс тэр үеэс бидний үгсийн санд байр сууриа баттай эзэлсэн шиг нийгмийн амьдралд ч нөлөөлж эхэлсэн. Гэхдээ сайнаар биш. Үүнээс хойш хэчнээн ч иргэний хөдөлгөөн байгуулагдаж, хэдэн ч янзын жагсаал хийв. Ёстой л дуртай сэдвээ барьж авч, хүссэн үедээ жагсдаг болсон. Үг хэлэх, эвлэлдэн нэгдэж тэмцэх, жагсаж, цуглах нь ардчилсан нийгэмд байдаг л үзэгдэл төдийгүй иргэдэд олгож буй эрх чөлөөнийх нь томоохон хэсэг учраас үүнийг буруутгах аргагүй. Гэвч дүр эсгэсэн ардчилалтай улсад дүр эсгэсэн тэмцэл цэцэглэдгийг бид хангалттай үзлээ. Ингэхэд гудамжны тэмцлээс хэн хождог вэ. Тэмцэгчдийн тавьсан шаардлага биелж, үр дүнд нь иргэд хүссэндээ хүрсэн түүх Монголд бий юү. Миний санахаар л лав байхгүй. Иргэд нэгдээд жагсаж, цуглаж, тэмцэж болдгийг зааж, замчилсан “Эрүүл нийгэм, иргэний хөдөлгөөн”-ийхөн үйл ажиллагааг нь дэмжиж, талбай дүүргэн уухайлж байсан 6000 хүнийг улс төрд орох гишгүүрээ болгосон. Тэд хөдөлгөөнөө улс төрийн нам болгож, ингээд амжилт олоогүй тул жагсаал, цуглаанаар иргэдийн дэмжлэгийг олсноо ашиглан өөр намд элсэж, албан тушаалд хүрсэн. Иргэний хөдөлгөөн, жагсаал тэмцлийн “загалмайлсан эцэг” Ж.Батзандан одоо хоёр дахь удаагаа УИХ-д сонгогдон, архаг улстөрч болсон. Түүний хамтрагч О.Магнай Засгийн газрын тохируулагч агентлагийн даргаар ажиллаж байгаад АН-ын нарийн бичгийн даргаар томилогдсон.

Ж.Батзандан, О.Магнай нартай зэрэгцэн гарч ирсэн “Эрс шинэчлэл хөдөлгөөн”-ий С.Ганбаатар мөн Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч, улмаар УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Тэдний шил даран байгуулагдсан “Үндэсний соёмбо хөдөлгөөн”-ий Д.Лхагважав МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Араас нь “Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөн” гэгчийг байгуулсан Г.Уянга мөн л УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Иргэний хөдөлгөөн байгуулж, жагсаал, цуглаан хийж яваад албан тушаалд очсон хүмүүсийн тоймтойг нь дурдахад ийм. Одоо тэд иргэний нийгмийн бус, улс төрийн намын төлөөлөл. Улс төр, нийгмийн амьдрал тэдний сүрт тэмцлээ эхлүүлж байсан үеийнхээс огт өөрчлөгдөөгүй, шударга бус явдал, тэгш бус хуваарилалт нэмэгдсэн үү гэхээс багасаагүй. Харин тэд л өөрчлөгдсөн. Энэ бол нүдэнд ил байгаа үнэн. Иргэний хөдөлгөөний тэмцэл эхэн үедээ албан тушаалд хүрэх шат гишгүүр болж байснаа “хөгжлийн” явцдаа багагүй орлоготой бизнес болж хувирсан нь ч нууц биш. Нийгмийн захиалгаар бус, өөр хэн нэгний захиалгаар гарч ирсэн иргэний хөдөлгөөн олон байлаа. Тэд гэнэт гарч ирсэн шигээ гэнэт амаа хамхидаг. Ялангуяа Оюутолгойн гэрээг байгуулахаар ярьж байх үед хэчнээн ч олон хөдөлгөөн бий болж, эх орон, газар шорооныхоо төлөө “тэмцэв”. Эцэст нь тэдний олонх нь “шантаажчин” болох нь илрээд дууссан. Улстөрчид хэн нэгнийг муухай харагдуулах гэхдээ жагсаал цуглаан зохион байгуулах захиалга өгсөн, нөгөөх нь мөн хариу жагсаал зохион байгуулж, жагсаалыг жагсаалаар дарсан тохиолдол нэг биш. Үүний үр дүнд жагсаал, цуглаанаар мэргэшсэн хэсэг бүлэг бий болсон. Гудамжны улс төрөөс нийгэм хождоггүй, түүнийг зохион байгуулсан хэдэн хүн л хождогийг иргэд ойлгосон учраас арван хэдэн жилийн өмнөх шиг тэдний үгэнд итгэж, найдаж, дэмжиж уухайлахаа больсон байна. “Нэг үхрийн эвэр хугарахад мянган үхрийн эвэр доргидог” гэдэг. Одоо иргэний нийгмийнхэн шантааж, захиалга гэх мэт явуургүй аргаасаа салж, өөрсдөө шинэчлэгдэж, цэвэршихгүй бол нийгэмдээ гологдоод эхэлсэн байна шүү


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)