Дүн өвөл өнтэй, хахир хавар гэмтэй

Илүү сартай, налгар намар шувтарч байна. Малчид, орон нутгийнхан өвөл, хаварт бэлэн, эсэхийг тодруулав. Засгийн газраас өнгөрсөн долдугаар сарын 3-нд хөдөө аж ахуйн салбарт өвөл, хаврын бэлтгэл хангах 285 дугаар тогтоол баталсан юм. Үүний дагуу төлөвлөсөн ажлуудаа гүйцэтгэж байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ)-наас мэдээллээ.

“ДУЛААН” ӨВӨЛ БОЛОХ ТӨЛӨВ ГАРЧЭЭ

Арваннэгээс ирэх оны нэгдүгээр сар хүртэл цаг агаар ямар байхыг тэнгэрийн зурхайчид гаргажээ. Ирэх сард цаг агаар тогтуун, олон жилийн дундаж температураас давж хүйтрэхгүй гэсэн төлөв гарсан аж. Завхан, Архангай, Сэлэнгэ, Баянхонгор, Төв, Хэнтий, Хөвсгөл, Увс, Булган, Өвөрхангай аймгийн зарим нутагт дунджаас ахиу цас орохыг эс тооцвол ямар нэгэн хүндрэл бэрхшээл зурхайд буугаагүй гэнэ. Арванхоёр болон нэгдүгээр сард ч агаарын температур, цасны хэмжээ дунджийн орчим буюу түүнээс бага байх нь. Товчхондоо, өнгөрсөн жилүүдийнхээс давж хүйтрэхгүй, их цас унахгүй, байгаль, цаг уурын хүндрэлгүй өвөл болох төлөвтэйг Цаг уур, орчны шинжилгээний газрынхан мэдээлэв. Гэхдээ өвөл бүр тулгамддаг бэлчээрийн даац малчдыг зүдрээж, ялангуяа хаваржилт хүндэрч болзошгүйг анхаарууллаа. Одоогоор хаврын цаг агаарын төлөвийг таамаглахад хэцүү гэнэ.

Анхаарвал зүйтэй газруудын нэг нь Ховд аймаг. Тус аймгийн бэлчээрийн даацыг тодорхойлоход 24 хувь нь нөөцтэй, 15 хувь нь хүрэлцээтэй гэсэн дүн гарчээ. Харин 36 хувь нь даац хэтэрсэн гэж үнэлэгдсэн байна. Цаашлаад нийт нутгийнх нь 25 хувийн даац олон дахин хэтэрсэн буюу нөхөн сэргээж, дахин ашиглахад хэцүү болжээ. Ирэх өвөл, хаврын цаг уурын төлөвийг тус аймгийн холбогдох албаныхан болон малчид “Нэлээд эвгүйтэж мэднэ” хэмээн таамаглаж байна. Хэдийгээр өнгөрсөн зун нийт нутгаар бороо хуртай, газрын гарц сайн байсан ч модорхог иштэй ургамал элбэг ургажээ. Мөн хөл газрын ургамалд эзлэгдсэн аж. “Модорхог иштэй ургамал их ургах нь цас ахиу унаж, хүйтэн өвөл болохын шинж” гэж цаг агаарыг өөрийнхөөрөө таамаглах малчин ч байлаа. Бас хөмөл, таана, олон наст ургамал зэрэг газрын хөрсөнд үржил шим өгөх өвс ургахаа больсон нь малчид бэлчээрээ зохистой буюу сэлгэн, амрааж ашиглаагүй, талхалсантай холбоотой хэмээн шүүмжлэх хүн ч байв. Мөн мод бөөрөөрөө шарласан, тарвага их таргалж, эрт ичсэн, үхэр оготно, хулгана олноор нүүж, алга болсон зэргээр тэнгэр муудахыг дохиолсон үзэгдэл цөөнгүй ажиглагдсан гэнэ.

67.7 САЯ МАЛ ӨВӨЛЖИНӨ

Улсын хэмжээнд 67.7 сая мал өвөлжих төлөвтэйг ХХААХҮЯ-ны ахлах мэргэжилтэн Г.Наранчулуун мэдээлэв. Өдгөө улсын хэмжээнд нийт 84.2 сая мал бий гэнэ. Тэдгээрээс 16.5 саяыг нь идшинд хэрэглэнэ гэж тооцжээ. Нийслэлийн иргэдийн өвөл, хаврын хэрэгцээнд зориулан арилжааны банкны эх үүсвэрээр мал, мах бэлтгэх, нийлүүлэх, худалдан борлуулах арга хэмжээг тус яамнаас зохион байгуулж буй. Уг ажилд оролцох хүсэлтээ 14 аж ахуйн нэгж өгчээ. Тэдгээр аж ахуйн нэгжийн саналыг судалж, шаардлага хангана гэж үзээд, мэдээллийг нь арилжааны банкуудад хүргүүлсэн байна. Түүнчлэн хүнсний аюулгүй байдлыг хангах үүднээс хууль, хяналт, мэргэжлийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг улсын хэмжээний махны бүх үйлдвэрийг шалгаж байгаа аж. Цаашид нийслэлийн иргэдэд эрүүл ахуйн шаардлага хангасан мах нийлүүлэх, үнэ хөөрөгдөхгүй байлгахын тулд сум бүрээс 1000 гулууз татан төвлөрүүлж, арваннэгдүгээр сарын 20-ноос “Идэш” арга хэмжээ зохион байгуулахаар бэлтгэл хангаж эхэлжээ.

ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАРТ МАЛ ОТОРЛУУЛАХ НЬ

Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийнхэн 2019-2020 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг аймаг, сум, баг бүрээр нарийвчлан гаргасан. Зуншлагын байдал, бэлчээрийн ургацын хэмжээ, малын тоо зэрэг үзүүлэлтэд үндэслэн даацын хэмжээг тодорхойлсон аж. Нийт нутгийн 60 хувьд бэлчээр хүрэлцээтэй, 40 хувийнх нь даац хэтэрчээ. Тус хүрээлэнгийнхний мэдээлснээр, Өвөрхангай, Дундговь, Архангай, Говь-Алтай, Ховд аймгийн ихэнх сумд бэлчээрийн даац хэтэрсэн байна. Тэр дундаа Увсын Завхан, Ховдын Булган, Буянт, Говь-Алтайн Халиун, Төгрөг, Архангайн Ихтамир, Өлзийт, Өгийнуур, Булганы Рашаант, Төв аймгийн Дэлгэрхаан, Дундговийн Эрдэнэдалай, Адаацаг, Сайнцагаан сумд өвөлжилт хүндэрч болзошгүй гэнэ. Түүнчлэн Өвөрхангай аймгийн ихэнх сумд бэлчээрийн даац ихээхэн хэтэрсэн тул орон нутгийн удирдлага, иргэд хадлан сайн бэлтгэх, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх, малын тоог бууруулах зэрэгт эртнээс анхаарах нь зүйтэй аж. Ялангуяа Архангай, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай, Ховд аймгийн бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрсэн байна.

Бэлчээрийн даац хэтэрсэн, өвөлжилт хүндэрч болзошгүй газрын малчдыг аймаг дундын отрын бүс, хилийн зурвас, тусгай хамгаалалттай газруудад оторлуулах төлөвлөгөөг салбарын яамныхан гаргажээ. Урьдчилсан байдлаар аймаг дундын отрын бүсэд 592 700, хилийн зурвас газруудад 1.3 сая мал оторлуулах төлөвлөгөөтэй гэнэ. Түүнчлэн тусгай хамгаалалттай газарт долоон аймгийн 2766 өрхийн 2.2 сая малыг отроор өвөлжүүлэх гэрээ байгуулах ажил ид өрнөж байгаа аж. Бэлчээр сайтай хэрнээ ус, худаггүй газруудыг эргэлтэд оруулах ажлуудыг ч эрчимжүүлсэн байна. Тухайлбал, улсын төсөв, орон нутаг, гадаадын төсөл, хөтөлбөрийн хөрөнгөөр энэ онд инженерийн хийцтэй 200 гаруй худаг барьжээ. Мөн улсын төсвийн 250 сая төгрөгөөр Сүхбаатар, Дундговь, Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Хэнтий аймгийн 51 сумын ашиглаж чадахгүй байсан 205 байршилд усны хайгуул хийж буй юм билээ.

1.8 САЯ ТОНН ӨВС БЭЛДЖЭЭ

Улсын хэмжээнд хадлан, тэжээл бэлдэх, худалдаж авах ажил үргэлжилж байгаа гэнэ. Малчид одоогоор өвс 1.8 сая, ногоон тэжээл 80 000, гар тэжээл 52 000 тонныг бэлдсэн бөгөөд энэ нь шаардлагатай нөөцийн 78 хувийг хангасан дүн. Аймаг, сумын аюулгүйн нөөц бүрдүүлэх ажил 37.5 хувьтай аж. Орон нутгийн төлөөлөл болгож Говь-Алтай, Архангай аймагт хадлан, тэжээлээ бүрэн бэлдсэн, эсэхийг тодрууллаа. Говь-Алтай аймгийн тухайд өвлийн бэлтгэл 81.8 хувьтай гэлээ. Тус аймгийн 18 сумын 87 багт нийт 3.5 сая мал өвөлжих тооцоо гарчээ. Аймгийн аюулгүйн нөөцөд 8000 боодол өвс бэлтгэх ажил өдгөө 75.3 хувьтай юм байна. Архангай аймгийн хувьд аюулгүйн нөөцийн өвс, тэжээлийнхээ 80.5 хувийг бэлджээ.

Бэлтгэсэн: М.Оч


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)