“Дүнжингарав”-ын түрээсийн төлбөрийг хоёр дахин нэмснийг эсэргүүцэн жагсав

“Дүнжингарав” худалдааны төвийн худалдагч нар түрээсийн төлбөрийг 500 мянган төгрөгөөр нэмснийг эсэргүүцэн өчигдөр жагслаа. Тус худалдааны төвийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр нэг сарын түрээсийн төлбөрийг 495 000-995 000 төгрөг болгож, нэмсэн юм байна. Ингэхдээ түрээслэгч нарт энэ талаар мэдэгдээгүй, өмнөх гэрээний хугацаа нь дуусаагүй байхад ийм шийдвэр гаргасан гэнэ. Тус төвийн түрээслэгч Ц.Батболд “Түрээсийн төлбөрийг хоёр дахин нэмнэ гэж юу байх вэ. Бид урьд нь түрээсээ арайхийн төлдөг байсан. Ядахдаа энэ талаар нэг сарын өмнө бидэнд мэдэгдэх ёстой. 

Харамсалтай нь, худалдааны төвийн эзэд түрээслэгчдээ огт боддоггүй. Агааржуулалт муутай, хонгил, ариун цэврийн өрөөнүүдийг маш хангалтгүй цэвэрлэдэг. Цагаан сар, наадмаар олон хоног амрахад түрээсийн мөнгөнөөс хасаж, тооцдоггүй. Түрээслэгчдээсээ нэг сая төгрөгийн барьцаа авдаг хэрнээ лангууны түлхүүрийг 100 000 төгрөгөөр зардаг. Түрээсээ нэмсэн шалтгааныг ус, халаалт, цахилгааны үнэ нэмэгдсэнтэй холбон тайлбарласан. Гэвч нэг түрээслэгч сард ийм хэмжээний мөнгөн дүнтэй дүйх ус, дулаан хэрэглэх үү. Уг худалдааны төвийг 2011 онд нээж байхад 1000 түрээслэгчтэй байсан. Одоо 1300 орчимд хүрээд байна. Бидний эрх ашгийг хохироосон хүмүүстэй хатуу тэмцэнэ” гэсэн юм.

Бэлтгэсэн: О.Ундрах


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)