“Дүнжингарав”-ынхан и-баримт олгодог боллоо

“Дүнжингарав” үйлчилгээний төвд зоогийн газар ажиллуулдаг Ш.Отгонзаяа “Нэг хуушуур, аяга цай авсан ч хүмүүс и-баримт нэхдэг болсон” гэсээр НӨАТ-ын тухай хуулийг хэрэгжүүлэгч, Жишиг худалдааны төвийн нээлтийг сонирхож сууна. Тэрбээр тус төвд гуанз ажиллуулаад гурван жил болжээ. 

НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор нийслэл болон томоохон суурин газарт байрлах зах, худалдааны төв, үйлчилгээний байгууллагуудыг НӨАТ-ын санд бүртгэх, бараа бүтээгдэхүүн худалдан авсан иргэн бүрт и-баримт олгох ажил эрчимтэй үргэлжилж байна.

Үүний хүрээнд нийслэлийн 216 орчим үйлчилгээний төвөөс анх удаа “Дүнжингарав”-т худалдаа эрхлэгчид үйлчлүүлэгчдэдээ и-баримт олгох, Жишиг худалдааны төв болж буйгаа өчигдөр мэдээлэн, өдөрлөг зохион байгууллаа. Тус төвд одоогоор 39 аж ахуйн нэгж, 619 иргэн 1092 орчим лангуу, үйлчилгээний талбай түрээсэлдэг юм байна. 

Тэд POS машин болон “Гэрэгэ” аппликэйшн ашиглан үйлчлүүлэгчдийнхээ худалдааг баримтжуулж, НӨАТ-ын системд бүртгүүлэх боломж бүрдүүлэх юм. Ингэснээр үйлчлүүлэгч бүрт баримт олгох төдийгүй худалдаа эрхлэгч болон татварын албадын харилцааг хөнгөвчлөн, тайлан гаргах, шимтгэл төлөхөд хялбар болох аж. 

“Дүнжингарав”-ынхан ирэх сарын сүүлч гэхэд бүгд и-баримт олгодог болох гэнэ. Өдөрлөгийн үеэр нийслэлийн Татварын газрын дэд дарга Г.Энхжаргалаас дараагийн ээлжинд аль зах, худалдааны төвд дээрх үйлчилгээг нэвтрүүлэх, эсэх талаар тодруулахад “Барс”, “Бөмбөгөр”, “Баянзүрх” захыг хамруулахаар төлөвлөсөн.

Ирэх хоёр жилд Улаанбаатар дахь үйлчилгээний бүх байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгчийг НӨАТ-ын санд бүртгэхээр ажиллаж байна” гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)