Дээл хувцсаа зөв өмсөх Монгол заншил

Үндэсний хувцасныхаа загвар, төрхийг өөрчилж өргөн хэрэглэх болсон нь нэг талаараа авууштай ч нөгөө талаараа утга учрыг нь хэтэрхий алдагдуулчих гээд байдаг муу тал бидэнд анзаарагддаг. Энэ бол мэдээж саяхан дэлгэрсэн моод биш хэдий ч цагаан сарын баяр ойртож байгаа тул уншигч та бүхнийг монгол ёс заншилд дээл, малгай, бүс, гутлыг яаж өмсөх болон юу билэгддэг тухай хүргэе.

Мандах төрийн малгай

Монголчууд малгайгаа ийнхүү хүндэтгэн нэрийддэг. Энэ нь хурц шулуун, харилтгүйн утга билгэдсэн шовгор оройтой малгайгаар хүний биеийг ёс төртэй, мандан бадарч явахыг билгэдсэн байна. Монгол хүн малгай, бүсээ заавал тэгш, зөв өмсөж түүнийгээ айлд зочилох, аливаа ах зах хүнтэй уулзахын өмнө дахин нягталдаг нь зочноо хүндэлснээ илэрхийлж буйн шинж юм.

Малгайд мөн хурга, үнэг, булга, суусар, шилүүсний үс хаддаг. Европчууд малгайгаа тайлж хүндэтгэл үзүүлдэг бол монголчууд малгай, бүстэйгээ хүнтээ мэндэлж золгохыг хүндэтгэлд тооцно. Эр хүний малгай бүсийг гэрийн эзэгтэй хамгийн хүндэтгэлтэй газар дээдлэн тавьж хадгалдаг заншилтай.

Тэгш төрийн дээл

Ийнхүү нэрлэдэг нь хүний биеийг төв шулуун, тэгш намбатай байхыг ерөөж буй хэрэг юм. Монгол дээл нь аль нэг тийш дарж бүсэлдэг ташуу болон дөрвөлжин энгэр, хоёр ташаа бүхий эх биетэй дотуур гадуур энгэртэй хувцас билээ. Дээлний хийц загвар нь олон зуун жилийн турш төдийлөн өөрчлөгдөлгүй хадгалагдаж ирсэн. 

Үүнээс гадна дээлтэй холбоотой цээрлэх зүйл бий. Тухайлбал, дээлний захыг урагш буюу түрүүлгээ харуулж хаядаггүй, өвчин зовлон гуйна гэдэг. Дээлний захыг гал руу харуулж өрөөлдөж хучдаггүй, хоёр ханцуйг нь зөрүүлж эвхдэггүй, хүний эрхэнд хүлэгдэхийн ёр гэж үздэг. Мөн дээлийг толгой дээгүүр нөмрөх нь ялтан болохын дохио, энгэр заам задгай байх нь гэр бүл салж сарних бэлэвсэрч хагацахын шинж хэмээнэ. Товчийг үмхэж аманд зуух буюу хазаж зууваас өнчрөлийн дохио гэж үздэг. 

Бүтэх төрийн бүс

Монгол хүн бүсээ задгай тасархайг бэхлэн батжуулах, сарнисныг эвлүүлэхийн билгэдэл хэмээн ийн эрхэмлэдэг аж. Дээлний бүс бол эр хүний хийморь лундааг илтгэхээс гадна буян хураахын билгэдэлтэй, мөн улс гүрнийг бутраахгүй сарниахгүй барьж байна гэсэн санааг илэрхийлдэг. Бүс нь уг сурвалжаараа бөс мөн гэлдцэг нь яах аргагүй үнэн юм. Өөрөөр хэлбэл, хожуу үед бөс даавууг бүслэх болсноос түүнийг зааж хэлсэн хэрэг.

Бүсийг бүслэхдээ ямагт нар зөв нэг эргүүлэн үзүүрийг нь баруун ташаандаа хавчуулна. Монгол хүн бүсэн дээрээ гишгэхгүй, дээгүүр нь алхах ч ёсгүй. Шөнө унтахдаа бүсээ тайлж, аман хүзүү зангилаагаар зангидаж, дэрний дээд хавьд тавьдаг заншилтай. Мөн бүсээ өөр хүнтэй солихгүй, харин хар элгийн хүнтэй анд бололцох, хүж барилдах ёс гүйцэтгэх үед бие биеэ итгэж буйн тэмдэг болгон сольж бүсэлдэг заншил бий.

Монголчууд бүсээ зангидахыг цээрлэнэ. Хэрэв бүс зангирвал тэр чигээр нь гурав хонуулаад, хамгийн ахмад хүнд очин миний бүсний зангилааг тайлна уу гэж хүсдэг. Ахмад хүн уг эзнээс юу олсон, үзснийг асуухад, бүс зангирсан хүн гурав хоногийн хугацаанд юу үзсэн, олсноо хэлдэг ёстой. Мөн ахмад хүн эхлээд тэр хүний үзсэн, олсон зүйлийн аль билгэтэй үгээр тайлбарлаж, зангилааг тайлж өгдөг байжээ.

Түших төрийн гутал

Хүний биеийн тулгуур хөлийн өмсгөл тул тулж түших, бат суурьтай явахыг билгэдсэн. Монгол үндэстэн эрт цагаас арьсан түрийтэй, ширмэл ултай, саарь сарьс хавчуулсан ээтгэр хоншоортой гутал хийж өмсчээ. Монгол Улсад 20 гаруй ястан угсаатан өөр өөрсдийн биет бус өвийн онцлог шинжийг зан заншил, хувцас хэрэгсэл болон ахуй амьдралын уламжлалаараа илэрхийлэн амьдардаг.

Тийм ч учраас Монгол гутал хэлбэр хийц, загвар төрлийн хувьд маш олон янз байдаг. Тухайлбал, Монгол гутал, буриад гутал, ойрад госон, цараг, тоокуу, бөхийн гутал зэрэг олон янзын хэлбэр, хэмжээ, өнгө зүстэй гутал байдаг. Монгол гутлыг угалзных нь тоогоор нэрлэдэг ба голдуу наймаас гучин хоёр угалзтай байна. Монгол гутал нь байгаль дэлхийгээ эрхэмлэх, хөрс шороогоо сэндийлэхгүй байх нарийн бэлгэдлийг агуулсан ээтэн хоншоортой байдаг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)