Дээд шүүхийн шийдвэрээр ИЗНН дангаараа сонгуульд оролцох эрхтэй болов

Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Иргэний зориг ногоон намын нэхэмжлэлтэй Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох захиргааны хэргийг өчигдөр хэлэлцлээ. СЕХ-ны энэ сарын 2-ны 48 тоот тогтоолыг хүчингүйд тооцож, тус намыг 2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэхийг даалгуулах нэхэмжлэлийг ИЗНН-аас шүүхэд гаргасан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх тавдугаар сарын 20-нд уг гомдлыг хэлэлцээд нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм. Тэгвэл Дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүх хурлаар уг хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, СЕХ-ны 48 тоот тогтоолыг хүчингүйд тооцон, тус намыг 2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэхийг СЕХ-нд даалгалаа.

Тус намын дарга Ц.Ганхуяг шүүхийн шийдвэр өөрсдийнх нь талд гарсны дараа сэтгүүлчдэд товч мэдээлэл өглөө. Тэрбээр “Хэдийгээр сонгуульд нам, эвслийг оролцуулахаар бүртгэх хугацаа дууссан ч СЕХ-ны буруутай үйл ажиллагаанаас болж манай намыг бүртгээгүй. Тиймээс Дээд шүүхийн шийдвэрийг тус хороо одоо хүлээн авч манай намын нэр дэвшигчдийг бүртгэх ёстой. Бид ойрын 2-3 хоногт багтаан нэр дэвшигчдээ тодруулна. Энэ удаагийн сонгуульд хэчнээн хүн нэр дэвшүүлэх талаар хэлэхэд эрт байна. СЕХ-ны шийдвэрээс шалтгаалан манай намын гишүүд өөр намд элсэн нэр дэвшихээр бүртгүүлсэн.

С.Дэмбэрэл, Б.Булгамаа нарын тухайд намаасаа нэр дэвших, эсэхийг сайн мэдэхгүй. УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн хувьд манай намын даргын албан тушаалаас албан ёсоор чөлөөлөгдсөн, бас АН-ын ҮЗХ-ны гишүүн болчихоод байгаа. Энэ удаагийн сонгуульд би нэр дэвшинэ. Намынхаа Үндэсний хорооны хурлын үеэр “Нам дангаараа сонгуульд оролцохоор бол би нэр дэвшинэ” гэдгээ илэрхийлсэн” гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)