Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим эрх зүйн чадамжгүй болсон нь иргэдийг хохироож байна

Улсын дээд шүүх иргэн, эрүү, захиргааны гэсэн гурван танхимтай. Иргэний хэргийн танхим найман шүүгчтэй боловч Ерөнхийлөгч зарлиг гаргаж, тавынх нь эрхийг түр түдгэлзүүлсэн. Зарлиг гарсан өдрөөс хойш Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим бүрэлдэхүүнгүй гэх шалтгаанаар нэг ч хэрэг хянан шийдвэрлэлгүй, өнөөдөртэй золголоо. Энэ байдал хэдий хүртэл үргэлжлэхийг таашгүй. Бас нэхэмжлэл гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хэр удаан хүлээхийг мэдэх аргагүй.

Төрийн тэргүүний зарлиг гарсан даруйд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар “Улсын иргэн, захиргааны шүүгч гэж томилдоггүй. Иймд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн шийдвэрээр үлдсэн шүүгчдийг танхимуудад хуваарилан хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг тасралтгүй явуулах боломж бий” хэмээн байр сууриа илэрхийлж байсан удаатай. Түүнчлэн ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа, Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нарт хандаж, албан бичиг илгээсэн. Тус албан бичигт “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны зургадугаар сарын 26-нд гаргасан 120 дугаар зарлигаар нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэнтэй холбоотойгоор зарим шүүхийн шүүн таслах ажиллагааны хэвийн, тасралтгүй байдал алдагдлаа. Шүүхийн ачаалал тодорхой шүүх дээр эрс нэмэгдэх нөхцөл үүсэж байна. Иймд шүүгч нарт холбогдох мөрдөн шалгах ажиллагааг түргэн шуурхай хэрэгжүүлэх талаар анхаарал хандуулахыг хүсье. Энэ нь шүүхийн хэвийн үйл ажиллагааг богино хугацаанд хангахтай холбоотой” хэмээн бичжээ.

Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим зургадугаар сарын 29-нөөс хойш нэг ч хэрэг хянан хэлэлцээгүй. Харин зургадугаар сард цөөнгүй хэрэг шийджээ

АТГ нэр бүхий зургаан шүүгчид холбогдох хэргийг прокурорын хяналтад шилжүүлсэн. Тэдэнд холбогдох хэргийг шуурхай хянаад шүүхэд шилжүүлэх үү, эсвэл нэмэлт мөрдөн байцаалтад буцаах уу гэдгийг таах аргагүй. Тиймээс шүүхийн үйл ажиллагаа нэг хэсэгтээ гацаанд орсон хэвээр байх бололтой.

Дээд шүүхэд маргаан хянан шийдвэрлэхэд заавал таван шүүгчийн бүрэлдэхүүнтэй байхаар хуульчилсан байдаг. Гурван шүүгчтэйгээр маргаан хянан шийдвэрлэх боломжгүй. Мөн эрүү, захиргааны танхимын шүүгч иргэний хэрэгт оролцох эрх зүйн зохицуулалт байхгүй. Учир нь хуулиар танхим сэлгэж ажиллахыг хориглосон. Үүнээс гадна манай улс эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажиллагааны төрлөөр дагнасан шүүх байгуулсан. Тиймээс шүүгч нарыг сэлгэн ажиллуулах нь шүүх байгууллагын хөгжлөөс хойш татаж, ухарсан хэрэг болно хэмээн үзэх хүн олон байна. Ерөнхийлөгчийн зарлиг зургадугаар сард гарсан. Үүнээс хойш Дээд шүүхийн иргэний хэргийн танхим нэг ч маргаан шийдээгүй тухай дээр дурдсан. Энэ нь иргэд, олон нийт, зарим байгууллагад хүндээр тусаж буй. Зарим иргэн маш ихээр бухимдаж галзуурахад ганц хуруу дутуу яваагаа ч хэлсэн. Байгууллагууд ч багагүй хохирол амсаж, энэ нь өдөр ирэх тусам хүндэрсээр байна. Дээд шүүх маргааныг эцэслэж шийддэг. Дээд шүүхийн шийдвэргүйгээр маргаан дуусгавар болох нь ховор. Тиймээс энэ өдрүүдэд гэрээ байгуулахдаа арбитрыг сонгосон зарим аж ахуйн нэгжийнхэн баярлаж сууна.

Шүүгч нартай холбоотой Ерөнхийлөгчийн зарлиг гарахаас өмнө Дээд шүүх өдөрт хэдэн хэрэг шийдвэрлэдэг байсныг сонирхъё. Угаас дээд шүүх ачаалалтай ажилладаг. Дээд шүүхийн иргэний танхим долоо хоногт 2-3 удаа хуралддаг. Өнгөрсөн зургадугаар сард өдөрт нэг удаа хуралдахдаа 20-23 хэрэг хянан шийдвэрлэдэг байж. Долоо хоногт 40 хэрэг хянан шийдвэрлэдэг гэж үзвэл сард 160 хэрэг шийдэхээр байна. Нэг хэргийн ард хариуцагч, нэхэмжлэгч гээд хамгийн багадаа хоёр хүн бий гэж үзвэл Дээд шүүхийн иргэний хэргийн танхим хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн чадамжгүй болсноор маш олон хүний ажил, амьдралд сөрөг нөлөө үзүүлжээ. Нэг жижиг фирмийн долоон хэрэг дээр гэхэд дөрвөн тэрбум төгрөгийн асуудал ярьж байхад зургадугаар сараас хойш хүлээгдсэн хэдэн зуун хэргийн мөнгөн болоод сэтгэл санааны хохирлыг төсөөлөх аргагүй. Тус шүүхийн Иргэний хэргийн танхимд эрүүгийн хэрэг, захирах, захирагдах харилцааны маргаанаас бусдыг шийддэг. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн, гэр бүлийн, эрүүгийн гэмт хэргийн улмаас хохирсон иргэний нэхэмжилсэн мөнгөнөөс авхуулаад гар утасны төлбөр гээд бүхий л маргааныг зөвхөн иргэний хэргийн дагнасан шүүх шийддэг. Тиймээс эрүүгийн болон захиргааны хэргийн танхимаас иргэнийнх нь хэд дахин илүү их ачаалалтай ажилладаг билээ.

Иргэний хэргийн дагнасан шүүхийн хяналтын шат хуралдахгүй байгаа нь банк санхүүгийнхэнд ихээхэн хохирол учруулж буй гэнэ. Анхан шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ мөнгөний хүү бодохыг зогсоодог. Тийм хэдий ч банк, санхүүгийн салбарынхан энэ алдагдлаа зээл авч буй бусад иргэний мөнгөнд шингээдэг юм гэсэн. Гадаадын хөрөнгө оруулалттай компанид өр зээлтэй аж ахуйн нэгжийн хувьд ам.долларын ханш чангарах тусам эрсдэлд орж, хохирол улам нэмэгдэх магадлалтай. Мөн гэр бүлийн маргаанаа эцэс болгож чадаагүй хос олон. Шүүх хэргийг шийдэхгүй цаг алдах тусам маргаантай гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хүчирхийлэлд өртсөөр байгааг зарим өмгөөлөгч хэлсэн юм. Түүнчлэн ажлаасаа үндэслэлгүйгээр халагдсан иргэд ажилгүй байсан хугацааныхаа цалинг авахаар иргэний хэргийн шүүхэд ханддаг. Ийм нэхэмжлэл гаргасан маш олон иргэн бий. Ийнхүү Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим ажиллах эрх зүйн чадамжгүй болсноос үүдэн иргэд, байгууллагууд хэдий болтол хохирох вэ.

“Одоо яах вэ” хэмээн зарим хуульч хоорондоо ярилцжээ. Тэдний ярьж буйгаар шүүгч нарыг хууль зүйн хувьд шинээр томилох боломжгүй. Дээд шүүхийн таван шүүгчийн эрхийг түр түдгэлзүүлсэн болохоор сул орон тоо гарсан гэж үзэхгүй. Тиймээс шалгуулж буй хяналтын шатны шүүхийн таван шүүгчийн эрхийг нэг бол сэргээх, үгүй бол шууд халах нь зүйтэй гэнэ. Эс бөгөөс шинэ хууль баталж, Дээд шүүхийн шүүгч нар танхим сэлгэхгүй гэдэг заалтыг өөрчилж, дараах онцгой тохиолдолд эрүү, захиргааны хэргийн нэг нэг шүүгчийг сэлгэн ажиллуулна гэх заалт нэмж оруулах шаардлагатай аж.

Эцэст нь хэлэхэд, цөөн хэдэн хуульч ярилцах бус, Монголын хуульчдын холбоо, тус холбооны харьяа Шүүгч, Өмгөөлөгчийн болон Иргэний эрх зүйн хороо, Монголын өмгөөлөгчдийн холбоо хамтарч байр сууриа илэрхийлэх, нэгдэж дуугарах, ямар нэг арга хэмжээ авах цаг хэдийн болжээ. Эс бөгөөс олон нийт хохирсон дээрээ хохирсоор байна. Шүүх байгууллага ажлаа явуулах боломжгүй болсон нь иргэд, байгууллагууд шударга ёсны үйлчилгээ авч чадахгүй болсноос ялгаагүй мэт.

А.БАЗАР: ДЭЭД ШҮҮХЭД ЕСӨН НЭХЭМЖЛЭЛ ГАЦЧИХААД БАЙНА

“Бэз партнерс” хуулийн фирмд ихэнхдээ гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд хандаж үйлчлүүлдэг аж. Тус фирмийн хуульч, нөхөрлөлийн гишүүн А.Базараас Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын үйл ажиллагаа зогссоноор ямар бэрхшээл тулгарч буй талаар тодруулсан юм.

-Танайх Дээд шүүхэд хэчнээн гомдол гаргаад байгаа вэ?

-Бид Дээд шүүхэд гомдол гаргасан есөн хэрэг дээр ажиллаж байна. Долоон хэрэг нь нийт дөрвөн тэрбум төгрөгийн маргаантай. Хоёр нь үл хөдлөх хөрөнгө, газрын маргаан юм. Дээд шүүх гомдлыг хэлэлцэх боломжгүй байгаа нь дээрх байгууллагуудад санхүүгийн маш их хохирол учруулахаар байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр манай үйлчлүүлэгч нарын талд гарсан. Тиймээс тэд мөнгөө олж авна гэдэгтээ итгэлтэй байгаа. Хариуцагч нарт ч хохиролтой. Хугацаа сунгах тусам мөнгөний хүү, ам.долларын ханш өсөх эрсдэлтэй.

-Гадаадын хөрөнгө оруулагч нартай харилцдаг юм байна. Тэд нөхцөл байдлыг хэрхэн хүлээн авсан бэ?

-Бид Монгол Улсын шүүхэд ийм нөхцөл байдал үүслээ. Үүний улмаас хэрэг сунжрах нь. Маргаан шуурхай шийдвэрлэх боломжгүй гэдгийг тайлбарласан. Үйлчлүүлэгч нар маш их гайхаж хүлээж авсан. Монгол Улсын шүүгч нар шалгуулж байгаа, тэр дундаа авлигын хэрэг холбогдсон нь тэднийг манай шүүхэд эргэлзэхэд хүргэлээ. Энэ нь Монгол Улсыг гадаадынханд муухай харагдуулах, таагүй сэтгэгдэл төрүүлсэн том шалтгаан. Шүүх дээр хэр их хугацаа зарцуулах вэ гэдэг тоймтоо хэлж чадахгүй байгаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)