Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурорт нэр дэвшигчийг тодруулав

Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зоригийг хүсэлтээр нь чөлөөлөх, ерөнхий прокурор М.Энх-Амгаланг огцруулах зарлигт Ерөнхийлөгч Х.Баттулга гарын үсэг зурснаас хойш тэдний оронд хэнийг томилох бол хэсэг хүлээлт хуульчдын дунд бий болсон. Тэгвэл Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн зөвлөгөөн өчигдөр болж, Ерөнхий шүүгчид нэр дэвшигчээ тодруулжээ. 

Дээд шүүхийн шүүгчид дундаасаа Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Д.Ганзориг, Захиргааны хэргийн танхимын шүүгч Х.Батсүрэн нарын нэрийг дэвшүүлж, олонхын саналаар Д.Ганзоригийг ерөнхий шүүгчээр томилуулах саналаа Ерөнхийлөгчид хүргүүлэхээр болсон байна. Д.Ганзориг нь 1976 онд төрсөн, МУИС-ийн Хууль зүйн сургууль төгсөн, шүүгчийн туслахаар таван жил ажиллаж байгаад Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгч болсон нэгэн. Тус шүүхэд шүүгчээр есөн жил ажиллаж, хууль журмын дагуу Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгчээр томилогдон зургаан жил ажилласан хүн юм.

Харин Улсын ерөнхий прокурорын албан тушаалд Б.Жаргалсайханыг дэвшүүлж, хуулийн дагуу ХАСХОМ-ийг нь хянуулж байна. АТГ-ынхан тухайн нэр дэвшигчид ашиг, сонирхлын зөрчил байгаа, эсэхийг нягтлаад хариуг нь Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлэх юм. Б.Жаргалсайхан нь 1988 оноос эхлэн прокурорын байгууллагад хяналтын прокуророос газар, хэлтсийн дарга хүртэлх албан тушаал хашиж буй, удам дамжсан хуульч. Аав нь Өвөрхангай аймгийн шүүгчээр ажиллаж байжээ. Өдгөө Б.Жаргалсайхан нь Улсын ерөнхий прокурорын туслах, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргаар ажиллаж буй юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)