Дээд хэмжээний уулзалт яагаад тасрав

60 жилийн өмнө, 1960 оны тавдугаар сарын 1-нд Америкийн нисгэгч Фрэнсис Гэрри Пауэрсийн жолоодсон тагнуулын “U-2” онгоц Зөвлөлтийн хилийг нэвтрэн орж ирсэн юм. Зөвлөлтийн стратегийн зориулалттай объектууд, түүний дотор Байконурын сансрын хөлгийн буудлын зургийг авах нь энэ нислэгийн зорилго байлаа. Уг онгоц Пешавар дахь АНУ-ын Агаарын цэргийн хүчний нисэх баазаас эхлэн Афганистан-Сталинабад (Душанбе)-Аралийн тэнгис-Челябинск-Свердловск-Киров-Архангельск-Кандалакша-Мурманск-Норвегийн Буди дахь Америкийн Агаарын цэргийн хүчний бааз гэсэн урт маршрутаар нисэх ёстой байв.

Гадаадын онгоц хил зөрчсөн тухай ЗХУ-ын Батлан хамгаалахын сайд Родион Малиновский тэр даруйд нь Төрийн тэргүүн Никита Хрущёвт мэдээлэхэд түүнийг устгахыг тушаалаа. Энэ зөв шийдвэр байв. 08.53 цагт Пауэрсийн онгоцыг Свердловскийн ойролцоо явахад нь харван сөнөөжээ. Гэхдээ Америкийн тагнуулын онгоцыг устгах шийдвэрийг Майн 1-ний баярын жагсаал болж байхад Мавзолейн индрээс шууд өгсөн гэсэн домог мэт яриа ард олны дунд тархсан байдаг.

“U-2” онгоцны нисгэгч Пауэрст 10 жил хорих ялыг ЗХУ-ын Дээд шүүхийн Цэргийн коллеги 1960 оны наймдугаар сарын 19-нд оноов. Харин 1962 онд түүнийг Зөвлөлтийн нууц тагнуулч Рудольф Абелиар (Вильям Фишер) сольсон аж.

Пауэрсийн жолоодож явсан онгоцыг тавдугаар сарын 1-нд сөнөөсөн бол Дээд хэмжээний уулзалтыг 16-ны өдөр Парист хийхээр товлосон, түүнд Зөвлөлтийн удирдагч Никита Хрущёв, Америкийн Ерөнхийлөгч Дуайт Эйзенхауэр, Францын Ерөнхийлөгч Шарль де Голль гурав гол үүрэгтэй оролцох байлаа. Ийм уулзалт хийх эхний яриа хөөрөөг Хрущёв 1959 онд АНУ-д төрийн айлчлал хийх үеэр эхэлсэн. Уулзалт хийх гэж яарах шалтгаан Хрущёв, Эйзенхауэр хоёрын хэн хэнд нь байжээ. Армиа цөөлөх бодлогод нь сэтгэл дундуур сөрөг хүчинтэй Хрущёв тулгараад байсан бол 1960 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох Дэд Ерөнхийлөгч Ричард Никсондоо туслах зорилгоор Хрущёвтой үр дүнтэй уулзалт хийхийг Эйзенхауэр хүсжээ.

Хрущёв, Эйзенхауэр, де Голлийн уулзалтыг эхлээд 1959 оны эцсээр хийхээр төлөвлөв. Энэ нь гэтэл Шарль де Голльд яагаад ч боломжгүй байж. Учир нь Францын удирдагч Зөвлөлт, Америкийн удирдагчдад төдийлөн тааламжтай байхааргүй бэлэг бэлтгэжээ. Энэтхэг, Хятадад ялагдсаны дараа буюу 1954 оноос Франц цөмийн хөтөлбөр боловсруулж эхэлсэн. 1959 оны эцэс болоход уг хөтөлбөр бүхэлдээ бэлэн болжээ. Туршилт л хийх хэрэгтэй байж. Тиймээс де Голль туршилтаас өмнө дээд хэмжээний уулзалт хийх бодолгүй байсан аж. Франц цөмийн бөмбөгөө 1960 оны хоёрдугаар сарын 13-нд Алжирт туршсаныг хүн төрөлхтөн мэдэх билээ. Үүний дараа Парисын уулзалтад бэлтгэх ажил идэвхжив. 1960 оны гуравдугаар сард Хрущёв Парист ирлээ. Дээд хэмжээнд зөвлөлдөх уулзалт тавдугаар сард хийхээр де Голльтой тохиролцов. Нэг сарын дараа 1960 оны гуравдугаар сард де Голль Вашингтонд айлчилж гурвалсан уулзалт тавдугаар сард болоход бүх юм бэлэн болжээ.

Гэтэл тавдугаар сарын 1-нд Пауэрсийн онгоцыг сөнөөчих нь тэр. Эйзенхауэр тун эвгүй байдалд орлоо. Тэгээд Парисын уулзалтыг тасалдуулахгүйн тулд энэ үйл явдлын талаар ам ангайхгүй байхаар шийдэв. Уг ажлыг маш өвөрмөц хэлбэрээр хийх нь зүйтэй гэж тэр үзэж байж. Америкийн Төрийн департаментийн албан ёсны мэдээгээр бол эдний цаг уурын шинжилгээний зориулалттай нэг онгоц Зөвлөлтийн хилийн орчимд алга болчихсон юмсанж. Алга болохын өмнөхөн нисгэгч нь хүчилтөрөгчийн төхөөрөмж хэвийн биш болсон талаар мэдээлсэн байна. Уг онгоц тохиолдлоор Зөвлөлтийн хилийг зөрччихсөн байж болзошгүй гэж Төрийн департамент мэдээлсэн аж.

Хрущёв ч дээрх үйл явдлыг Парисын дээд хэмжээний уулзалтаас өмнө олон түмний сонорт хүргэхийг эрмэлзэхгүй байв. Энэ сэдвийг Эйзенхауэртэй нүүр нүүрээ харж суугаад ярилцахаар төлөвлөжээ. Гэтэл Төрийн департамент худал мэдээлэл түгээсэн нь түүний хилэнг бадрааж орхив. Тэгээд ЗХУ-ын тэнгэрт Америкийн онгоцыг сөнөөсөн гэх мэдээллийг Зөвлөлтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд цацаж орхилгүй яах вэ. Харин Пауэрсийн хувь заяа хэрхсэн талаар юу ч хэлсэнгүй. Гэтэл Майн баярт зориулж “Совесткая” зочид буудалд хийсэн хүлээн авалтын үеэр ЗХУ-ын Гадаад хэргийн яамны нэг ажилтан Шведийн дипломатчтай ярилцах зуураа үг алдаж, Америкийн нисгэгч (Пауэрс) амьд, Улсыг аюулаас хамгаалах хороонд байцаагдаж байгаа гээд хэлчихэж. Энэ мэдээ тэр дороо Америкийн ЭСЯ-нд хүрчээ. Зөвлөлт, Шведийн дипломатчдын яриаг Америкийн нэгэн дипломатч сонсчихсон гэх, түүнчлэн шведүүд л америкчуудад шивнэчихсэн гэсэн таамаглал ч бий. Ямар ч байсан нисгэгч амьд, Зөвлөлтийн мөрдөн байцаагчдад мэдүүлэг өгч буй гэх мэдээлэл Вашингтонд очлоо. Хэрэв энэ мэдээ зохих цагтаа эзэндээ хүрсэн бол дараагийн шатны дуулиан шуугианаас зайлсхийж болох байсан аж. Юу гэвэл Төрийн департаментад хэвлэлийнхнийг цуглуулж америкчууд өөрийн албан ёсны мэдээллийг уламжлахаар зэхэж байжээ. Гэтэл мэдээллийг албаны хүмүүсээс нуух зааврыг Даллес өгсөн байна. Ингээд хэвлэлийн бага хурал хийж, Зөвлөлтийн хилийг Америкийн онгоц урьдчилан төлөвлөж нэвтрээгүй гэх мэдээлэл тарлаа.

Пауэрс амьд, байцаагдаж байгаа гэж Москвагаас уламжлахад Эйзенхауэрт хэлэх үг олдоогүй гэдэг. Тэгвэл багтартлаа уурласан Хрущёв юу гэж хэлэхээ мэдэж байв. Тэрбээр Пауэрс хэргээ хүлээсэн гэж ЗХУ-ын Дээд зөвлөлийн чуулган дээр олны өмнө мэдэгдлээ. Түүнээс гадна Зөвлөлтийн цэргийн объектуудын зургийг онгоцноос буулгаж авсан хальс нотлох баримт болж буйг ч Хрущёв хэлээд уучлалт гуйхыг Америкийн талаас шаарджээ.

АНУ-ын Төрийн департамент үүний хариуд тагнуул хийснээ хүлээхээс аргагүй болжээ. Ингээд уг үйл явдлыг Цагаан ордон мэдэж байсан төдийгүй тагнуулын зорилгоор онгоц нисгэхийг зөвшөөрснөө Эйзенхауэр олон түмэндээ мэдэгдсэн байна. Хрущёв Парист хүрч ирмэгцээ Зөвлөлтийн удирдлагаас тавьж буй шаардлагаа де Голльд уламжилжээ. Уг шаардлагад Эйзенхауэрийг албан ёсоор уучлалт гуйхыг, Пауэрсийн нислэгт хамааралтай бүх хүнийг огцруулах, тагнуулын үйл ажиллагааг зогсоох талаар хэлэлцээр хийж гарын үсэг зурах тухай өгүүлсэн байлаа. Хрущёвын тулган шаардлагыг Эйзенхауэрт де Голль дамжуулсанд тэрбээр түүнийг биелүүлэхээс татгалзав.

Тавдугаар сарын 15-ны өглөө үйл явдлын өрнөл эхэллээ. Дээд хэмжээний уулзалтын явцад Хрущёв нэлээд урт үг хэлжээ. Дараа нь тэрбээр Америкийн удирдагчтай маргалдсанаар дээд хэмжээний уулзалт тасарсан аж.

Энэ түүхэн үйл явдалд хачирхалтай зүйл цөөнгүй байдаг. Пауэрс суллагдаад 1962 онд АНУ-д очиход түүнийг баатрын ёсоор угтсангүй. Баяр хөөр болж угтахын оронд түүнийг ямар нэг үл мэдэгдэх газарт аваачиж, ТТГ-ын ажилтнууд байцаажээ. Түүгээр зогсохгүй Пауэрсийг Сенат мөрдөн шалгаж эхэлсэн байна. Түүнийг дүрс буулгасан хальстай зургийн аппаратаа устгасангүй, ТТГ-аас өгсөн хорыг хэрэглэж амиа хорлосонгүй хэмээн буруутгав. Гэхдээ бас ч зөвтгөлөө. Пауэрсийг Зөвлөлтөд шоронд байхад Өрнөдийн хэвлэл түүний эсрэг кампани өрнүүлж байжээ. Түүнийг өөрөө буруутай гэж үзэж байв. Тэрбээр нам өндөрт ниссэн, онгоцных нь хөдөлгүүр хэвийн байгаагүй, бааз руугаа буцааж ир гэсэн тушаалыг хайхраагүй л гэнэ. Бүхий л зэмлэл буруутгал дотроос Пауэрсийг Зөвлөлтийн аюулаас хамгаалах хорооны тагнуул учир зориуд олзлогдсон гэх нь хамгийн санаанд багтамгүй зүйл байлаа. Хэн нэг нь түүнийг золигт гаргахыг ч хичээжээ.

Пауэрсийг зөвтгөсөн хэрэг явдал дууссангүй. Саяхан Зөвлөлтийн шоронгийн хоригдол байсан мань эр өөрийг нь үнэн хэрэгтээ золиос болгон хаяж өгсөн хэмээн ТТГ-ыг буруутгажээ. Эцэст нь “U-2” онгоцыг үйлдвэрлэсэн “Локхид” корпорац түүнийг туршин нисгэгч болгосноор Пауэрс тайвшрав. Энэ хүн 1977 онд учир битүүлэг байдлаар амиа алдсан юм. Албан ёсны мэдээллээс үзвэл ойн түймрийн зураг аваад буцаж явахад түүний жолоодож явсан нисдэг тэрэгний түлш дууссан юм гэнэ лээ.

Үнэндээ яг юу тохиолдсон юм бол. Золгүй явдал байв уу, эсвэл Пауэрсийг зориуд золиос болгоо юу. 1960 оны тавдугаар сард “U-2” онгоцыг нисгэсэн нь тун эрсдэлтэй алхам байснаас эхэлье. Энэ тагнуулч-онгоцыг 1956 оноос нисгэж эхэлсэн байдаг. Эхлээд уг нислэг Зөвлөлтийн Агаарын цэргийн хүчинд огт зориулагдаагүй гэнэ. Харин Парисын дээд хэмжээний уулзалтад Эйзенхауэр оролцох болсноор онгоцыг нисгэхээ болих улс төрийн шийдвэр гаргасан аж. Улс төрийн чухал яриа хэлэлцээний өмнө азаа үзэхгүй байх нь зөв гэж үзжээ.

Гэвч де Голль 1960 оны дөрөвдүгээр сард Вашингтонд айлчилсны дараа ТТГ-ын захирал Аллен Даллес, түүний орлогч Ричард Бисселя нар Ерөнхийлөгчийг ятгаж “U-2” онгоцыг нисгэх шийдвэр гаргуулсан байна.

А.Даллесийн нотолсноор бол Плесецкэд баллистик пуужин нууцаар угсарч байгаа гэх мэдээлэл түүний байгууллагад иржээ. Үүнийг тагнаж мэдэх, хожим нь тэнд үнэхээр пуужингууд байсан байвал Никсоны байрлалд цохилт өгч болзошгүй учир Эйзенхауэр онгоцыг нисгэх шийдвэр гаргасан гэнэ. Тэгэхдээ Парист дээд хэмжээний уулзалт болохоос хоёр долоо хоногоос илүүгүй хугацааны өмнө нисгэх ёстой байлаа.

Одоо л сонирхолтой юм эхэлнэ. Даллес хийгээд ТТГ-ын удирдлага “U-2” онгоцны нислэг аюулгүй биш гэж бүр 1958-1959 онд таамаглажээ. Зөвлөлтийн цэргийн тагнуулын байгууллага дахь ТТГ-ын ажилтан хурандаа Петр Попов “U-2” төслийн нарийн ширийн юм нь ч илэрхий болсон гэж 1958 онд мэдээлж байжээ. Цаашдаа П.Поповын хувь заяанд хачирхалтай зүйлүүд тохиолдов. 1958 оны арванхоёрдугаар сарын 23-нд ТТГ Калинин (одоогийн Тверь)-д байх гэрийнх нь хаягаар захидал илгээж заавар өгсөн аж. Энэ алдаатай үйлдлийн уршгаар П.Попов хатуу чанд ажиглалтад орж улмаар 1959 оны арванхоёрдугаар сарын 18-нд баривчлагдав. 1960 оны нэгдүгээр сард түүнийг буудан хороолоо.

Петр Попов өнгөрсөн зууны 50-иад онд Америкийн ТТГ-ын ЗХУ дахь гол тагнуулч нь байжээ. Тэрбээр 1954-1959 онд ийм ажил хийсэн аж. Олег Пеньковский, Дмитрий Поляков нараас ялгаатай нь тэрбээр олон нийтэд төдийлөн танил биш байв. Гэхдээ Америкийн тагнуулын үйл ажиллагаанд түүний байгуулсан гавьяаг хэтрүүлж үнэлэхэд төвөгтэй. Тоцкийн туршилтын талбайд цөмийн зэвсэг хэрэглэж сургуулилалт хийсэн тухай тайлангийн хуулбарыг чухам Попов америкчуудад дамжуулсан байна.

Попов хэрэв тохиолдлоор илчлэгдсэн бол ТТГ-ын ажилтнуудын мэргэжлийн ур чадварын тухай асуудал сөхөгдөх нь зүй. Гэтэл түүнийг зориуд өдөөн хатгасан байж бас болно шүү дээ. Хэрэв тэгсэн бол илчлэгдсэн нь “U-2” онгоцны талаар мэдээлэл дамжуулсантай нь холбоотой юу гэх асуулт хариулт нэхнэ.

Үүнтэй уялдаад бас нэг нөхцөл байдлын талаар өгүүлэх хэрэгтэй болно. 1958-1959 онд АНУ-аас ЗХУ руу цэргийн хэд хэдэн алба хаагч зугтаж ирсэн аж. Тэдний олонх нь 1962-1963 онд буцсан байдаг. Тиймээс АНУ-ын тагнуулын байгууллагын үүрэг даалгаврыг биелүүлэх зорилготой хуурамч урвагчдыг зориуд ЗХУ руу явуулсан юм биш үү гэж тусгай албадын түүхийг судалдаг зарим хүн үзжээ. Зөвлөлтийн сөрөг тагнуулын байгууллагын арга, ажиллагаа, шат дамжлагын хүнд суртлын талаар мэдэх боломжийг америкчуудад ийм хуурамч урвагчид олгосонд эргэлзэх юмгүй. Түүнээс гадна тэд Зөвлөлтийн хотуудын ахуй, амьдралыг тухтайяа мэдэж авч чадах байлаа. Ийм урвагчдын нэг нь 1959 оны арванхоёрдугаар сард ЗХУ-ын газар нутагт хөл тавьсан Ли Харви Освальд гэгч байв. Тэрбээр Япон дахь АНУ-ын Ацуги цэргийн бааз дээр алба хааж байхдаа “U-2” хөтөлбөрийн тухай сонссон аж. Пауэрст тохиолдсон явдлыг дуулаад Освальд маш их сандарч эхэлснийг түүний Минск дэх амьдралыг нь мэдэх хүмүүс дурссан байдаг. АНУ-д буцаж очвол амь насанд нь аюултай, өөрийг нь урвагч гэж үзнэ хэмээн тэр үргэлж ярьдаг байж. Пауэрс ниссэн тухай мэдээллийг дамжуулсан гэх хэргийг түүнд тохох байсан ч гэдэг. Тэгтэл уг мэдээллийг Освальд дамжуулсныг АНУ-д ямар замаар мэдсэн байх билээ. Освальд 1960 оны хавар, зун АНУ руу буцах бодолгүй байж гэнэ. Гэтэл шөнийн цэнгээний газрууд, боулинг, амрах тухлах газар ховор учраас ЗХУ-д аж төрөх бодлоо эргэж харж эхэлсэн тухайгаа тэрбээр 1961 оны нэгдүгээр сард өдрийн тэмдэглэлдээ бичжээ.

Освальдын амьдралын Минскийн үеийг нь анзаарвал сонирхол татах юм чамлахааргүй. Яагаад ч юм бэ амьдралынхаа хагасыг Аргентинд өнгөрөөсөн айлтай Минскт хөрш байж. Минскийн радио заводын инженер Станислав Шушкевич түүнд орос хэл заажээ. Энэ хүн бол 1991-1994 онд Беларусийн Дээд зөвлөлийн даргаар ажиллаж, 1991 оны арванхоёрдугаар сард Беловежийн хэлэлцээрт гарын үсэг зурсан тэр Шушкевич мөн юм. Шушкевич, Освальд хоёрын харилцааны талаарх баримт Шушкевичийг 1994 оны нэгдүгээр сарын 25-нд огцрохоос нэг өдрийн өмнө олон түмэнд тодорхой болсон.

Пауэрст тохиолдсон явдлыг өөр өнцгөөс нь харах гэж оролдоод үзье. Хрущёв, Эйзенхауэр хоёр Парист болох шийдвэрлэх уулзалтад ид бэлтгэж байв. Тэд хоёул олон улсын түгшүүртэй байдлыг дээд зэргээр намжаах хүсэлтэй. Тэгтэл энэ үйл явдлын босгон дээр Америк тагнуулын онгоцоо нисгэж, түүнийг нь сөнөөчихөв. Үүнд үзүүлсэн Хрущёвын тэсрэх мэт хариу үйлдэл олон тооны гинжин хэлхээ мэт үйлдлийг араасаа дагууллаа. 1958-1959 онд ТТГ “U-2” онгоцны тухай мэдээллийг янз бүрийн сувгаар цацаж эхэлжээ. “U-2” хөтөлбөрийн тухай мэдээлэл Зөвлөлтийн тагнуулын байгууллагад байгааг мэдээлсний дараа ТТГ санамсаргүй байдлаар юм шигээр өөрийн тагнуулч Поповоо илчилж орхив. Мэдээллийн эх сурвалжийг золигт гаргах нь ТТГ-ын ямар нэг хүрээлэлд ашиггүй байсан байж магадгүй юм. Яагаад гэвэл энэ эх сурвалж их нууцалсан “сохор номин” биш, зориуд золиос болгосон хуурамч тагнуулч байв.

Энэ явдлын чухам үнэнийг бид хэзээ ч олж мэдэхгүй биз. Гэхдээ Пауэрст тохиолдсон явдал ер бусын оньсого байх болно гэдэг л ойлгомжтой.

Бэлтгэсэн: Р.Жаргалант 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)