Дээд лиг өндөрлөхөд дөрвөн тойрог үлдлээ

“Сүүлчийн тоглолтодоо “Хаан хүнс-Эрчим”-д хожигдчихлоо. Өрсөлдөөн улам л ширүүн болж байна” хэмээн лигийг тэргүүлж буй “Хангарьд” клубийн хагас хамгаалагч Ц.Мөнх-Эрдэнэ ярьсан юм. Хоёр сар гаруй үргэлжилж буй хөлбөмбөгийн “Үндэсний дээд лиг”-ийн тэмцээн дуусах мөч ойртож, хамгийн эгзэгтэй үедээ ирээд байна. “Ковид-19” цар тахалтай холбоотойгоор энэ улирлын тоглолтыг нарийн зохион байгуулж буй. “Клубүүд Азийн хөлбөмбөгийн холбоо болон Эрүүл мэндийн яамнаас гаргасан зөвлөмжийн дагуу зохих шаардлагуудыг биелүүлсэн. Хилийн хоригоос үүдэн энэ улирлын лигт лигонер тоглоогүй. Хоёр сарын хугацаанд 90 удаа тоглох амаргүй. Гэхдээ одоо дөрвөн тойрог үлдлээ. Энэ улиралд багууд тус бүр 18 удаа тоглоно. Харин ирэх улиралд 27 удаа тоглоно” хэмээн Монголын хөлбөмбөгийн холбооны Тэмцээн зохион байгуулах хэлтсийн захирал С.Жаргал ярив. “Үндэсний дээд лиг”-ийг одоогоор Орхон аймгийн “Хангарьд” клуб 31 оноотойгоор тэргүүлж явна. Тэд өнөөдөр “Улаанбаатарын мазаалайнууд” клубийнхэнтэй өрсөлдөнө. “Маш их догдолж байна, хариуцлагатай тоглолтууд үлдлээ. 

Гэхдээ айдас алга. Үлдсэн тоглолтууддаа үндсэн хэв маягаа аль болох өөрчлөхийг хичээнэ. Үр дүнд хүрэхийн тулд тодорхой хэмжээний эрсдэл байх ёстой гэж боддог. Хожно гэдэгтээ ч итгэлтэй байгаа” хэмээн “Хангарьд” клубийн хагас хамгаалагч Ц.Мөнх-Эрдэнэ өгүүлсэн. Эл клубээс хоёр оноо дутуу яваа “Хаан хүнс-Эрчим”, “Атлетик 220”-ийнхон ижил оноотойгоор лигийн хоёр болон гуравдугаар байрт бичигдэж байгаа. “Энэ улиралд багагүй бэртсэн ч одоо эдгэсэн. Үндсэн тоглолтын хэв маягтаа бүрэн орж чадаагүй ч тоглох боломжтой. Энэ улиралд клубийн гарааны бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон учир хоорондоо ойлголцох, багийн тоглолт үзүүлэхэд хугацаа шаардлагатай байлаа. Харин одоо асуудалгүй болсон. “Хангарьд” клубээс оноо салгах байх. “Атлетик 220” болон “Дэрэн” багт найдаж байна” хэмээн “Хаан хүнс-Эрчим”-ийн хагас хамгаалагч Н.Цэдэнбал өгүүлэв. Түүнээс “Хаан хүнс-Эрчим” клубийн хаалгач Б.Ариунболдын бэртлийн талаар асуухад “Хүнд бэртсэн болохоор ирэх улирлаас тоглох байх” гэлээ. “Атлетик 220” клубийн хамгаалагч Д.Төрбат “Үндэсний дээд лиг”-т түрүүлэх, эсэх нь биднээс бүрэн шалтгаална. 

“Хангарьд” клуб улирлын эхэнд таамаглаагүйгээр сайн тоглолоо. Харин одоо тэдний тоглолт тодорхой болчихсон. Багууд тоглолтыг нь мэддэг болчихоор тэдний довтолгооны эрч суларч, хамгаалалтадаа түлхүү анхаарч байгаа” хэмээв. Дээд лигт сүүл мушгисан баг нэгдүгээр лиг рүү унах бол, есдүгээр байраар улирлыг өндөрлүүлсэн нь нэгдүгээр лигийн хоёрдугаар байранд орсон багтай тоглох юм. Улмаар хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 2021 оны “Үндэсний дээд лиг”-т аль баг нь тоглохыг шийднэ. Одоогоор “Сумида Жипро” клуб оноо авч чадалгүй хүснэгтийн сүүлд бичигдэж байгаа бол “Улаанбаатарын мазаалайнууд” клуб гурван оноотой есдүгээр байрт жагсаж байна. Эдгээр баг наймдугаар тойрогт таарч тоглоход “Улаанбаатарын мазаалайнууд”өрсөлдөгчөө хожсон. Харин унах бүсийн дээр буюу наймдугаар байрт “Андууд сити” клуб долоон оноотойгоор бичигдлээ. Өнгөрсөн улирлын дээд лигийн аварга “Улаанбаатар сити” клубийнхнийг сайн тоглоно хэмээн итгэж байсан ч одоогоор хүснэгтийн долдугаар байрт бичигдээд байна. Тэгвэл мэргэн буучдын жагсаалтыг “Атлетик 220” клубийн довтлогч Н.Наранболд 24 гоолтойгоор тэргүүлж, “Хангарьд”-ын хагас хамгаалагч Ц.Мөнх-Эрдэнэ түүний ард бичигдэж байна. “Энэ улиралд багууд нэг тоглолтод тав хүртэлх сэлгээ хийх боломжтой. Мөн тоглолтын үе бүрт завсарлага өгч байгаа” хэмээн тус холбооны Шүүгчийн хэлтсийн дарга Д.Түмэнбаяр ярьсан юм. “Үндэсний дээд лиг”- ийн тоглолтуудыг Mycujoo цахим сайт, СПС телевизээр шууд дамжуулж байгаа. Тэмцээн энэ сарын 27-н хүртэл үргэлжилж, 15 дугаар тойргийн тоглолт энэ амралтын өдрүүдэд болно.

Бэлтгэсэн: У.Чинзориг 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)