Дээд боловсролоо дэлхийн түвшинд хүргэх гарцыг тодорхойллоо

“Манай дээд боловсролын систем хүндээр өвчлөөд байна. Энэ өвчнөөс нь нэн даруй салгах хэрэгтэй” гэж МУИС-ийн эрдэм шинжилгээ, гадаад харилцааны асуудал хариуцсан дэд захирал, доктор Б.Очирхуяг хэлсэн. Өвчнийг нь зөв оношилж, эдгээх арга зам, асуудлыг шийдвэрлэх гарц эрэлхийлсэн “Тогтвортой хөгжил-Дээд боловсрол” улсын II зөвлөгөөнийг энэ сарын 26, 27-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл доор зохион байгууллаа. Анхдугаар зөвлөгөөн одоогоос 11 жилийн өмнө буюу 2007 онд болжээ. Тэр үеэс хойш дээд боловсролын салбарт олон дэвшил гарсны зэрэгцээ уруудаж доройтсон зүйл ч цөөнгүйг их, дээд сургуулийнхан онцоллоо.

Улсаа тогтвортой хөгжүүлж, үндэсний хэмжээнд төдийгүй дэлхийд өрсөлдөх мэргэжилтэн бэлтгэх, сургуулиа өндөр хөгжилтэй орнуудын энд хэрхэн хүргэх зэрэг нь улсын II зөвлөгөөний гол сэдэв байв. Дээд боловсрол олгох 95 байгууллагын 900 орчим эрдэмтэн, багш нар нэг доор цуглаж, “Засаглал, эрх зүй, санхүүжилт”, “Сургалтын хөтөлбөрийн шинэчлэл”, “Багшийн хөгжил”, “Оюутны хөгжил”, “Судалгаа, инновац” гэсэн сэдэв бүхий таван салбар хуралдаан зохион байгуулж, өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэн, цаашид хийх ажлаа тодорхойллоо.

ШИНЖЛЭХ УХААНЫ ПАРК ХААЧИВ

Дээд боловсролын, цаашлаад улсын тогтвортой хөгжлийг хангахын тулд их, дээд сургуулийн засаглал, санхүүжилтийг хэрхэн сайжруулах ёстойг “Засаглал, эрх зүй, санхүүжилт” салбар хуралдаанаар хэлэлцлээ. Хоёр өдрийн турш зөвлөлдсөний үр дүнд их, дээд сургуулийн статус, ангиллыг тодорхой болгох, их сургуулийн бие даасан байдал, академик эрх чөлөөг баталгаажуулах ёстой гэж үзээд Боловсролын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, шаардлагатай гэж үзвэл шинэ хууль ч боловсруулах хэрэгтэй гэв.

Дээд боловсролын байгууллага, нэн ялангуяа төрийн өмчийн их, дээд сургуулиудад үйл ажиллагааныхаа орлогоор өөртөө хөрөнгө оруулах эрх зүйн зохицуулалт зайлшгүй хэрэгтэйг зөвлөгөөнд оролцогчид онцоллоо. Үүнтэй холбогдуулан Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 5.6 дахь хэсгийг “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын үндсэн хөрөнгийг бүрдүүлэх, шинэчлэх, өргөтгөхтэй холбогдох хөрөнгө оруулалтыг улсын төсөв, бусад эх үүсвэрээс санхүүжүүлнэ” гэж шинэчлэн найруулах ёстой гэж дүгнэв.

Хэлэлцэж буй асуудлын хүрээнд салбар хуралдаанд оролцон танхимд сууж буй хүмүүсээс гадна бусад төлөөлөгчөөс цахимаар санал авсан нь эл зөвлөгөөний онцлог байв. Санал өгсөн хүмүүсийн олонх нь Шинж лэх ухааны парк байгуулах асуудлыг хөндөж байв. Манай улсад ийм парк байгуулна гэж олон жил ярьж буй ч өдий хүртэл нэгийг ч бүтээн босгоогүй, цаасан дээр л өчнөөн парктай болчихоод буй билээ.

Тэгвэл энэ удаа улсын зөвлөгөөнөөр уг ажлыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд хэрхэх ёстойг хэлэлцсэн юм. Юуны түрүүнд Засгийн газраас Шинжлэх ухааны паркийг бүтээн босгох хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх шаардлагатай гэж салбарынхан үзлээ. Мөн паркийн хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг дахин боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх шаардлагатайг онцолсон.

ЧАНАРЫН ЭРЭМБЭ ТОГТООЁ

Их, дээд сургуулиудын элсэлтийн шалгалтын босго оноо тийм ч өндөр биш байгаа нь “чанаргүй” элсэгчдийн арми бүрдүүлэх, цаашлаад чадваргүй мэргэжилтэн бэлтгэх суурь болж байна, түүнчлэн их, дээд сургуулиуд ч орлогоо л бодож, хөдөлмөрийн зах зээлтэй уялдаагүй, хэрэгцээгүй мэргэжилтэн олныг бэлдэх боллоо зэрэг асуудлыг II салбар хуралдаанаар хөндөв. “Сургалтын хөтөлбөрийн шинэчлэл” нэртэй уг хуралдаанд их, дээд сургуулийн элсэлтийн шинэчилсэн бодлого, сургалтын хөтөлбөр, зайны сургалтын талаар зургаан илтгэл хэлэлцүүлэв.

Элсэлтийн шалгалтын тогтолцоог өөрчлөхийн тулд эхний ээлжинд энэ онд багтаан Элсэлтийн нэгдсэн цахим систем бий болгох ажлыг орон даяар зохион байгуулах шаардлагатай гэж уг хурлын үеэр дүгнэлээ. Тэгвэл их, дээд сургуулиуд хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулсан мэргэжилтэн бэлтгэхийн тулд ажлын байрны эрэлт хэрэгцээг үндэслэн элсэлтийн хяналтын тоог БСШУСЯ-наас хатуу тогтоодог болох нь зүйтэй гэв. Тэр эрэлт хэрэгцээнд төгсөгчдийнхөө мэдлэг чадварыг нийцүүлэх үүднээс ажил олгогчид, төгсөгчдөөс судалгаа авч, хөтөлбөрөө боловсруулах буюу энэ чиглэлээр цогц арга хэмжээ авах шаардлагатай гэнэ.

Манай улсын аль их, дээд сургууль чанартай боловсрол олгодог вэ, аль нь дэлхийд өрсөлдөхөөр чансаа өндөртэй вэ гэсэн асуулт элсэгчдэд тулгардаг. Гэтэл энэ асуултад манай боловсролын байгууллагынхан, салбарын яам нь хүртэл хариу өгч чаддаггүй. “Тогтвортой хөгжил-Дээд боловсрол” зөвлөгөөний үеэр үүнийг нэлээд нухацтай хэлэлцэж, эрэмбэ тогтоох ажлыг 2018 онд багтаан хэрэгжүүлэх ёстой гэж үзэв. Энэ хүрээнд дээд боловсролын байгууллагын чанарын эрэмбэ тодорхойлох шалгуур үзүүлэлтүүд, арга зүйг тодорхойлон баталж, тухайн шалгуур үзүүлэлтүүдийн дагуу их, дээд сургуулиудыг эрэмбэлэх, шилдэг сургууль, багш нарыг урамшуулах тогтолцоо бий болгох шаардлагатай юм байна. Мөн их, дээд сургуулиудыг олон улсад ч эрэмблүүлэхийн тулд сургууль бүр стратеги төлөвлөгөө боловсруулах ёстой гэсэн санал дэвшүүлсэн.

ИХ СУРГУУЛИЙН БАГШИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ БАЙГУУЛНА

III салбар хуралдаан бүхэлдээ багшийн хөгжлийн асуудлыг хөндөв. Улсаа хөгжүүлэх чадварлаг мэргэжилтэн бэлтгэх гол хүчин зүйл нь багшийн ур чадвар тул энэ чиглэлээр тусгайлан зөвлөлдсөн байна. Багш нарыг хөгжүүлэх, нийгмийн асуудлыг нь шийдэхийн тулд жил бүрийн улсын төсөвт багшийн хөгжлийг дэмжих санхүүгийн эх үүсвэр суулгаж, хөрөнгийн хэмжээг нь тогтвортой нэмэгдүүлэх ёстой гэсэн саналыг зөвлөгөөнд оролцогчид гаргасан. Үүний зэрэгцээ дээд боловсролын салбарт ажиллаж буй багшийг гадаад, дотоодод мэргэжил дээшлүүлэх асуудлыг БСШУСЯ-ны хэмжээнд зохион байгуулж, сонгон шалгаруулалтаар нээлттэй, ил тод хэрэгжүүлдэг болох ёстой хэмээлээ.

Үүнд зөвхөн төр, засаг анхаарах бус, их, дээд сургуулийн удирдлага ч тодорхой арга хэмжээ авч, Их сургуулийн багшийн хөгжлийн төв байгуулж, олон улсын хэмжээнд өрсөлдөхүйц чадварлаг багш нарын баг бүрдүүлэх боломжтой гэсэн санал гарсан. Түүнчлэн багш нар ч өөрсдөө хуучинсаг арга барилаа өөрчилж, орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхах, дэлхийн түвшинд заах арга зүйн ямар шинэ технологи нэвтрээд буйг судалж, ажлынхаа арга барилыг өөрчлөх ёстойг оролцогчид сануулсан.

БОСГО ОНООГ ӨНДӨРСГӨХ ШААРДЛАГАТАЙ

Бид дэлгүүрээс ямар нэгэн бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа заавал мөнгийг нь төлж, түүнийхээ хэрээр үйлчилгээгээ хүртдэг. Гэтэл зах зээлийн энэ энгийн зарчим боловсролын салбарт алдагдчихсан гэхэд хилсдэхгүй. Эцэг, эхийнхээ зовж зүдэрч олсон хэдэн төгрөгийг аль нэг их, дээд сургуульд тушаачихаад түүнийхээ оронд сургуулиасаа, багшаасаа чанартай боловсрол нэхэх ёстой оюутнууд хичээл орохгүй гэвэл баярлаж, нэг ёсондоо суралцахдаа хайнга, сэтгэлгүй ханддаг болсон. Хэдийгээр бүх оюутан биш ч олонх нь ийм “зуршилтай” болчихоод буйг хэрхэн шийдвэрлэх вэ гэдгийг IV салбар хуралдаанаар голлон хөндлөө.

Дээд боловсролын сургалтын байгууллагууд чадварлаг мэргэжилтэн, төлөвшсөн иргэн бэлтгэхийн тулд сургалтынхаа агуулгад хувь хүний хөгжил, дадлагын цагийг нэмэгдүүлэхээр болов. Түүнчлэн ажил олгогчид, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж, сургалтын хөтөлбөр боловсруулахаас эхлээд оюутнууд дадлагажих, төгсөлтийн ажил бичээд дипломаа авах хүртэлх сургалтын бүх үйл явцад оролцох боломжийг бүрдүүлэх нь зүйтэй гэв.

Оюутныг хөгжүүлэхийн тулд төр, засгаас Оюутан залуусын хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлого боловсруулж, хэрэгжүүлэх арга зам, санхүүжилтийг шийдвэрлэх шаардлагатай гэсэн санал ч төлөөлөгчдөөс гарлаа. Үүнээс гадна элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноог өндөрсгөж, 780-800 оноо авсан элсэгчид тэргүүлэх чиглэлээр суралцвал төлбөрийг төрөөс бүрэн даах тухай Засгийг газрын журам боловсруулж хэрэгжүүлэх нь мэдлэг, чадвар өндөртэй оюутнуудад томоохон дэмжлэг болохыг оролцогчид онцоллоо. Түүгээр ч зогсохгүй сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжид оюутнуудыг хамруулахдаа сурлагын амжилтыг нь харгалзан үзэх цаг болсныг хурлын төлөөлөгчид тэмдэглэв.

СУДАЛГААНЫ ИХ СУРГУУЛИЙН ШАЛГУУРЫГ ТОГТООНО

Монгол Улсад судалгааны их сургуулийг хэрхэн хөгжүүлэх, судалгаа, инновацын тогтолцоог сайжруулах, их сургуулийн оюуны өмчийн менежмент зэрэг асуудлыг V салбар хуралдаанаар хэлэлцэв. Судалгааны их сургууль болно гэж манайхан яриад байгаа боловч тийм сургуулийн шалгуур шаардлага нь ямар байх талаар төдийлөн мэдэхгүй тул судалгааны их сургуулийн шалгуур, босго үзүүлэлтийг тогтоож, тэргүүлэх сургуулиудыг дэмжих шаардлагатайг энэ үеэр ярилцав.

Үүний тулд Боловсролын тухай болон Дээд боловсролын тухай хуульд сургалтын байгууллагын ангилалд “Сургалтын их сургууль” гэж нэмж, тавигдах шаардлага, шалгуур, босго үзүүлэлтийг тусгах ёстой аж. Түүнчлэн Судалгааны их сургууль үндэсний хөтөлбөрийг баталж, төрөөс шинжлэх ухаан, технологид зарцуулах санхүүжилтийг жил бүр тодорхой хувиар нэмэх талаар хуульчлах шаардлагатай гэнэ. Мөн магистр, доктор, докторын дараах сургалтын тэтгэлгийн сантай болох ёстой аж. Хамгийн чухал нь оюуны өмчийн хөрөнгийн үнэлгээ хийх улсын стандарт боловсруулж, батлуулах нь чухал байгааг эрдэмтэд онцолсон.

Энэ мэт олон санал зөвлөмж гарсан бөгөөд улсын II зөвлөгөөн баяр ёслолын биш санал, шүүмж, хэлэлцүүлэг өрнүүлсэн ажил хэрэгч уулзалт, хурал, зөвлөгөөн болсныг БСШУС-ын сайд болон бусад төлөөлөгч онцолж байв. Дээд боловсролын салбарынхан хаалтын хуралдааны үеэр “Өвчнийг нь оношилж, хэрхэн эмчлэх шаардлагатайг тогтоолоо. Цаашид үүнийг хэрэгжүүлэхийн тулд их, дээд сургуулиудаас гадна төр, засаг, салбарын яам гээд олон байгууллага, мэргэжилтний хичээл зүтгэл хэрэгтэй” гэдгийг дурдлаа.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Бидний хийх ажлын даалгаврыг маш олон өнцгөөс, ажил хэрэгчээр боловсруулан өгсөн зөвлөгөөний төлөөлөгчдөд талархаж байна. Бид та бүхний зөвлөлдөж боловсруулсан олон санал, зөвлөмжийг ажлынхаа зураглал болгоно” хэмээсэн юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч зөвлөгөөнөөс гарсан санал, зөвлөмжийг бодитой ажил хэрэг болгохын төлөө Монгол Улсын Засгийн газар ажиллана гэдгийг илэрхийлсэн.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)