Д.ЭРДЭНЭБАТ: ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахгүй бол БИД ӨӨРИЙН ЭРХЭЭР ЗОВНО

УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн ээлжит хурлаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар мэдээлэл өгөв. Бүлгийн хурлаар хэлэлцсэн эхний асуудал нь ОУВС-гийн хөтөлбөр хойшилсон тухай байв. Энэ талаар Д.Эрдэнэбат “Гадаадын байгууллагын шахалтаар иргэдэд татварын дарамт үүрүүлж болохгүй гэдгийг бид өмнө нь сануулсан. Тэр үед эрх баригчид “ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдчих юм бол мөнгө орж ирээд, өрийн дарамт багасна” гэж хэлсэн. Гэтэл өнөөдөр ойлгомжгүй байдал үүслээ. ОУВС Монголын асуудлыг хэлэлцэхээ хойшлуулсан нь УИХ-ын 29 дүгээр тогтоолын 11 дэх заалттай холбоотой гэж ойлгосон. Тэр нь “Гадаадын томоохон хөрөнгө оруулагчдын гадагшаа гаргаж зарсан баяжмалын мөнгийг Монголбанкаар дамжуулъя” гэсэн заалт юм. Үүнийг зөв гэж үзсэн учраас АН-ын бүлэг дэмжсэн. Энэ тогтоол хэрэгжих ёстой. Тэр байтугай баяжмалаар гарч байгаа алтыг ч Монголдоо оруулж ирэх хэрэгтэй. Монголбанк алтаа авах ёстой. Тэгж байж валютын ханшийг тогтвортой хадгалж чадна” гэв. Мөн тэрбээр “ОУВС-гийн хөтөлбөр хойшилсонтой холбогдуулж Сангийн сайдаас мэдээлэл сонсох урилга хүргүүлсэн ч ирсэнгүй” гэлээ. Мөн Зөрчлийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Өнгөрсөн долоо хоногт АН-ын бүлэг Зөрчлийн тухай хуультай холбоотой зарчмын байр сууриа илэрхийлсэн. Анх Засгийн газраас оруулж ирсэн Зөрчлийн хуулийн төсөлд торгох, эрх хасах гэж байсан. Харин Байнгын хорооноос байгуулсан ажлын хэсэг баривчлах шийтгэл нэмж оруулж ирснээр зөрчил гаргасан хүний халдашгүй эрхэнд цагдаагийн байгууллага халдах, хүний үндсэн эрхийг зөрчих боломжийг нээж өгсөн. Зөрчлийн хууль гэмт хэргийн шинжтэй болж хувирч байна. Зөрчилд баривчлах ял оноох нь буруу. Үүнийг өөрчлөх саналыг манай бүлгийн гишүүд удаа дараа гаргасан.

Ингэснээр 11 зөрчилд баривчлах шийтгэл оноохоор оруулж ирснийг тав болгож буурууллаа. Торгуулийн хэмжээ өндөр байгаа. Хуулийн этгээдийг 200 сая төгрөгөөр торгоно гэж орж ирсэн. АН-ын бүлэг үүнийг Зөрчлийн хуулиар далимдуулж, жирийн иргэдийг хоморголон баривчлах нүх сүвийг нээж, хүний үндсэн эрхэд халдах, боомилох хэрэгсэл болгож ашиглах нь гэж үзэж буй учраас эсэргүүцэж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төсөл Засгийн газар болон өмнөх УИХ дээр барьж байсан байр суурийг эвдсэн шинжтэй байна. Тухайлбал, эрүүгийн хэргийг мөрдөн шалгаад шүүхэд шилжүүлсний дараа шүүх тухайн хэрэгт ял шийтгэл ногдуулах, гэм буруу нь нотлогдохгүй бол цагаатгах ёстой.

Мөрдөн байцаалтад хэргийг буцаадаг байж болохгүй. Гэтэл энэ хуулийн төслөөр коммунист эрх зүйн системээ үргэлжлүүлэх зорилгоор шүүхээс мөрдөн байцаалтад буцаадаг байхаар оруулж ирснийг эсэргүүцэж байна. Мөрдөн байцаалтад хэргийг буцаадаг байх юм бол хүний эрх дордоно. Шүүх хэргийг мөрдөн байцаалтад буцааснаар ялыг илүү хүндрүүлэх боломж гарч ирнэ. Цагдан хорих байранд гүйцэтгэх ажиллагаа явуулахаар оруулж ирсэн. Социализмын үеэс цагдан хорих байранд гүйцэтгэх ажиллагаа явуулдаг байсан бурангуй явдлыг таслан зогсоох ёстой. Хэрэг үүсгэхээс өмнө гүйцэтгэх ажиллагаа явуулдгийг халах хэрэгтэй. Харамсалтай нь, эрх баригч нам прокурорын зөвшөөрлөөр гүйцэтгэх ажиллагаа явуулж болно гэж байна. Үүнийг дэмжих боломжгүй. Энэ гурван асуудлыг өөрчлөөгүй цагт уг төслийг хойшлуулах, нягтлах асуудлыг бүлэг тавих болно” гэлээ.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-ОУВС-гийн хөтөлбөрт манай улс хамрагдаж чадахгүй бол яах вэ?

Д.Эрдэнэбат -Бид өөрийнхөө эрхээр зовно. Олон жил хуримтлагдсан өрийн дарамт биднийг хэцүү байдалд оруулж байгаа нь үнэн. Түүнээс Монгол Улсад амьдрал зогсчихоод байгаа юм биш. Өрийн дарамтаа нимгэлэхийн тулд бид бүсээ чангалаад, төсвийн тодотголоо шударга хийх хэрэгтэй. Ингэхдээ иргэдийн халаастай холбоотой хэрэглээний татвараас татгалзаж, төсвийнхөө данхар зардлыг бууруулах чиглэл рүү идэвхтэй ажиллах ёстой. Уул уурхайн түүхий эдийн үнэ 2-3 дахин өссөн. Үүнийг зөв ашиглах хэрэгтэй. Монгол Улс эдийн засгийн гүнзгий хямралд орчихсон хэрэг биш, хүндрэлтэй байдалд л байна. Төр нь өөрөө шударга байж, бүсээ чангалж чадвал ард түмэн түүнийг нь хүлээн зөвшөөрөхөд бэлэн байгаа. Гадаадын улс орны хараат байдалд битгий ороосой гэж бодож байна. Олон улсын санхүүгийн зах зээлээс мөнгө босгох боломж бидэнд байгаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)