Дэрвэгэр жиргэрүү тарих зорилгоор малчдын бэлчээрийг булаажээ

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил Шаамар сумын нутагт 300 га газар эзэмших зөвшөөрлийг “Сэлэнгэ үндэс” компанийн захирал М.Жаргалсайханд 60 жилийн хугацаатайгаар өнгөрсөн хоёрдугаар сард олгожээ. Уг иргэн эзэмших эрх авахдаа “Дэрвэгэр жиргэрүү тарина, тэгэхдээ хөрс эргүүлэхгүй, эвдлэхгүй шигтгэх технологи ашиглах учраас малын бэлчээр доройтуулахгүй” гэжээ. Гэсэн ч тэрбээр гуравдагч этгээдэд буюу хятад иргэнд газрынхаа 75 хувийг шилжүүлсэн байна. Урд хөршийн иргэний эзэмшдэг компанийнхан газар сэндийчиж эхэлсэн нь малчдын бухимдлыг төрүүлжээ. 

Шаамар сумд малын бэлчээр бараг байхгүй учир дээрх 300 га газрын хөрсийг нөхөн сэргээж, бэлчээр болгох зорилгоор согоовор тарьсан байжээ. Тэнд Шаамарын 30 гаруй иргэн малаа бэлчээдэг аж. Хятадын хөрөнгө оруулалттай компанийнхан өнгөрсөн тавдугаар сарын 28-наас хойш 162 га газар хагалж, сэндийчжээ. Үүнийг малчид болон ИТХ-ын төлөөлөгч нар эсэргүүцэж, аймгийн Анхан шатны шүүхэд хандсан байна. Одоогоор газар сэндийчихийг хориглосон тогтоол гаргасан бөгөөд тус компанийн газар эзэмших эрхийг цуцлах, эсэх нь тодорхойгүй аж.

“Уг нь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар эл асуудлыг хэлэлцүүлж, эмийн ургамал тарих зөвшөөрлийг цуцалбал Засаг даргын гаргасан, Хятадын компанийнхны газар эзэмших эрх ч хүчингүй болох юм. Гэвч Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга төлөөлөгчдийг хуралдуулахыг хүсэхгүй байгаа” гэж баттай эх сурвалж мэдээлэв.

Дэрвэгэр жиргэрүүг БОАЖ-ын сайдын тушаалаар 2023 он хүртэл худалдах, худалдан авахыг хориглосон ч тарьж, ашиглахыг зөвшөөрдөг юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)