ДЭЛХИЙ түүнийг дуудаж байна

2011 он  - ДБЭТ-ын гоцлооч Э.Амартүвшин П.И. Чайковскийн нэрэмжит олон улсын XIV урал­ дааны II байр, үзэгчдийн нэрэмжит шагнал хүртлээ. 

  • Э.Амартүвшин гайхалтай сайхан дууллаа. Дуулах урлагийг сайн эзэмшчээ. Валерий Гергиев (ОХУ-ын “Мариинский” театрын маэстро)
  • НҮБ, ЮНЕСКО-гийн танхимд Монголын урлаг, соёлыг сурталчлан таниулах тоглолт болж, монголчууд хамгийн бахархалт, шил­дэг гэсэн бүхнээ үзүүлэв. Тэрхүү тоглолтын бүрэлдэхүүнд багтсан талын Монголын залуу дуучин Э.Амартүвшингийн дуулахыг сонссон олон орны тэргүүн, төлөөлөгчид “Монголд сонгодог урлаг өндөр хэмжээнд хүрснийг энэ залуу мэдрүүллээ” хэмээн ба­хархсан.

2012 он - Испанийн алдарт тенор, маэстро Пласидо Домингогийн нэрэмжит олон улсын залуу дуулаачдын “Operalia” 20 дахь удаагийн урал­ дааны тэргүүн байрт Монголын баритон, Гавьяат жүжигчин Э.Амартүвшин шалгарлаа. 

  • Э.Амартүвшин таны өмнө дэлхий нээлттэй байна. П.Доминго

2013 он - Каталоны их дуучин, тенор Франческ Виньясын нэрэмжит олон улсын 50 дугаар уралдааны II байр, орос дуу хамгийн сайн дуулсны төлөө тусгай шагналын эзнээр Э.Амартүвшин тодорлоо. 

2015 он - Их Британийн Уэльсийн тайзнаа “BBC Cardiff singer of the world” олон улсын уралдааны үзэгчдийн нэрэмжит шагналтныг зарлан “Монголын дуулаач Э.Амартүвшин” хэмээн тайзнаа урилаа. 

  • Монголын баритон Э.Амартүвшин дэлхийн төв байж чадлаа. Түүнийг шүүж, дэнслэх биш, түүнд эзэмдүүлчихээд байна. Тэр залуу Ренатогийн арийг дуулаад дуусахад хажууд нь очоод хөлийг нь үнсэхийг хүссэн. - “Кардиффийн хоолой” уралдааны шүүгчид

Бахдалтай, гайхалтай ийм олон амжилтаар монголчуудаа баярлуулж, эх орныхоо нэ­рийг сонгодог урлагаар дэлхийн тайзнаа улам таниулан, мэдрүүлсэн энэ залуу өнгөрсөн хугацаанд мэргэжилдээ хэр өсөн, дэвжсэнийг батлах бас нэгэн сайхан мэдээ хэдхэн хоногийн өмнө цахим сүлжээгээр цацагдсан. Дэлхийн дуурийн шилдэг дуулаачдын чадавхыг сорьдог хамгийн том дөрвөн уралдаанаар өөрийгөө бат­лан харуулсан тэрбээр энэ удаа “International оpera аwards 2018” буюу олон улсын дуурийн урлагийн шилдгүүдийг тодруулдаг шагналын залуу дуучин төрөлд нэр дэвшсэн байна. Энэ бол тус уралдааны хувьд монгол хүн өрсөлдөж буй анхны тохиолдол. Монголын хувьд ч дуурийн “Оскар”-ын тайзнаа монгол хөвгүүнээ харах анхны тохиолдол юм. Зарим хүн “Амар­түвшин маань дэлхийн шилдэг дуулаач болжээ” хэмээн ярьж байна. Монголчууд амны бэлгээс ашдын бэлэг гэдэг дээ. Ерөөлөөр болог.

Сүүлийн хэдэн жилийн турш олон улсын нэр хүндтэй тайзнаа уригдан, оргилсон амжилттай яваа Энхбатын Амартүвшин ажлын шугамаар эх орондоо долоо хоног саатаад, маргааш Италийг зорих юм. Нар, сартай уралдах шахуу завгүй яваа түүнээс хэдэн зүйл тодруулж, цөөхөн хором ярилцсанаа хүргэе.

-Сэтгэл гижигдсэн сайхан мэдээ дуулгасан танд баярлалаа. “International оpera аwards” шагналыг 18 төрлөөр шалгаруулдаг. Төрөл бүрт долоон хүний нэр дэвшүүлдэг. Энэ удаа аль улсаас, хэн, ямар хамт олон, оркестр нэр дэвшсэн талаарх тодорхой мэдээллийг зохион байгуулагчид нь албан ёсны цахим хуудсандаа байршуулжээ. Харин нэр дэвшигчдийг ямар байгууллагаас, хаанаас тодорхойлдог талаар мэдээлэл алга. Таныг аль улсын ямар театраас тодорхойлсон юм бэ. Та 2017 онд олон улсын тайзнаа хэд хэдэн том дуурьт дуулсан. Энэ бол асар их хөдөлмөр шүү дээ. Таныг “International оpera аwards”-д нэр дэвшүүлэх чухал үзүүлэлт энэ байсан болов уу? 

-Намайг ийм нэр хүндтэй шагналд хэн, хаа­наас дэвшүүлснийг хараахан мэдээгүй байна. Тухайн дуучин сүүлийн жилүүдэд хэр хурдацтай өсөж, мэргэшиж байна вэ, хаанахын тайзнаа ямар дүр бүтээв зэргийг үндэслэн шалгаруулдаг болов уу. Энэ утгаараа магадгүй намайг урьж, хамтран ажилласан театруудаас дэвшүүлсэн байх гэж таамаглаж байна. Хамтран ажиллаж байсан найз нөхдөөс эхлээд таньдаг, таньдаггүй олон хүн мессенжерээр холбогдож баяр хүргээд “Энэ бол жинхэнэ супер шагнал шүү. Дэлхийн дуурийн дуулаачдын оргил шагналд дэвших нь нэр хүндийн хэрэг” гэснээр л би өөрөө анх мэдсэн. 

-Нэг удаа тайзан дээр аль нэгэн дуурийн ари дуулах, бүхэл бүтэн дуурьт дүр бүтээж уран бүтээл хийх хоёрын хооронд асар их ялгаа бий. Энэ бол тухайн дуулаачийн чансааны илэрхийлэл. Одоо ямар агент, агентлагтай хамтран ажиллаж байна вэ. Өнгөрсөн жилийн хугацаанд дэлхийн хэдэн театрын тайзнаа дүр бүтээв?

-Би одоо олон улсын дээд зэрэглэлийн том театруудын шилдэг 30 гаруй уран бүтээлч харь­яалагддаг “Ариози менежемент” гэдэг агентын удирдлага дор ажиллаж байна. Алдарт П.До­минго зөвлөхөөр нь ажилладаг агент л даа. Өнгөрсөн хугацаанд ХБНГУ-ын Киль хотын театрт бүтэн жил ажилласны зэрэгцээ Италийн Неаполийн Сан-Карлогийн театрт “Риголетто” дуурьт дуульсан. Дараа нь ОХУ-ын Чайковскийн консерваторийн Их танхимд, мөн Израилийн Тель-Авив хотын дуурийн театрт Ж.Вердийн “Хувь заяаны хүч” дуурьт дууллаа. Цаашлаад Италийн Верона хотын “Арена” хэмээх задгай театрт хоёр удаа Риголеттогийн дүрд тоглосон. Жуулчдын заавал үзэх газруудын жагсаал­тад байнга байдаг тус театр 15 000 суудалтай. Үүний дараа дахиад Сан Карлогийн театрт Ж.Вердийн “Симон Бокканегра” дуурьт гурван удаа, Падуа хотын Вердийн театрт “Трубадур” дуурийн ди Лунагийн дүр бүтээсэн. Нутагтаа ирэхээсээ өмнө Женоа хотын “Карло Феличе” болон Парма театрт “Риголетто”-д тус бүр хоёр тоглоод ирсэн. 

-Монголчууд сонгодог урлагийн олон уралдааны талаар мэддэг ч ийм нэр хүндтэй шагнал байдгийг тэр бүр мэдэхгүй болов уу. Ийм том шагналын шанг монголчууддаа татаж өгсөн танд дахин талархаад, өнгөрсөн хэдэн жилийн турш дэлхийн хэмжээний олон гайхамшигтай театрын хамт олноос та ямар туршлага хуримтлуулсан бол?

-Уралдаан бол залуу дуучдыг таниулах, өөрийгөө нээх, өсөн дэвжих, гарц хайх боломж, нөхцөлийг хангах чухал суурь болдог. Харин мэргэжлийн түвшний дээд шагнал, түүний тө­лөө өрсөлдөнө гэдэг нь тухайн уран бүтээлчийн чансаа, ур чадварынх нь илэрхийлэл. Эдийн засгийн хувьд ч, уран бүтээлийн чанарын түв­шинд ч, зэрэг зиндаагаараа ч олон улсад хүлээн зөвшөөрөгдсөнийг нь батлах нэр төрийн хэрэг гэж бодож байна. Дэлхийн том театруудын уран бүтээлч мөн үү, тийм хэмжээнд байж ча­дах уу гэдгийг тодорхойлдог гэдгээрээ энэ шаг­нал уралдаанаас ялгаатай. Олон улсын театрын хамт олноос цаг, мөч бүрт суралцсаар явна.

-Та сая Б.Солонго багштай сургуулилалт хийсэн. Ер нь хоолойн дасгал, сургуулилалтаа өнжихгүй хийдэг үү. Маш шахуу хөтөлбөрөөр ажилладаг хүн жаахан ч гэсэн амарсан бол сайн сан. Та бол Монголыг төлөөлж байгаа хүн шүү дээ. 

-Маргааш Итали руу явна. Новарагийн театрт Ж.Вердийн “Набукко” дуурьт анх удаа дуулах юм л даа. Тэгээд л жаахан ч гэсэн цаг зав гаргаад бэлтгэл хийлээ. Дараа нь Хятадын Шанхайн театрт ирэх дөрөвдүгээр сард эл дуурьт дуулна. Тавдугаар сард Германы Киль, Испанийн Меноркад “Риголетто”, Сан-Карлод “Травиата”-д дуулна. Палермо, Торино гээд ер нь Италид энэ зуныг өнгөрөөх байх. Дараа нь АНЭУ-ын Дубай гэхчилэн 2020 он хүртэл “битүү” байгаа даа. 

-Таныг гадаадад гэрээгээр ажиллана гэхэд ДБЭТ-ын тухайн үеийн удирдлага “Манай байгууллагын зүгээс Э.Амартүвшинтэй хийсэн хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон учраас тэрбээр чөлөөт уран бүтээлч болсон” гэж мэдээлж байсан. Үүнийг зарим хүн “Тун боловсон хөөлөө” гэж шүүмжилсэн. Харин театрын шинэ удирдлага таны гэрээг сэргээсэн гэсэн сайхан мэдээ сонслоо. 

-Ц.Түвшинтөгс захирал “Өсөж бойжсон театрынхаа гоцлооч гэж явбал чамд ч, бидэнд ч сайхан. Хааяа нутагтаа ирээд боломж, завтай бол ганц гэлтгүй уран бүтээлд оролцоод явбал ямар вэ. Албан ёсоор гоцлол дуучин гэдэг орон тоон дээр гэрээ хийе” гэсэн санал тавьсан. Би дуртайяа зөвшөөрсөн. Тэгэхээр би эргээд ДБЭТ-таа гоцлол дуучнаар орлоо гэсэн үг. Их баяртай байна. 

-Та дэлхийн олон театрт ажиллахдаа Монголд тавигдаагүй олон дуурийн гол дүр бүтээсэн. Тэдгээрээс манай театрт тавиасай гэж хүссэн дуурь байна уу?

-Боломж байвал бүгдийг нь л манайхан тайзнаа тавьж, тоглоосой гэж хүсдэг.  

-Чинагийн Галсан гуай “Хүн өөрийгөө хааяахан магтаж, урамшуулах хэрэгтэй” гэсэн байдаг. Өнөөдөр дэлхийн хэмжээнд үнэлэгдсэн шилдэг дуучин болсон Амартүвшин дотор хүнээ урамшуулаад үг хэлээч гэвэл юу гэх бол?

Урлагийн хүн урмаар тэжээгддэг. “Надад боломж байна. Олон улсад өрсөлдөх хэм­жээнд очно” гэж л би “сарвайж” яваа. Мэр­гэжилдээ чинхүү дуртай, багаасаа мөрөөдсөн­дөө хүрэхээр зорьж байгаагийн минь үр шим гарч байна гэж бодож, үүнд аав, ээж минь гайхалтай авьяас өгсөнд талархаж байна. Бас багшдаа үргэлж талархдаг. Надад зааж, сургаж, зөвлөж байсан бүх хүнд баярлаж явдаг шүү. Мөн найз нөхдөдөө ч энэ үгийг хэлэх учиртай. Та бүхэндээ хайртай шүү. Та бүхний ерөөсөн бүхнийг биелүүлж, итгэлийг алдахгүй улам дэвжиж явахыг хичээнэ ээ.

“Дэлхийн тайз маш өрсөлдөөнтэй, тэсвэр тэвчээр, оюуны, сэтгэлийн бяд шаарддаг үнэ­ хээр амаргүй даваа гэдгийг би мэдэрч, мэдсэн. Тэр хэмжээгээр хичээж, улам туршлагажиж, илүү сайхныг дуулгах болно” хэмээсэн Э.Амар­түвшиндээ түмэн олны өмнөөс амжилт хүсээд, дэлхийн шилдэг нь болоорой гэж ерөөе. 

Дэлхий түүнийг дуудаж байна. Ирэх дө­рөвдүгээр сарын 9-нд Лондон хотод зохион байгуулах “International оpera аwards 2018” шагнал гардуулах ёслолоор “Дэлхийн шилдэг залуу дуучнаар Монголын баритон Энхбатын Амартүвшин тодорлоо” хэмээн зарлаасай гэж дээлийнх нь захыг мушгин, тэсэн ядан хүлээе.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)