Дэлхий дахинд коронавирусийн тахлын шинэ аюултай үе шат эхэлж байгааг ДЭМБ анхааруулав


Дэлхий даяар COVID-19 коронавирусийн тахлын шинэ аюултай үе шат  эхэлж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) Ерөнхий захирал Тедрос Адан Гебрейюс Женевт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр анхааруулжээ. “Дэлхий даяар нэг хоногийн дотор халдварын 183 мянга гаруй шинэ тохиолдол илэрсэн нь өмнө нь бүртгэгдэж байгаагүй өндөр үзүүлэлт боллоо” гэж тэрбээр өчигдөр Женев хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Мөн энэ тоо цаашид нэмэгдэж болзошгүйг тэрбээр онцлоод халдвар авсан байж болзошгүй сэжигтэй тохиолдлуудаас шинжилгээ авах, халдвар авсан хийгээд тэдэнтэй ойр байсан хүмүүсийг тусгаарлах зэрэг арга хэмжээнүүдийг дахин эрчимжүүлэхийг улс орнуудад уриалав. Мөн тус хурлын үеэр ДЭМБ-ын Эрүүл мэндийн онцгой байдлын асуудал хариуцсан дарга, доктор Майкл Райан Америк, Өмнөд Ази болон хүн ам ихтэй орнуудад халдварын тархалт нэмэгдэж байгаад санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна. Түүний хэлснээр, олон оронд халдварын оргил үе нэгэн зэрэг эхэлж байгаа эсвэл эхлэх төлөвтэй байгаа ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)