Дэлхийн эрчим хүчний ирээдүй Африкт байна уу

Дэлхийн эрчим хүчний ирээдүйг тодорхойлж болох, Мароккогийн нарны томоохон цахилгаан станцад ВВС-гийн сэтгүүлчид очжээ. Өргөн талыг хөндлөн гаталсан, саяхан тавьсан засмал замаар бага оврын автобус давхина. Хаашаа ч харсан ган гачиг болсноос хатаж ангасан талбайгаар явсаар тус улсын өмнөдөд орших цөлд хүрэв.

Дашрамд хэлэхэд, ургамал, ногоогүй болсон урьдынх шиг хоосон дүр зураг харагдсангүй. Энэ онд дэлхийд хамгийн томд тооцогдох нарны цахилгаан станцыг энд байгуулжээ. Автобусны чинээ, хотгор хэдэн зуун толийг хөл бөмбөгийн 200 орчим талбайтай тэнцэхээр буюу 1.4 сая ам метр талбайд эгнүүлсэн байв.

Атласын нурууны хормойд наранд түлэгдсэн газар дахь аварга том цахилгаан станц Уарзазат хотоос 10 км зайтай оршдог. Тус хотыг цөл рүү нэвтрэх хаалга гэдэг аж. Энд жилийн 330 орчим өдөр нарлаг байдаг. Улсынхаа цахилгааны хэрэгцээг хангахаас гадна нарны эрчим хүчээ Европт нийлүүлэхээр төлөвлөж байна.

Шинэ цахилгаан станц зөвхөн Африкийн төдийгүй даян дэлхийн эрчим хүчний ирээдүйг тодорхойлж магадгүй. Сэтгүүлчид бүрхэг өдөр очиж таарав. “Өнөөдөр цахилгаан үйлдвэрлэхгүй” гэж эрчим хүчний тэргүүлэх төслийг хариуцдаг, Мароккогийн нарны эрчим хүчний MASEN агентлагийн төлөөлөгч Рашид Байед ярьжээ.

Энд тэмдэглэхэд, нэг удаагийн зогсолт том асуудал үүсгэхгүй. Олон жилийн дараа нарны эрчим хүч халуун орнуудын оршин тогтнох эдийн засгийн суурийг бий болгох юм. Тэд экологийн хувьд цэвэр, эрчим хүчний хамгийн хүртээмжтэй эх үүсгэврийг бүрэн хүчин чадлаар нь ашиглаж эхэлж буй.

Мароккогийн нарны эрчим хүчний станц нь Африкт хэдхэн байдаг тийм байгууламжийн нэг юм. Тийм объектуудыг Ойрхи Дорнодод Иордан, Арабын Нэгдсэн Эмират Улс, Саудын Арабт босгож байгаа аж. Нарны эрчим хүч үйлдвэрлэх зардлыг бууруулах нь дэлхийн нефть олборлогч томоохон орнуудад ч сэргээгдэх эрчим хүчийг нефтьтэй өрсөлдөхүйц болгох юм.

“Нур-1” гэдэг нэрээр алдаршсан Мароккогийн станцад үйлдвэрлэж буй эрчим хүчний хэмжээ төлөвлөснөөс аль хэдийнэ давжээ. Энэ үр дүн нь Африкийн тус орны өмнөө тавьсан зорилтод нийцэж буй. Тэд нүүрс-устөрөгчийн түлш ашиглахыг багасгаж, оронд нь эрчим хүчний сэргээгдэх эх үүсвэр ашиглах, тэгэхдээ жилд долоо орчим хувийн хурдтай нэмэгдэж буй үндэсний эдийн засгийнхаа эрчим хүчний хэрэгцээг хангах зорилт тавьжээ.

Улс төрийн тогтвортой систем, өсөн нэмэгдэж буй эдийн засаг нь Мароккогийн Засгийн газарт нарны эрчим хүчний станцыг хөгжүүлэх санхүүжилт авахад тус болж байна. Тодруулбал, Уарзазатын төслийг хэрэгжүүлэх зардлын 60 хувийг Европын холбоо гаргажээ. 2020 он гэхэд Марокко нарны эрчим хүчээр цахилгааны хэрэгцээнийхээ 14 хувийг хангахаар, 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүч (ус, салхи ч орно)-нээс гарган авч буй цахилгааныхаа хувь хэмжээг 52 хувьд хүргэхээр төлөвлөсөн байна.

Сэргээгдэх эрчим хүч ашиглах талаараа Марокко Их Британи зэрэг улсыг баримжаалж байна. Тус улс энэ 10 жилийн сүүлчээр хэрэглэж буй эрчим хүчнийхээ 30 хувийг дээрх эрх үүсвэрээс гаргаж авахаар төлөвлөжээ. Ерөнхийлөгч асан Барак Обамагийн үед АНУ 2030 он гэхэд уг үзүүлэлтийг 20 хувьд хүргэх зорилт тавьсан билээ.

Тус улсын шинэ Ерөнхийлөгч энэ төслийг цуцлахаа амласан ч түүний үйлдэл ноцтой уршиг дагуулахгүй болов уу. Учир нь иймэрхүү шийдвэрийг зарим нэг муж улсын түвшинд авч үзэж буй болохоос томоохон компаниуд эрчим хүчний экологийн хувьд цэвэр, хямд эх үүсгэвэрт аль хэдийнэ шилжиж эхэлжээ.

Сэтгүүлчдийг очсон өдөр бүрхэг байсан тул хэдэн зуун толь ямар ч хөдөлгөөнгүй, хөшөө шиг эгнэсэн байв. Станцын ажилтнууд дараа өдөр үйлдвэрлэх эрчим хүчний хэмжээгээ урьдчилан тогтоохын тулд цаг агаарын урьдчилсан мэдээ байнга авдаг. Хэрэв үүлтэй хэвээр байвал цахилгааны бусад эх үүсгэвэрт хэрэглэгчдийг холбодог.

Нарлаг өдрүүдэд нарны зай хураагуур шуугьж, толинууд нь нар даган эргэнэ. Толь хуримтлуулсан нарны эрчим хүчээ сүлжээ рүү дамжуулж, тэндээс синтетик тос урсдаг. Цельсийн 350 хэмд хүртэл халсан тосыг өндөр даралтын усны уур үйлдвэрлэхэд ашиглаж байна. Цахилгаан станцын усан хангамжийн систем тойргийнхоо 33 сууринг усаар хангадаг. Тус станц нар жаргасны дараа хэрэглээ нь эрс нэмэгддэг эрчим хүчийг ч үйлдвэрлэсээр байна.

Өдөр үйлдвэрлэсэн эрчим хүчнийхээ нэг хэсгийг натри болон калийн нитритүүдээс бүрдсэн, маш өндөр температурт уусгасан давсны нөөцлүүрүүддээ хадгалдаг. Ингэснээр нар жаргаснаас хойш гурван цаг ажиллах боломж олгодог байна. Хоёр дахь станцыг ажиллуулснаар нар жаргаснаас хойш найман цаг эрчим хүч үйлдвэрлэх боломжтой болох юм.

Тус улсын эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдэхийн сацуу Уарзазатын төсөл бүс нутгийнхаа эдийн засагт хувь нэмрээ оруулсаар буй. Эхний хоёр жилийн хугацаанд барилгын ажилд мароккочууд голдуу 2000 орчим хүн оролцсон байна.

Нарны станц хүргэх зам хөрш тосгодыг холбодог. Үүний ачаар хүүхдүүд сургууль руугаа унаагаар явах боломжтой болжээ. Мөн цахилгаан станцын усан хангамжийн систем тойргийнхоо 33 сууринг усаар хангаж байна. MASEN агентлаг нутгийн аж ахуй эрхлэгчдэд ч тусалж, тэдэнд үүнийг эрхлэх арга заадаг аж.

Уарзазатаас хойш 48 км зайтай орших берберүүдийн Ассегма тосгонд очихын тулд тэдний байдаг ууланд очсон юм. Тосгоны фермерийн жижиг аж ахуй саяхнаас хурга өсгөж, үржүүлэх шинэ арга хэрэгжүүлж эхэлжээ. Нутгийн фермерүүдийн олонх нь аж ахуй эрхлэхдээ уламжлалт аргаар, цэвэр зөн билгээрээ ажилладаг байсан бол одоо илүү нарийн аргад суралцаж, үр өгөөжийг нь сайжруулахын тулд малаа тусад нь хашиж байна.

MASEN 25 фермерт хонины аж ахуй байгуулж өгчээ. “Одоо бид хоолгүй хонох эрсдэлгүй болсон” гэж нутгийн фермер Шауйя ярьжээ. Түүний цэцэрлэг дэх бүйлсийн мод сайхан ургаж байна.

Үүний хажуугаар дургүйцлээ илэрхийлэх иргэд ч байв. Уарзазатаас урагш 120 км зайтай орших, ажилгүй хүний тоо маш өндөр Загор хотын оршин суугч Абделлатиф төслийнхнийг амласан ёсоор байнгын ажлын байрны тоог нэмэгдүүлэхэд анхаарахыг хүсчээ. Түүний хэдэн найз цахилгаан станцад ажилд орсон нь түр гэрээ байгуулсан учир ердөө хэдхэн сар л ажилтай байх аж.

Нарны цахилгаан станц бүрэн хүчин чадлаараа ажилладаг болбол ажиллагсдын тоо 50-100 хүнээр нэмэгдэж, өнөөгийнх шиг идэвхтэй ажил хайлтын үе дуусах гэнэ. “Станцад ашиглаж буй эд ангиудыг хилийн чанадад үйлдвэрлэдэг. Мароккод үйлдвэрлэдэг болбол нутгийн оршин суугчид байнгын ажилтай болно” хэмээн Абдуллатиф үзэж байна.

Өөр бас нэг том асуудал нь нарны цахилгааны станцын цэвэрлэгээ, хөргүүрийн системд шаардагддаг их хэмжээний усыг холгүй орших “Мансур эд-Дахби” усан сангаас авч буйд оршиж байна. Энэ бүс нутгийн усны хомсдол сүүлийн жилүүдэд эдийн засгийн дэглэм тогтоох хүртэл ноцтой асуудал үүсгэжээ.

Тус улсын өмнө зүгт Драа голын хөндийд орших хөдөө аж ахуйн эдэлбэр газар усан сангаас хараат байна. Объект усан сангийн усны ердөө 0.5 хувийг л хэрэглэдэг хэмээн цахилгаан станцын дарга Мустафа Селлам мэдэгджээ. Гэсэн ч станц руу нийлүүлж буй усны хэмжээ тус бүс нутгийн фермерийн аж ахуйнуудад сөргөөр нөлөөлөхөөр байгаа юм.

Ийм шалтгаанаар станцын удирдлага усны хэрэглээг бууруулах арга хэмжээ авч байна. Тухайлбал, толио цэвэрлэхдээ шахсан агаар хэрэглэж буй гэнэ. Үүний сацуу одоо “Нур-1” цахилгаан үүсгэгчээс ялгарах уурыг хөргөхөд ус ашиглаж байна. Уурыг эргээгээд ус болгож, цахилгаан үйлдвэрлэхэд дахин ашиглаж буй. Ирээдүйд тус станцад хуурайгаар хөргөх систем суурилуулах гэнэ.

Одоо ээлжит хоёр станцын барилгын ажил өрнөж байна. “Нур-2” нь загварын хувьд эхнийхтэйгээ адилхан бол “Нур-3” туршилтын шинэ загвар аж. Тодруулбал, эгнүүлэн өрсөн толины оронд нэг том цамхаг нарны эрчим хүчийг хуримтлуулах нь илүү өгөөжтэй шийдэлд тооцогдож буй юм байна.

Уг цамхагт суурилуулсан 7000 хавтгай толь нараа дагаж эргэх ба оройн хэсэгт нь байрлуулсан хүлээн авагч руу эрчим хүчээ дамжуулах гэнэ. Цамхаг хэлбэр нь талбайг бодитойгоор хэмнэх аж. Эрчим хүч цамхаг дотор байрлуулсан давстай нөөцлүүрт хадгалагдана. Ингэхэд халуун тос шаардагдахгүй юм байна.

Үүнтэй төстэй аргыг ӨАБНУ, Испани, АНУ-ын зарим бүс нутагт, тодруулбал, Калифорнийн Мохава гэдэг цөл болон Невадад хэдийнэ ашиглаж буй. Гэхдээ саяхан Уарзазатад босгосон 26 метр өндөр, нарны зай хураадаг цамхаг дэлхийд хамгийн өндөрт тооцогдох болжээ.

Одоо Мароккод нарны цахилгаан эрчим хүчний хэд хэдэн станц барихаар төлөвлөж байна. Тус улсын болон Өмнөд Африкийн дээрх төслүүд амжилттай болбол тус тивийн бусад улс нарны эрчим хүчийг ашигладаг болоход түлхэц өгөх юм. Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс нарны эрчим хүч үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч аравт багтдаг бол Руанда улсад тивдээ анхныхад тооцогдох нарны станц бий. Түүнийг 2014 онд байгуулжээ. Гана болон Угандад томоохон станцууд байгуулахаар төлөвлөсөн аж.

Нарны эрчим хүчний хүртээмж нь Африкийг дэлхийн бусад тивд цахилгаан нийлүүлэгч болгож магадгүй. М.Селлам Уарзазатын станцдаа их найдлага тавьж байна. “Улс орноо эрчим хүчний хувьд бие даалгах нь бидний гол зорилго. Хэрэв хэрэгцээнээсээ илүү гаргавал бусад улсад нийлүүлж болох юм” гэж тэрбээр ярьжээ.

Мароккод үйлдвэрлэсэн цахилгаанаар Германы нийслэлд автомашинаа цэнэглэж байна гээд төсөөлөөд үзээрэй. Уарзазатын үүл удахгүй сарнина. Африкийн эрчим хүчний салбарыг нарлаг өдрүүд угтаж буй бололтой.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)