Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт Давост эхэллээ

 Дэлхийн эдийн засгийн 41 дэх чуулга уулзалт Швейцарийн Давос хотод эхэллээ. Энэ сарын 26-30-нд болох уг арга хэмжээнд дэлхийн хамгийн нөлөө бүхий 2500 гаруй зочин, төлөөлөгч оролцож байна. “Энэ уулзалтаар бид эдийн засгийн хямралын дараах бодит байдлыг хэлэлцэж, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлно” хэмээн “Дэлхийн эдийн засгийн форум”-ыг үндэслэгч Клаус Шваб нээлтийн ёслолын үеэр мэдэгдсэн байна.

Энэ удаагийн уулзалтаараа улс төр, эдийн засаг, бизнесийн салбарын томоохон төлөөлөгчид БНСУ болон БНАСАУ-ын зөрчил, Тунисийн төрийн эргэлт, Грек, Испани, Португалийн өрийн асуудлыг хөндөж ярилцах юм. “Дэлхийн эдийн засгийн форум”-ын гишүүн 1000 гаруй компани, 30 гаруй орны Төрийн тэргүүн, олон улсын байгууллагуудын төлөөлөгчид, урлаг соёлын зүтгэлтнүүд нэг дор цугласан эл арга хэмжээний үеэр семинар, мэтгэлцээн, зангиагүй уулзалт, дугуй ширээний ярилцлага зохион байгуулдгаараа онцлог.

Мөн эл арга хэмжээний үеэр Латин Америк, Ойрхи Дорнод, Африкийн улсуудын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, хөгжиж буй орнуудад тулгарч буй инфляц, ажилгүйдлийн хүрээг хумих арга замыг хэлэлцэж байна. Эдийн засгийн хямралын дараа өндөр хөгжилтэй орнуудад ч зах зээл тогтворгүйжиж, бараа бүтээгдэхүүний үнэ өссөөр байгаа нь улс төрийн хямралыг бий болгож байгааг ажиглагчид онцолж буй. Энэ мэт бэрхшээлийг арилгахад эдийн засгийн, улс төрийн, оюун санааны нэгдсэн хэм хэмжээ, зорилт чухал гэдгийг энэ удаагийн чуулга уулзалтаар онцолж байна.

Х.ОДНОО


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)