Дэлхийн эдийн засгийн төвлөрөл хуучнаас шинэ рүү шилжиж байна

Дэлхийн эдийн засгийн хүч, төвлөрөл өндөр хөгжилтэй орнуудаас хөгжиж буй руу нь буюу шинэ эдийн засаг руу шилжиж байна. Энэ үед тухайн шинэ зах зээл, түүний удирдагчид, оролцогчид, компаниуд илүү мэдрэмжтэй, хурдтай ажиллаж буйг дурдах ёстой. Аль ч улс орны эдийн засагт тулгамдаж буй сорилтууд хэвээр боловч бага хохиролтой, эсвэл хохиролгүй даван туулах шийдлүүдийг эрэлхийлэх хандлага ч тэлсээр. 

Мөн хамтын эдийн засагт суурилан, инновацыг дэмжсэн бодлого хэрэгжүүлэх нь шинэ эдийн засгийн удирдлагын гол “бай” болохыг өнгөрсөн даваа гарагт болсон Шинэ эдийн засгийн форум зохион байгуулагчид онцолсон. Тус форумыг “Bloomberg tv Mongolia”, Монголын бизнесийн зөвлөл, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монгол дахь АНУ-ын худалдааны танхим, (AmCham) болон Герман, Монголын бизнес эрхлэгчдийн холбоо, Франц, Монголын худалдааны танхим хамтран зохион байгуулсан юм.

Энэ үеэр “Дараагийн хямралд Монгол Улс бэлэн үү”, “Аж үйлдвэрийн эрин Монголд эхлэх үү”, “Хувийн хэвшлийн оролцоо жижгээс том руу”, “Монголчууд хөгжилд бэлэн үү” зэрэг хэлэлцүүлэг зохион байгуулж, мэргэжилтнүүд санал солилцов.

“Дараагийн хямралд Монгол Улс бэлэн үү” хэлэлцүүлэгт Сангийн дэд сайд Х.Булгантуяа, МУИС-ийн багш Ч.Хашчулуун, эдийн засагч С.Дэмбэрэл, М.Болд нар оролцов. Тэд манай эдийн засагт түүхий эдийн үнийн уналт болон гадаад хүчин зүйлээс шалтгаалж эрсдэл хэзээд үүсэж болзошгүйг тэмдэглэв. Улс орны эдийн засагт, ялангуяа улс төрчид төлөвлөгөөгүй, мэргэжлийн бус байдлаар хандах, нийтийн сонирхлыг татах зорилгоор хуумгай амлалт өгөх зэрэг нь хямралын шалтгааны нэг гэсэн юм. Тухайлбал, зээлийн хүү, валютын ханшийг журамлан тогтоох, алтны нөөцөө нэмэхийг үүрэгдэх зэрэг нь боломжгүй аж. 

Мөн манай улс дэд бүтцийн салбартаа дорвитой бүтээн байгуулалт хийхгүй байх, Тавантолгойн цахилгаан станцыг барих ажлыг хойшлуулах зэрэг нь “Эрдэнэс Тавантолгой” компани IPO гаргах, тооцоолсон хөрөнгө оруулалтаа татахад нь эрсдэл дагуулж болзошгүйг дурдсан юм. Харин газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил эрчимтэй урагшилж, өнгөрсөн жил болон энэ он гарсаар гадаадын хөрөнгө оруулалтын урсгал саарахгүй байгаа зэрэг нь эдийн засагт эерэг нөлөө үзүүлж, оны эцсээр ДНБ-ий өсөлтийг 10 хувьд ч хүргэх боломжтойг Ч.Хашчулуун хэллээ. Сангийн дэд сайд Х.Булгантуяа “Бид уул уурхайн бүтээгдэхүүнийхээ дийлэнхийг Гашуунсухайтын боомтоор экспортолдог. 

Дараагийн том боомт бол Замын-Үүдийнх юм. Эдгээрт БНХАУ-ын буцалтгүй тусламжаар, 350 сая юань зарцуулан дэд бүтцийг нь сайжруулах хэлэлцээрт хүрч, зураг төсөл боловсруулсан. Энэ жилдээ багтаан барилгын ажил эхлүүлнэ. Мөн Гаалийн ерөнхий газрын техник, тоног төхөөрөмжийг шинэчлэхэд төсвөөс 60 гаруй тэрбум төгрөг зарцуулна. Ингэснээр гаалийн бүрдүүлэлт шуурхай болж, цахимжин, шаардлагатай хяналтыг сайжруулж, гаалийн лабораторийн хүчин чадлыг өсгөн, хилийн боомтуудын нэвтрэх чадварыг нэмнэ. Эдгээрийг 2021 онд дуусгахаар төлөвлөсөн. Үр дүн нь тээврийн зардлыг бууруулан, эдийн засгийг тэлнэ” гэсэн юм. Мөн өрийн таазыг нэмэхгүй байх, мөнгөн тэмдэгтийнхээ үнэ цэнийг хамгаалах, инфляцын өсөлтийг хязгаарлахад анхаарлаа хандуулах ёстойг тэмдэглэв.

“Аж үйлдвэрийн эрин Монголд эхлэх үү” хэлэлцүүлэгт оролцогсод одоогоор манайд дэлхийд өрсөлдөхүйц, өндөр бүтээмжтэй аж үйлдвэрүүд хараахан байхгүй, уул уурхайн бүтээгдэхүүний экспортод тулгуурлан эдийн засгаа өндийлгөсний дараа аж үйлдвэртээ хүч хаях хэрэгтэй гэдэгтэй санал нэг байв. Ер нь бүх салбараа хөгжүүлэх, эдийн засгаа солонгоруулахад хөрөнгө оруулалт шаардлагатай гэдэгтэй маргах нэгэн үгүй. Гадаадын хөрөнгө оруулагчдыг татахад бид бэлэн үү, эрх зүй болон татварын орчноо сайжруулж чадсан, эсэхийг тунгаан, хөрөнгө оруулалтын таатай нөхцөл бүрдүүлэхэд анхаарах нь аж үйлдвэрээ хөгжүүлэх хөрс болохыг мэргэжилтнүүд ахин дахин дурдлаа. 

Монголын уул уурхайн үндэсний ассоциацын ТУЗ-ийн дарга А.Билгүүн “2018 онд дэлхий даяар уул уурхайн бизнес дунджаар 23, манайд үйл ажиллагаа явуулж буй компаниуд 40 орчим хувийн алдагдал хүлээжээ. Энэ нь олон шалтгаантай ч бодлого тодорхойлогчдын зүгээс тууштай бус, явцгүй шийдвэр гаргадагтай холбоотой. Манайх ирэх 10-20 жилд ч уул уурхайд түшиглэн амьдрах нь тодорхой тул энэ салбарт мэдлэгтэй, алсыг харсан, хэн хэндээ өгөөжтэй шийдвэр хэрэгтэй” хэмээн тэмдэглэв. Үүнээс гадна хөдөлмөрийн насныхан гадаадад ажиллахаар гарч, мэргэжилтэй ажилчдын тоо огцом буурсаар байгаа нь аж үйлдвэрийн хөгжлийг чангаах нөхцөл болохыг онцолсон юм.

Дэлхий нийтэд нэвтэрсээр буй технологийн дэвшилтэй бид хөл нийлүүлснээр хүн ам цөөнтэй ч бүтээмжээ нэмж болох талаар “Монголчууд хөгжилд бэлэн үү” сэдвийн хүрээнд ярилцлаа. Хүнээ чадавхжуулж, боловсруулж чадвал богино хугацаанд хөгжингүй орны тоонд багтах төдийгүй заавал уул уурхайтай “зууралдалгүй” амжилтад хүрэх санааг дэвшүүлэх нэгэн ч байв. Энэ нь дэлхий нийтээр орон зай, цаг хугацаанаас үл хамааран технологийн дэвшлийн тусламжтайгаар нэгдэн, нээлттэй, нэг зах зээл болж буйтай холбоотой гэнэ. 

Тодруулбал, манай аль ч аймаг, сумд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг богино хугацаанд дэлхийн хаана ч сурталчилж, борлуулах боломжтойг дурдав. Гэхдээ эл боломж дэлхийн бүх улсад нээлттэй, хэн ч ашиглах боломжтой нь бид илүү хурдан сэтгэж, шуурхай ажиллах ёстойг илэрхийлж буй. Товчхондоо, аль ч салбараа хөгжүүлж, эдийн засгаа өсгөхийн тулд боломжуудыг ярих бус, хурдаа нэмэх нь хүч хуримтлуулах хамгийн зөв шийдэл болохыг ойлгох хэрэгтэй аж.

Шинэ эдийн засгийн форумын үйл ажиллагааг өндөрлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Уул уурхай бол манай эдийн засгийн тулгуур салбар. Тиймээс хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлж, хөрөнгө оруулагчдад нааштай хандах бодлогыг орхигдуулж болохгүй. Мөн хөдөө аж ахуйн салбарт дорвитой шинэчлэл хийн, дэвшилд хүрэх шаардлагатай. Үүний тулд энэ онд тус салбарт 500 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төсөвлөсөн, ажлаа ч эхлүүллээ. 

Олон улсын шаардлагад нийцсэн, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадвал урд хөршөөс авхуулан зах зээл хангалттай бий. Түүнчлэн дагуул хот бүтээн байгуулахад анхаарал хандуулж байна. Хот байгуулснаар төвлөрөл саарч, эдийн засаг тэлнэ. Цаашид эдийн засгийн орчин дахь төрийн оролцоог аль болох хумин, мэргэжлийн холбоодод асуудлыг нь даатгана, энэ талаар МҮХАҮТ-ынханд үүрэг өгсөн” гэсэн юм.

Эл форумын хүрээнд зохион байгуулсан нэг арга хэмжээ бол “Bloomberg tv Mongolia awards”. 2013 оноос уламжлал болгон зохион байгуулж буй уг шалгаруулалтаар 10 төрөлд шилдгүүдийг тодрууллаа.

Үзэгчдийн нэрэмжит шагнал хүртсэн “Энержи ресурс” компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл “Дэлхий нийтэд болон манай улсад бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд нийгмийн сайн сайхан, эрүүл мэнд, соёлын салбарт чамгүй хөрөнгө зарцуулдаг уламжлал бий. Энэ бол тун сайн жишиг. Манай компани нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажил хийсэн. Хамгийн сүүлд “Ид шидийн орон-II” төслийг дэмжин 750 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулсан.

Энэ нь хувийн хэвшлийнхний нийгэмд оруулсан дорвитой хувь нэмрийн нэг болов уу. Мөн говийн аймгуудын эмнэлгийн нярайн тасгуудыг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангасан. Монголын Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран зүрхний согогтой хүүхдүүдийн мэс засалд шаардлагатай 950 сая төгрөгийг гарган, эмчлүүлжээ. Одоогоор 300 гаруй хүүхэд эрүүл энх болсон” хэмээн ярилаа.

Эдийн засагч, судлаач, салбар бүрийн төлөөлөл, олон нийтийн саналд тулгуурлан цөөнгүй шалгуурт үндэслэн олгосон дээрх шагналын эзэд, хамт олных нь санаачилга, туршлага, амжилт, бүтээн байгуулалт бизнесийн орчинд төдийгүй нийгэмд эерэг нөлөөтэйг зохион байгуулагчид онцолж байлаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)