Дэлхийн шилдгүүд Монголд өрсөлдөв

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн гран при тэмцээн Сүхбаатарын талбайд өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Монголд анх удаа болсноороо онцлог тус тэмцээнд дэлхийн аварга Д.Булутар ахлагчтай, Сербийн “Novi sad al wahda”, Европын аварга, Словенийн “Ljubljana” тэргүүтэй 16 (Монголын дөрөв) баг өрсөлдөв.

Шигшээд шалгарсан хоёр багт долдугаар сард болох Их дуулгад оролцох эрх олгосон тус тэмцээнийг 144 оронд шууд дамжуулсан нь хэр нэр хүндтэй, чансаатай болохыг нь илтгэнэ. Манай багийнхнаас тэмцээний салхийг Б.Билгүүн, Т.Санчир, Ц.Азбаяр нарыг бүрэлдэхүүндээ багтаасан “South gobi”-ийнхон хагалсан ч дэлхийн чансааг тэргүүлэгч “Novi sad al wahda”-гийнханд 22:8-аар хожигдов.

Харин “Сүхбаатар”-чууд БНАСАУ-ын “Pyongang”-ыг 17:15-аар хожин, монгол түмнээ баярлуулав. Гэхдээ Монголын дөрвөн багаас аль нь ч медалийн төлөө тоглож чадсангүй. “Сүхбаатар” багийн тамирчид шөвгийн наймд шалгарсан нь хамгийн өндөр амжилт байлаа.

Тэд хасагдах шатанд Словенийн “Ljubljana”-д дийлдэн, үзэгчдийн суудалд шилжсэн юм. Тэмцээний аваргын төлөөх тоглолтод Сербийн багууд болох “Novi sad al wahda”, “Liman” өрсөлдөв. Эцсийн мөч хүртэл эн тэнцүү өрнөсөн эл тоглолтод “Liman”-чууд 18:16-оор хожин, түрүүллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)