Дэлхийн шилдгүүдийн магнайд манай О.Ганцоож

Манай улсын дуурийн урлагийн алдартнуудын гэрэл зургийг дэлхийн оддын дунд ийнхүү шигтгэн, сэтгэл татам тоглолтын тухай мэдээлсэн байдагт дасжээ. Өнөө цагийн дэлхийн балетын оддын хүрээлэлд манай улсын балетчин, БНСУ-ын “Юниверсал балет” компанид урилгаар ажиллаж буй О.Ганцоожийг багтаасан танилцуулах хуудас энэ урлагт дуртай үзэгчдийн бахархлыг төрүүлэв. Түүнтэй цахимаар холбогдож мэдээллийг тодрууллаа.

-“Зуны шөнийн зүүд” хэмээн нэрийдсэн, дэлхийн балетын оддын гала тоглолт хаана, хэзээ болох юм бэ?

-Ирэх наймдугаар сард Сөүл хотод болох товтой. Одоогоор тоглолтыг цуцлаагүй байна. Тухайн үед юу болохыг хэлэх аргагүй. Гала тоглолтод оролцох уран бүтээлчдийн олонх нь Европоос, ОХУ-ас ирэх болохоор хөл хорионы дэглэм зэргээс хамаараад товлосон сар, өдрийг өөрчилж ч магадгүй гэж бодож байна.

-Зохион байгуулагч “Scmkorea” байгууллага танилцуулгаа өчигдрөөс цацжээ. Та энэ тоглолтод ямар бүтээлээр оролцох вэ?

-Солонгост шинээр гарч ирж байгаа, залуу одтой “Хунт нуур” балетын хэсгээс бүжиглэх юм.

Эхний эгнээний зүүн гар талынх нь О.Ганцоож

-Америкт амьдардаг, Монголын балетын томчуудын нэг У.Бат-Эрдэнэ энэхүү нэгдсэн тоглолтод оролцогчдын нэрсийг хараад “Дэлхийн оддын чуулган болох нь. Тэдэн дунд байгаа манай Ганцоож бас од. Бид ийм уран бүтээлчдээрээ бахархах ёстой юм” гэсэн байна билээ. Танд баяр хүргэж, амжилт хүсье.

-Баярлалаа. Заримыг нь мэднэ. Өмнө нь нэрийг нь сонсож байгаагүй балетчид ч байна лээ. Тоглолтод хамт орохоороо танилцах нь дээ гэж бодож байна. Вирусын тархалт намжиж, олон хүний хөдөлмөр шингэсэн энэ тоглолт товлосон өдрөө болоосой.

-Тийм ээ. Ерөөлөөр болог.

-Олон улсын балетын оддын хамтарсан “Зуны шөнийн зүүд” тоглолтод уригдсан уран бүтээлчдийн заримыг нэр дурдан танилцуулъя. Оросын балетчин Наталья Осипова Их театрын уугуул уран бүтээлч юм билээ. Одоо Лондон дахь Хатан хааны театрын гоцлооч. Евгения Образцова болохоор 2012 он хүртэл Мариинский театрын гоцлооч байсан, өнөө Их театрын тэргүүн балетчин, ОХУ-ын гавьяат жүжигчин. Мария Хорева 19 настай, Мариинскийн гоцлооч. Нэгэн урлаг судлаач түүний ур чадварыг сансрын хурдаар өсөж байгаа хэмээн бичжээ. Орос, Америкийн балетчин, тэргүүн гоцлооч Даниил Симкин, Их театрын гоцлооч, ОХУ-ын Ерөнхийлөгчийн 2018 оны шагналт уран бүтээлч Денис Родькин гээд дурдаж болно.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)